Монголчуудын боловсролын тухай ойлголт өрөөсгөл, боловсролд хандах хандлага буруу байна. Өнөөгийнхөн боловсролыг зөвхөн оюунд хамаатай зүйл гэж үзэж, оюуны мэдлэг төдийгөөр үнэлж, хүний боловсролыг төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, авсан үнэмлэх, дипломынх нь тоогоор хэмжиж, их, дээд сургууль төгсөөгүй, элдэв диплом аваагүй бол боловсролгүйд тооцож, зөвхөн оюуны боловсролын хойноос явж, түүнийгээ ч олигтой эзэмшихгүй оромдож, магистр, доктор нэр зүүхээр хөөцөлдөж, ийм маягийн боловсролыг хувь хүний төдийгүй улс орны хөгжил дэвшлийн тэргүүлэх үзүүлэлт болгосноор хүмүүжилгүй, ёс суртахуунгүй, соёлгүй хүмүүс олширч, Монгол Улсын эдийн засгийг доройтуулж, өрөнд баригдуулж, улс, төрийг хямрааж, иргэд зүдэрч, ажилгүй, ядуу зүдүү, амиа аргацаах төдий амьдарч, хүнээ байж, хөлөө жийлцсээр. Энэ бүхэн бид боловсролын тухай ойлголт, боловсролд хандах хандлагаа өөрчлөх шаарлагатай байгааг тодорхой харуулж байгаа юм. 

Монголчууд “Боловсролгүй бол явахгүй”, “Ээ дээ боловсролтой л болоорой”, “Хүүхдүүдээ боловсролтой болгохын төлөө зүтгэж байна” гэцгээж, мал маллах малчингүй, тариа тарих тариаланчгүй, үйлдвэрт ажиллах ажилчингүй болтлоо хүүхдүүдээ хүчээр их, дээд сургууль бараадуулан зүтгүүлж байгаа нь боловсролыг чухалчилж, эрхэмлэж байгаа мэт боловч үнэндээ боловсрол гэж юу болох, хүн яагаад боловсролтой болох, яагаад боловсролыг чухалчлах, ямар хүнийг боловсролтойд тооцох талаар олигтой ойлголтгүй байсаар.

Боловсрол нэг л болохгүй байна, боловсролыг өөрчилье, шинэчилье гэцгээдэг. Угтаа боловсрох үйл явц, боловсорсны үр дүн болох боловсролыг биш, харин боловсролын тухай ойлголт, боловсролд хандах хандлагаа даруй өөрчлөх хэрэгтэй.

Боловсролыг латин хэлэнд “educare”, англи хэлэнд “education”, орос хэлэнд “образование” гэдэг. Эдгээр үг хөтлөх, удирдах, боловсруулах гэсэн нийтлэг утга илэрхийлдэг гэсээр ирсэн бол толь зохиогч Я.Цэвэл “Монгол хэлний товч тайлбар толь”-доо “боловсрол” хэмээх үгийг боловсрох үйлийн нэр гэж тун оновчтой тайлбарласан байдаг. 

Боловсрол гэдгийг боловсрох үйл явц, боловсорсны үр дүн гэж ойлгож хэвшүүштэй. Боловсрох нь улс орны төдийгүй хүн төрөлхтний ирээдүйд хүний цохилох зүрхтэй зүйрлэхээр амин чухал үүрэгтэй үйл явц. Боловсрох нь хувь хүний сайн дурын хэрэг мэт боловч нийгэмд ихээхэн ач холбогдолтой. Боловсролыг хүчээр бус хүслээр олж авна. Боловсрох нь зүй тогтолтой, тогтолцоот үйл явц, нийгмийн үзэгдэл. Боловсрох үйл явц хүний хүсэл зориг, сонирхолд нийцсэн цагт, хүний өөрийн итгэл үнэмшил, хичээл зүтгэлээр үр дүнд хүрдэг нь боловсролын зүй тогтол. Хүний байнга боловсрох хэрэгцээ, шаардлага боловсролын тасралтгүй үргэлжлэх зүй тогтол юм. Хүн байнга боловсорч байх учиртай. “Урсаж л байхгүй бол ус өмхийрнө, боловсорч л байхгүй бол хүн мөхнө. Хүн өөрөө өөрийгөө байнга билүүдэж байх ёстой” гэдэг. Энэ нь хүн байнга боловсорч байх шаардлагатайг хэлж буй хэрэг. Хүн боловсрохоо зогсоох ёсгүй, ямар ч насанд боловсорч байх шаардлагатай. “Боловсрол зөвхөн хүүхэд залуучуудад хэрэгтэй зүйл, хүн бага залуу насандаа л боловсрох ёстой, нас ахисан хүнд ямар хэрэг байх юм бэ” гэж үзэх нь буруу. 

