Энэ 7 хоногт
Хатиг хагараасай
Шударга эх оронч Хүрэлсүх сэлмээ эргүүлээд Батзоригийг огцруулав-алга ташилт ...
Шударга дайчин Хүрэлсүх амиа үл хайрлан Хаянхярвааг огцруулав-алга ташилт...
Шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсагчид шударга, эх оронч Хүрэлсүхийн сэлэмний ир хутганы үзүүр болон 60 тэрбумын Энхболдыг огцруулахаар тэмцэнэ гэв-алга ташилт...
Гуравхан хоногийн өмнө “Засгийн газраа огцруулах шаардлага байхгүй ээ” гэж байсан Хаянхярваа өөрийг нь огцруулах санал тавигдмагц Хүрэлсүхийг огцруулах гарын үсэг цуглуулан, тэмцлийн хурц замыг сонгов. Түүний духан дээр үнссэн Хүрэлсүхийн үнсэлт хөрж амжаагүй шахам байхад.
Улаанбаатарыг аугаа их бүтээн байгуулалт хэмээн гардуулсан өргөмжлөлийнх нь бэх хатаагүй шахам байхад хотын даргаа огцруулах болов. Ажлынх нь биелэлт 80 хувьтай сайн байгаа гэсэн үгтэй хавсран НИТХ-ын дарга нь хотын даргаа огцруулах асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэнэ гэсэн ам өгөв.
Унасан хүн ууртай гэгчээр одоо 36 гарын үсэг цуглуулаад байгаа гэх Хаянхярваа Засаг огцруулах их аянд мордоно. Ямар ч хамаагүй аргаар Засгаа авч үлдэх ёстой Хүрэлсүх ямар наймаа хийхийг таашгүй.
Харин үүнтэй зэрэгцээд дараагийн бүлгийн дарга, хотын дарга, цаашилбал УИХ-ын даргын төлөөх хамгийн амттай бөгөөд ширүүн өрсөлдөөн өрнөөд байгаа. Горилогчид нь хэдийнэ нэрээ сайн дураараа дэвшүүлээд эхэлсэн. Хуралдаа суух завгүй шахам байдаг УИХ-ын гишүүн нь хүртэл Хотын даргын давхар дээлийг нөмрөнө хэмээн мөрөөдөж суугаа.
Цаашилбал ЖДҮХС-гаас зээл зувчуулсан цөөн биш сайд нарт хариуцлага тооцохыг олон нийт шаардаж байгаа. Яг энэ “түлхүүр”-ийн ачаар өмнөх Ерөнхий сайдаа унаган өөрөө Ерөнхий сайд болсон Хүрэлсүх одоо засгаа авч үлдэхийн тулд ямар “түлхүүр” ашиглах бол?
Үнэндээ бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэн байх нь нэг их сонин биш. Тэртэй тэргүй намынхаа УЗ дээр асуудлаа шийдээд зөвхөн кноп дардаг системтэй болсон МАН-ын хувьд. Бүлгийн дарга ч гэсэн хурал даргалагч, спикер төдий. Гэвч үүний цаана МАН-ын бүлэглэлүүдийн далд дайн явж байгаа нь аль хэдийнэ тодорхой болсон. Хэн нь хэнийгээ дийлж, дийлж дийлдэж байгаа нь ч олон нийтийн хувьд төдийлөн сонин биш. Зарим нэг шударга "эх орончид"-ын фенүүд хийгээд, хэн нэгнээр туг тахихад баярлан хөөрөөд тайвширдаг хэсгүүдээс бусдын хувьд.
Яагаад гэвэл хэн ч адилхан луйварчид гэсэн цөхрөл хэдийнэ бий болж. МАН, АН ч гэлтгүй, Хүрэлээ Хаянаа ч гэсэн яг л дээрх зураг шиг сүлжилдээстэй, аль ч нам, бүлэглэлээс хүсвэл өч төчнөөн бульхай луйврыг шил дараалан гаргаж ирж болохоор???
Одоо тэгээд яах вэ? Чөтгөр бүү мэд. Хэн нэгний "но" булхай ил болох бүрт адилхан л идээчин, уугаачин гэсэн цөхрөл нэмэгдсээр. Гэхдээ муу юманд ч сайн тал байдаг гэдэгчлэн тэднийг бие биеэ хэмлэх, хар цагаанаа дуудалцахын хэрээр элдэв бульхай, луйврын баримт ил болж байна. Ёстой нөгөө “бурзай бурзай” гэдэг шиг магадгүй ийн бульхайгаа дэлгэлцэх тусам, уралцан хагаралдах тусам чөтгөрийн тойрог шиг, аалзны шүлс шиг энэ орооцолдсон “улс төр”-ийн хэлхээ улам ил болж, цаашдаа хатиг хагарах зам болтугай л гэж ерөөхөөс...
А.ТУЯА