Энэ 7 хоногт
Байгалийн баялгийн хараал
Нигери улс 1960 онд Их Британийн колоничлолоос ангижирч
Нигери улс 1960 онд Их Британийн колоничлолоос ангижирч, үндсэн хуулиа батлан тусгаар тогтносон улс болжээ. Газрын тосны ихээхэн нөөцтэй энэ орон тусгаар тогтносноосоо хойш байгалийн баялгаа олборлож, их хэмжээний орлого олсон боловч хүн ардынх нь амьжиргааны түвшин дээшилсэнгүй. Нигерийн нэг иргэнд ноогдох орлого (PPP аргаар тооцсон) 1970 онд 1,113 ам.доллар байсан бол 2000 онд 1,084 ам.доллар болж буурсан нь дэлхийн хамгийн ядуу 15 орны нэг болоход хүргэжээ. Ядуурлын түвшин энэ хооронд 36 хувиас 70 хувь болж өссөн бөгөөд 150 сая хүний 90 сая нь ядуу амьдарч байгаа юм. Гэтэл 1965-аас 2000 оны хооронд Нигери улс газрын тосны олборлолтоос 350 тэрбум ам. долларын орлого олжээ. Энэ их мөнгө Нигеричүүдийн амьжиргаанд нэмэр болоогүй нь хачирхалтай хэрэг.
Байгалийн баялаг багатай орон хөгжихөд хүндрэлтэй гэж зарим хүмүүс үздэг. Гэтэл бодит байдал ихээхэн өөр байдаг. Сүүлийн дөчин жилийн түүхийг аваад үзэхэд л байгалийн баялаг ихтэй орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй байсан нь харагдана. Жишээ нь АНУ, Швейцарь, Англи, Япон, Сингапур гээд дэлхийн хамгийн баян орнуудын жагсаалтад байгалийн баялаг ихтэй орон (нэг хүнд оногдох хэмжээгээр) байдаггүй. Байгалийн баялаг ихтэй орнуудын хөгжил бусад орноос доогуур байсан энэ үзэгдлийг "Байгалийн баялгийн хараал" гэж нэрлэх болжээ. Манайхны хэлэх дуртай "Түүхий эдээ экспортолдог орон хөгждөггүй" гэдэг үг ч үүнээс гаралтай байж болох юм.
Байгалийн баялаг ихтэй орны хөгжил доогуур байгааг эдийн засагчид дараах дөрвөн шалтгаанаар голлон тайлбарладаг:
Голланд өвчин. Голланд улсад 1959 онд томоохон байгалийн хийн орд нээгдсэн бөгөөд уг ордын ашиглалт нь тус улсын эдийн засаг үсрэнгүй хөгжих үндэс болно гэж олон хүн хүлээж байсан. Гэвч удалгүй Голландын аж үйлдвэрийн салбар уналтад орсон бөгөөд үүнийг Economist сэтгүүл Голланд өвчин гэж томъёолсон. Энэхүү үзэгдлийн шалтгаан нь уул уурхайг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалт болон түүхий эдийн экспортын орлого нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлснээр дотоодын валютын бодит ханшийг чангаруулдаг бөгөөд энэ нь үнийн өсөлт (инфляци), үндэсний валютын ханшийн чангаралт хэлбэрээр илэрдэг. Энэ нь экспортын болон импорттой өрсөлддөг бүтээгдэхүүний гадаад валютаар илэрхийлэгдэх үнийг нэмэгдүүлснээр гадаадын бараатай өрсөлдөх чадварыг нь бууруулдаг байна. Улмаар энэ нь уул уурхайгаас бусад салбарыг уналтад оруулж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.
Ашиг хонжоо хайх явдал нэмэгдэх. Байгалийн баялагтай холбоотой ихээхэн хэмжээний ашиг орлого нь тэдгээрээс хувь хүртэх эрмэлзлийг нэмэгдүүлж, авилга хээл хахууль гарах шалтгаан болдог. Нөгөө талаар ашиг хонжоо хайгчид төрийн эрхэнд гарахыг хүсдэг бөгөөд энэ нь засаглалын чанарыг доройтуулдаг байна. Судалгаанаас үзэхэд байгалийн баялаг ихтэй орнуудад боловсролд хийх хөрөнгө оруулалт бага байдаг бөгөөд байгалийн баялгийн ашиг орлого нь олон нийтийн боловсролыг дэмжихийн оронд цөөн хүнийг баяжуулахад зарцуулагддаг аж.
Хүний нөөцийг дэвшил багатай салбарт чиглүүлдэг. Уул уурхайн салбар нь технологийн хувьд харьцангуй тогтвортой байдаг бөгөөд эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчин зүйл болох технологийн дэвшлийг дэмждэггүй. Уул уурхайн салбарын өндөр орлого нь тухайн салбар дахь цалингийн түвшинг нэмэгдүүлж, чадварлаг боловсон хүчинг татсанаар бусад салбар дахь чадварлаг боловсон хүчний нийлүүлэлтийг бууруулж, улмаар технологийн дэвшил гарах боломжийг багасгах замаар хөгжлийг боомилдог.