Боловсрохыг сургуульд сурах, мэргэжил эзэмших явдал гэж ойлгосноор ийм алдаа гаргадаг. Боловсрол, мэргэжил хоёрыг нэг зүйл гэж ойлгож болохгүй. Мэргэжил явцуу, харин боловсрол өргөн хүрээтэй ойлголт. Боловсрол бол мэргэжил биш. Мэргэжлийг мэргэжил олгодог ямар нэг сургуульд, тодорхой хугацаанд суралцан олж авдаг бол боловсролыг хүн насан туршид эзэмшинэ. Боловсрох үйл явц, боловсорсны үр дүн болох “боловсрол” гэдэг үнэт зүйлийн мөн чанарыг олох,зүй тогтлыг таних, үр өгөөжийг нэмэгдүүлэх, ач тусыг гаргах нь хүн төрөлхтний зорилго. Боловсролыг хүн өөрөө боловсрох замаар олж авдаг. Хэн нэгэн боловсруулаад өгөх байх хэмээн хүлээж суухын оронд хүн өөрөө цаг алдалгүй, байнга боловсорч байх ёстой.

Боловсрол хэмээх ухагдахууны тодорхойлолт олон ч боловсрох үйл явцын нэгэн чухал бүрдлийг орхиж, боловсролыг мэдлэг, чадвар эзэмших үйл явц гэж үзсээр ирж. Боловсролыг зөвхөн мэдлэг чадвар биш, харин мэдлэг, сэтгэл, чадвар, дадал зуршлын цогц гэж ойлгох хэрэгтэй байна. Боловсролын бүтцэд сэтгэлийг оруулж байгаагүй. Гэтэл боловсрох үйл явц сэтгэлийн оролцоогүйгээр явагдахгүй, энд сэтгэл ямар нэг байдлаар заавал оролцдог. Монголчуудын боловсрол чанаргүй байгаагийн гол шалтгаан боловсрох, боловсруулах үйлд гүйцэтгэх сэтгэлийн үүрэг, оролцоог огт хэрэгсэхгүй явж ирсэн явдал.

Элдэв мэдээлэл олж авснаар мэдлэгтэй болчихлоо гэж үзэхгүй. Мэдээлэл нь мэдлэг биш. Хүн хэрэгтэй, хэрэггүй, үнэн, худал, үнэ цэнтэй, үнэ цэнгүй төрөл бүрийн мэдээлэл янз бүрийн сувгаар байнга авч байдаг. Мэдээллийг боловсруулж, ухаарч ойлгож, өөрийн болгож, ашиглаж байж сая мэдлэг болгоно. Мэдлэг олон талтай. Шинжлэх ухаан судалсан юм чинь өндөр боловсролтой гэж эндүүрдэг хүмүүс цөөнгүй. Эзэмшсэн мэдлэгийг хэрэглэх, амьдралд ашиглах, өөрөөр хэлбэл мэдлэгийнхээ хэргийг гаргах явдал нь чадвар бол мэдлэгийг хэзээ ч хэрэглэхэд бэлэн болох, байнга ашиглаж чаддаг байх,хэрэглэж хэвших, зөв, сайн зуршил болгох нь дадал. 

Боловсроход сэтгэл чухал үүрэгтэй. Үүнийг бид эс хэрэгсэж, үл тоож ирсэн. Сэтгэл нь боловсрох үйлийн хөгжил, хөдөлгөөний буюу аргын тал. Зөв сэтгэл, сэтгэлийн эерэг хөдөлгөөн боловсрох үйл явцад сайнаар нөлөөлнө. Мэдлэг, чадвар, сэтгэл гурвыг далай, завь, салхитай зүйрлэж болох юм. “Мэдлэг” хэмээгч их далайд “чадвар” нэрт завиар аялж, зорьсон газраа цаг алдалгүй, сайн явж хүрэх эсэх нь “сэтгэл” гэгч салхи хэр зөв үлээхээс хамаарна. 

Боловсрохыг мэдлэг эзэмших, эзэмшсэн мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаа, харилцаандаа хэрэглэх, хэргийг нь гаргах явдал гэж үзвэл энэ бүхнийг хөдөлгөгч хүч нь мэдлэг биш, харин түүнийг дагалдан гарах сэтгэл санаа. Сэтгэл бол мэдлэг, чадвар, дадлыг хөдөлгөгч хүч. Сэтгэл хэмээгч хөдөлгөгч хүчгүйгээр мэдээллийг мэдлэг, мэдлэгийг чадвар, чадварыг дадал зуршил болгож эс чадна. Хөдөлгөгч хүч болох сэтгэл зөв, буруу, сайн, муу байх нь боловсролын чанар, үр дүнд нөлөөлнө. “Боловсрол нь мэдлэг эзэмших, түүнийг амьдрал, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, хэвшүүлэн зуршил болгох явдал буюу чадвар, дадал юм бол эдгээрийг хөдөлгөгч хүч нь мэдлэг биш, харин түүнийг дагалдан гарах сэтгэл санаа” гэж доктор Н.Хавх үзсэн байдаг. 

Хүн тал бүрээр боловсрох ёстой. Энэ нь хүн бүрийн үүрэг. Үүнийг боловсролын зүй тогтол гэж ойлгож болно. Янз бүрийн боловсролоос эн тэргүүнд эзэмших ёстой нь өөрийгөө танин мэдэх боловсрол, бие бялдрын боловсрол, оюуны боловсрол, сэтгэлийн боловсрол, ёс суртахууны боловсрол, сэтгэлгээний боловсрол, харилцааны боловсрол, эх хэлний боловсрол.

Хүн өөрийгөө танин мэдэх боловсрол. Боловсрох үйлийг хүн өөрийгөө танин мэдэх болосвролоос эхлэх учиртай. Хүнийг бүр хүүхэд байхаас нь өөрийгөө танин мэдэхэд сургах ёстой. Өөрийгөө танин мэдэх явдлаас боловсролын ирээдүй хамаарна. Иймээс энэ боловсролыг хүний эзэмших ёстой боловсролуудын үндэс суурь болдог хамгийн чухал боловсрол гэж үзүүштэй. Манайхны өөрийгөө танин мэдэх боловсрол тун хангалттгүй. Тэнгэрийн од эрхэс, усны загас жараахай, газрын хэвлийн ашигт малтмал танин мэддэг хэрнээ өөрийгөө огт мэдэхгүй байна. “Хүн өөрийгөө манай үеийнхэн шиг ийм бага мэдэж байсан нь аль ч эринд үгүй” гэж судлаач Мартин Хайдеггер дуу алдсан байдаг. Хүн өөрийгөө танин мэдэх нь бүх дэлхийг танин мэдэхээс илүү ач холбогдолтой гэж үздэг. Өөрийгөө танин мэдэх нь танин мэдэхүйн оргил ч гэдэг.