Хэлбэлзэлд өртөмтгий болгох. Түүхий эдийн үнэ хэлбэлзэл ихтэй байдаг бөгөөд энэ нь түүхий эд экспортлогч орнуудын эдийн засгийг тухайн үнийн хэлбэлзлээс хамааралтай болгож, улмаар эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлдөг.
Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ 2003-2008 онд өндөр байсан нь манай улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгасан боловч 2009 онд эдийн засаг уналттай гарсан нь "Байгалийн баялгийн хараал"-ын нөлөө байж болзошгүйг харуулж байна.
Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 2003 оны сүүлээс огцом өсч эхэлсэн ба мөн алтны үнэ ихээхэн өсч байсан (Зураг 1а). Энэ нь манай улсын валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төгрөгийн бодит ханшийг чангаруулжээ (Зураг 1б). Энэ үед валютын ханшийг барьж байсны улмаас (Зураг 1в) төгрөгийн бодит ханшийн чангаралт нь үнийн түвшин хэлбэрээр илэрч, 2007 оны дундаас эхлэн инфляци огцом нэмэгдсэн (Зураг 1г). Улмаар энэ нь 2009 оны эдийн засгийн уналтад ихээхэн нөлөө үзүүлсэн юм (Тойм сэтгүүл No. ...).
Уул уурхайгаас орох орлого нэмэгдсэн болон томоохон ордууд нээгдсэнтэй холбоотойгоор улс төрийн хүчнүүдийн засгийн эрхэнд гарах сонирхол нэмэгдэж, энэ нь сонгуулийн популист амлалт хэлбэрээр илрэх болсон. Мөн төсвийн зардал төсвийн орлогыг даган хурдацтай нэмэгдэж, дийлэнх хэсэг нь хэрэглээг дэмжихэд зарцуулагджээ. УИХ-ын гишүүд ч хувь хүртэхийг эрмэлзэн дахин сонгогдох боломжоо хангах зорилгоор өөрсдөө дур мэдэн зарцуулах хөрөнгийг төсөвт суулгаж эхэлсэн. Эдийн засгийн уналттай холбоотойгоор төсвийн зардлыг хязгаарлах шаардлагатай болсон боловч энэхүү гишүүдийн мэдлийн хөрөнгийн хэмжээ ихэссээр байгаа юм.
Уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 2001-ээс 2007 оны хооронд хоёр гаруй дахин нэмэгдсэн (Зураг 1е) ба уул уурхайн салбарт ажиллагсдын дундаж цалингийн өсөлт нь бусад салбарын цалингийн өсөлтөөс 60 хувиар илүү байна (Зураг 1д).
Мөн дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоор 2008 оны дунд үеэс зэсийн үнэ унаж эхэлсэн нь Монгол улсад төлбөрийн тэнцлийн хямрал, цаашлаад санхүүгийн хямрал болж, эдийн засаг унахад нөлөөлсөн нь манай эдийн засаг түүхий эдийн үнийн хэлбэлзэлд ихээхэн мэдрэг болсныг харуулж байна.
Эдгээр шинж тэмдэг нь манай улс өнгөрсөн жилүүдэд "Байгалийн баялгийн хараал"-д өртсөнийг харуулж байгаа бөгөөд уул уурхайн томоохон ордуудыг ашиглалтад оруулахаар зэхэж буй өнөө үед өмнөх алдаагаа давтахгүй байх нь чухал. Байгалийн баялаг ихтэй боловч амжилттай хөгжиж чадсан цөөн оронд нийтлэг ажиглагддаг зүйл нь тэдгээрт төрийн институтын чадварлаг бүтэц байсан явдал юм. Норвеги, Дани зэрэг орнууд Голландтай адил байгалийн асар их баялаг нээн илрүүлсэн боловч тэдгээрийн Засгийн газар нь орлогоо үр ашигтай удирдаж чадсанаар амжилттай хөгжсөн. Баялгийн орлогыг хэрхэн зарцуулах нь мөн чухал асуудал юм. Индонези улсын нэг хүнд ноогдох орлого 30 жилийн өмнө Нигеритэй ойролцоо түвшинд байсан боловч одоо дөрөв дахин илүү болжээ. Индонези улс газрын тосны орлогынхоо томоохон хэсгийг дунд сургууль байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулсан бөгөөд энэ нь түүхэнд ерөнхий боловсролыг хамгийн хурдан түгээсэн хөтөлбөр болсон. Төрийн оновчтой, бүтээлч бодлого нь байгалийн баялгийн "хараал"-ыг "ерөөл" болгон өөрчилж чадна гэдэгт олон эдийн засагч санал нэгддэг билээ.
Ө.Тулга
zochin
zochin
kima