Бие бялдарын хийгээд оюуны боловсрол. Боловсролыг оюуны боловсролоор хязгаарлах ёсгүй. Хүн оюуны боловсролоос гадна бие бялдарын боловсрол, ялангуяа сэтгэлийн боловсрол зайлшгүй эзэмших учиртай. Насандаа тохирсон бие махбодтой, нас, биедээ таарсан хүч, хурд, авхаалж самбаа, тэвчээр, хатуужилтай байх, эрүүл мэнддээ зөв хандах мэдлэг, сэтгэл, чадвар, дадлаар бие бялдрын боловсролыг хэмжинэ. Оюуны боловсрол нь шинжлэх ухаануудын мэдлэг, түүнийгээ амьдрал, мэргэжлийн үйл ажиллагаандаа зөв сэтгэлээр ашиглах чадвар, дадлын цогц. Оюуны боловсролын чанарыг сэтгэхүй, ой тогтоолт, анхаарал болон оюуны бусад үзэгдлийн хөгжлөөр тодорхойлдог. Оюуны боловсрол нь биеийн болон сэтгэлийн боловсролын үндэс, хүний хөгжлийн эх сурвалж. 

Сэтгэлийн боловсрол. Хүний зайлшгүй, бүр эн тэргүүнд эзэмших ёстой боловсрол болох сэтгэлийн боловсролыг орхигдуулсаар ирсэн. Одоо ч энэ хэвээр. Сэтгэлийн боловсрол муугийн улмаас монголчууд сэтгэл, сэтгэл санааг “сэтгэлзүй” гэж буруу ярьж, бичиж байна. 

Хүнд оюунаас гадна “сэтгэл” гэж зүйл бий тул хүн сэтгэлээ ч боловсруулах шаардлагатай. Сэтгэлийн боловсролыг сэтгэлээ боловсруулах үйл явц, боловсруулсны үр дүнгээр хэмжинэ. Сэтгэлийн боловсрол нь хүний эзэмших цогц боловсролын тун чухал бүрэлдүүн хэсэг. Сэтгэлийн боловсрол бусдыг хүндлэх, хайрлах, өрөвдөх, уучлах, өршөөх, туслах сэтгэлтэй, тэвчээртэй, сэтгэлийн хаттай байх, сэтгэлээ барих чадваруудаар хэмжигдэнэ. Эдгээр чадварыг дадал зуршил болгох замаар сэтгэлээ зөв хөгжүүлэх, өөрийгөө хүмүүжүүлэх, ёс суртахуунтай болох нь сэтгэлээ боловсруулж буй хүний зорилго байх учиртай. Сэтгэл нь оюун, сэтгэхүй, сэтгэмж, бодол, үзэл санаа, ёс суртахуун, итгэл үнэмшлийг цогц болгон илэрхийлдэг, хүний гадаад, дотоод талыг холбон нэгтгэдэг, хүнийг удирддаг дотоод ухамсар. Байгаль эх хүнийг бие, оюун, сэтгэлтэйгээр бүтээсэн. Тэгэхээр хүн тэдгээрийн алийг нь ч орхилгүй боловсруулах учиртай. Нэгийг нь боловсруулаад нөгөөг нь орхисон хүнийг боловсролтой гэхгүй. Хүн болгоход ихэд анхаарч, зүтгэл гарган үйлдэх үйл бол сэтгэлээ боловсруулах явдал. Үүнийг эс тоож байна. Биеийн, оюуны боловсролыг ярьсаар ирснээс биш сэтгэлийн боловсролыг хэрэгсэж байсангүй. Сэтгэлээ боловсруулахгүй, өөрөөр хэлбэл номхруулахгүй байгаагийн улмаас хүн чанаргүй, хүний мөсгүй, жудаггүй, нүнжиггүй, хүнд байх ёстой сайн сайхан чанаруудаа гээсэн, магадгүй огт олж явч чадаагүй, “хүн” гэж хэлэхэд хэцүү, бүр хэлж ч боломгүй “хүн” нэр зүүгчид олширч байна. Сэтгэлийн боловсрол эзэмшиж байж л хүн сэтгэлээ номхруулж, зөв зүйтэй болгоно. Үүний ач холбогдол багагүй. Энэ талаар Богд Зонхов “Сэтгэл зөвдөхөд зам зөвдөнө. Сэвтээх садаа өөрөө ховхорно…” гэж өгүүлсэн байдаг. 

Сэтгэлийн боловсрол эзэмшсэнээр хүн чанар, хүний мөс, жудаг, нүнжиг, хүнд байх ёстой бүхий л сайн сайхан чанарын тухай мэдлэгтэй болох, тэдгээр чанарыг өөртөө бий болгох, байгааг нь алдалгүй хадгалан бэхжүүлэх, өөрийн болон бусдын сайн сайхны төлөө ашиглах чадварууд эзэмшинэ, уг чадваруудаа өөртөө хэвшүүлж, зөв дадал зуршил болгоно.

Сэтгэл, ёс суртахуун хоёр шүтэлцээ, барилдлагатай. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” номын “Айлдварын утгыг тодруулах” хэмээх бүлэгт “Ёс суртахуун бол номхроогүй хүмүүний хазаар. Догшин морь шиг зүтгэх буруу сэтгэлийг хазаарлан зогсоож, зөв зүгт хандуулах зүйл бол ёс суртахууны хэм хэмжээ, түүнийг хичээнгүйлэн дагавал сэтгэл хэмээх догшин морь номхорно. Сэтгэлийг номхотгоно гэдэг нь ёс суртахууны хэм хэмжээг дагана гэсэн үг” гэсэн байдаг. Сэтгэлийн боловсролын илэрхийлэл нь хүмүүжил, хэмжүүр нь ёс суртахуун. Сэтгэлийн боловсрол хэдийчинээ өндөр байна хүн төдийчинээ хүмүүжилтэй, ёс суртахуунтай байна. Сэтгэлийн боловсролыг орхигдуулснаар хүмүүс материаллаг ахуй, хэрэглээг шүтэж, материаллаг хөгжлийн хойноос хөөцөлдөж байна. Энэ буруу болохыг ойлгууштай. 

Сэтгэлийн боловсролтой хүн аливаад бодитой ханддаг, зөв сэтгэдэг, ярьдаг, бичдэг, бурууг өршөөж зөвийг тэтгэх ухаантай, амьдралын мөн чанар (амьдралын утга учир, зорилго, зовлон, жаргалын зүй тогтол)-ыг ухааран ойлгодог, хамт олонтой амьдрах, бусадтай нийцэх чадвартай, тайван тогтуун байдлыг эрхэмлэдэг, амин хувиа хичээдэггүй, ёс суртахуунтай байдаг. 

Сэтгэлгээний боловсрол нь оюун, сэтгэлийн боловсролын нэгдэл. Оюун, сэтгэл хоёрыг хамтад нь “сэтгэц” гэдэг тул энэ боловсролыг сэтгэцийн боловсрол ч гэж нэрлэж болохоор. Сэтгэлгээ нь юмс, үзэгдлүүдийг ойлгох, хүлээн авах, сэтгэл, оюуны нэгдмэл үзэл. Оюуны танин мэдэх үйл ажиллагаанд түшиглэн сэтгэлээ дэвшүүлэх, зөв сэтгэлд тулгуурлан оюунаа хөгжүүлэхэд сэтгэлгээний боловсролын зорилго оршино. Сэтгэлийн боловсролыг юмс, үзэгдлүүдийг ойлгох, хүлээн авах, хандах сэтгэл, оюуны нэгдмэл үзэл, сэтгэцийн хөгжлөөр хэмжинэ. Сэтгэлгээ зөв, буруу байж болно. Аливааг өөрийгөө гэсэн, нэг талыг барьсан сэтгэлээр ойлгох, хүлээн авах, хандах, бурууг хүсэх нь буруу сэтгэлгээний үр дагавар. Өнөөгийн хүүхэд залуус “ерөнхийлөгч, компанийн захирал, босс, мисс болно” гэх болсон. Хүнийг багаас нь “Сайн хүн болох” хүсэл, мөрөөдөлтэй болгож хүмүүжүүлүүштэй. 

Хэлний боловсрол, ялангуяа төрөлх хэлний боловсрол тэргүүлэх зэргийн боловсрол байх учиртай. Хүний эзэмших боловсролын амин сүнс нь эх хэлний боловсрол. Энэ боловсролд ихээхэн анхаарал тавих шаардлагатай болсныг өнөөгийнхний эх хэлээрээ ярьж, бичиж байгаа байдал тод харуулж буй. Монголчууд тун тааруу ярьж, бичиж байна. Төрөх гэдэг үгийг оновчгүй хэрэглэж хэвшицгээлээ. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд “Би саяхан төрөөд” гэж ярих юм. Уг нь амаржсан, нярайлсан, хүүхэд төрүүлсэн байлтай. Хүн эхээс ганц л удаа төрнө, эмэгтэйчүүд хүүхэд гаргах болгондоо дахин дахин төрөөд байдаггүй шүү дээ. Сэтгүүлч мэргэжилтэй, УИХ-ын гишүүн эмэгтэй МҮОНТ-ээр “сая төрсөн аав, ээж” гэж ярьж байсан гашуухан жишээ татаж болох юм. Тэрээр “дөнгөж төрсөн хүүхдийн эцэг, эх” гэж хэлэх гэсэн болов уу. Харамсалтай нь ингэж ярьдаг хүмүүс цөөнгүй. Уг нь боловсролын гол хэмжүүр эх хэлний мэдлэг, чадвар атал манай “өндөр боловсролтонгууд” нэг иймэрхүү байгаа. Хүний эзэмших боловсролын амин сүнс нь эх хэлний боловсрол гэдгийг сайтар ойлгож ухаарах цаг хэдийнээ болсон. Төрөлх хэлээрээ зөв ярьдаг, бичдэг байх нь боловсролтой хүний чухал шинж.

Ямар хүнийг боловсролтой гэх тал дээр бидэнд алдаа байна. Мэргэжлийн сургууль төгсөж диплом авсан л бол боловсролтой болчихлоо гэж эндүүрсээр. Монгол хэлний их тайлбар тольд дээд мэргэжлийн сургуульд боловсрол эзэмшсэн, мэдлэгтэй хүнийг боловсрол (сайтай)-той хүн гэнэ гэж тодорхойлж. Энэ оновчтой тодорхойлолт биш. Боловсролыг их, дээд сургуульд сурсан, мэргэжилтний диплом авснаар хэмжих нь тун өрөөсгөл. Дипломтой ч хүн өөрөө хичээж боловсроогүй бол боловсролгүйд тооцогдоно. Их, дээд сургууль төгссөн битгий хэл эрдмийн зэрэг хамгаалсан хэрнээ боловсроогүй хүмүүс олширсоор. Диплом нь боловсролтой эсэхийг үнэн, бодитой гэрчилж чадахгүй байгаа. 

Боловсролтой хүн ямар мэдлэг, чадвар өөрт байхгүйг, ямар нь дутуу дутмаг байгааг тогтоодог, тэр үгүйг, дутууг цаг алдалгүй олж авдаг, үр өгөөжтэй ашигладаг, мэдэж буй бүхнээ ухаалгаар, зөвөөр түгээхийг хичээдэг, түгээдэг, хөрөнгө мөнгө хураах, эд баялаг цуглуулахын төлөө бус, ухамсраа дээшлүүлэх, оюунаа зөв хөгжүүлэх, сэтгэлээ сайн сайхан чанаруудаар баяжуулах зорилготой амьдардаг, амьдралын мөн чанарыг танин мэддэг, ойлгодог, зөв, сайныг олны төлөө хийдэг, түүх, соёл, ёс заншлаа судалдаг, мэддэг, их уншдаг, алдаагүй ярьдаг, бичдэг, байх ёстой. Боловсролыг зөвхөн сургуулиас олж авдаг, сургууль төгссөн, диплом авсан л бол боловсролтой гэж үзэж болохгүй нь эндээс харагдаж байна. 

Боловсрол зөвхөн оюунд хамаатай зүйл гэсэн ойлголттой тул бүх шатны сургууль сурагцагчдад оюуны мэдлэг, олгох, тодруулбал тодорхой шинжлэх ухаануудын судалдаг зүйлсийн тухай мэдлэг эзэмшүүлэх төдийгөөр тэднийг боловсруулах үйл ажиллагааг хязгаарласаар ирсэн. Бодит ертөнцийн тухай шинжлэх ухааны мэдлэг, чадвар нь зөвхөн оюуны боловсрол.

Дотоод, гадаадад янз бүрийн сургуульд сурсан, төгссөнийг гэрчлэх диплом авсан хүмүүсээ өндөр боловсролтой гэж тооцож, өндөр боловсролтой байж хариуцлагагүй, эх оронч биш, хүн чанаргүйгээр нь цоллож байгаа. Манайханд өндөр боловсролтой гэж тооцогддог буй хүмүүс ийм байхаас аргагүй. Үүний учир шалтгаан сургуулиуд тэдэнд зөвхөн оюуны боловсрол олгоход анхаарч сэтгэлийн боловсрол олгоогүй, зөв хөгжих, хүмүүжих, соёлжих, ёс суртахуунтай болох, байхын ач тусыг ойлгуулаагүй, зөв хөгжиж, хүмүүжиж, соёлжиж, ёс суртахуунтай болж байж хүн боловсролтойд тооцогдохыг ухааруулахгүйд оршино. Орлоготой байх гэж мөнгө авч сургасан, мөнгө өгч сурсан болдог, шаардлага хангаагүй хүнд мэргэжлийн диплом олгодог, буруу хазгай бичсэн ач холбогдол багатай диссертаци барьж докторын зэрэг горилдог, суралцаагүй байж диплом худалдаж авдаг явдал жинхэнэ боловсролын үнэ цэнийг үгүйхийж, боловсролын талаар нийгэмд буруу ойлголт төрүүлж байна.

Манай сургуулиуд Өрнөөс эхтэй мэдлэгт суурилсан боловсролыг эрхэмлэж, шинжлэх ухааны мэдлэгийг түлхүү номлож, сэтгэлд суурилсан ухамсар, хүмүүжил, ёс суртахууныг эс тоосоор байгаа буруу хандлагыг даруй орхих, сэтгэлийн боловсролыг оюуны боловсролтой нягт уялдуулах, сэтгэлийн боловсрол олгох явдлыг бүх шатны сургалтын байгууллага, багш нар зорилго болгууштай. Үүний тулд багш өөрөө сэтгэлийн боловсрол, ёс суртахууны тухай шинжлэх ухаанч мэдлэгтэй, боловсролтой болох учиртай. Ингэж гэмээжин хүмүүжилтэй, ёс суртахуунтай иргэдийг төрүүлж, зөв төлөвшсөн мэргэжилтнүүдийг бэлтгэж, улс орноо цэцэглүүлэн хөгжүүлнэ. Боловсрол хүн төрөлхтний амьдрах хэрэгсэл, эрэлт хэрэгцээ болох ёстой. Ингэж чадаагүй үед боловсрол олох, олгоход бэрх. Боловсрол хүнийг тодорхойлох гол зүйл тул амьдралыг нь ч тодорхойлно. 

Боловсрох нь хүн зөвийг сурах, зөв хөгжих, хүмүүжих, ёс суртахуунтай болох, соёлжих цогц үйл явц, тэдгээрийн үр дүн юм. 


“Ёсзүй, сэтгэл судлалын боловсролын төв” НҮТББ-ын захирал
СЭЗИС-ийн профессор, сэтгэл судлалын ухааны доктор, профессор

Банзрагчийн ОЮУНЧИМЭГ