Комманданте Че Гевара

Дэлхийн түүхэнд хувьсгалч нэрээрээ тодоор тэмдэглэгдсэн нэгэн эрхэм байдаг нь Доктор Че Гевара. Түүний хөргийг хувьсгалын симбол болгон ашиглах нь ч түгээмэл бий. Түүний тухай дуу хүртэл байдаг. Тэрхүү дууны дахилтын Комманданте Че Гевара хэмээн аялгуулан хэлэх нь бас л огшмоор эд. Кино бол тоо томшгүй.

Тэр хүний түүх бол үнэхээр сонирхолтой. Аргентинд төрсөн атлаа Куб, Конго, Боливт бослого хийж байсан хүн. Куб улсад хийсэн хувьсгал нь амжилттай болж, Фидел Кастрог амжилтад хүргэсэн хүн. Угтаа эмч хүн боловч Латин Америк иргэдийн ядуу амьдралыг харсны дараагаар хувьсгалч болон хувирсан юм. Тэгэхдээ Карл Марксын үзэл суртлыг голлон дагаж, түүнийхээ төлөө тэмцэх болсон. Түүнд үнэхээр хувийн шунал гэж байсангүй. Бүх зүйлийг хүмүүсийн төлөө, иргэдийн төлөө хийсэн. Батиста гэх маш том дарангуйлагчийг дарж, түүнийг цэргүүдтэй цуст тулаан хийсээр эцэстээ ялалтад хүрсэн. Тэр ч бүү хэл, галт тулаан хийхээс гадна нутгийн иргэдэд боловсрол олгох тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан гэдэг. Тэр огтхон ч өөр нэгэн дарангуйлагч байсангүй, харин эсрэгээрээ бусдад хүндлэгдсэн агуу манлайлагч байсан.

Одоо нөгөө тал нь

Үнэхээр бахархмаар сайхан түүх байгаа биз. Надад лав тэгж санагддаг юм. Мэдээж 1950-аад оны сүүлээр Куб улсад амьдарч байгаагүй болохоор бодитоор юу болсныг мэдэхгүй. Ердөө номоос л уншсан зүйлс маань энэ.

Гэхдээ энэ бүх мундаг түүх, агуу явдлуудын дараа нэг л асуулт үлдэж байгаа юм. Тэр нь Куб улс хожсон уу? Касрто, Че Гевара хоёрт эдийн засгаа удирдах төлөвлөгөө байсан уу гэдэг л байгаа юм. Хувьсгал ялмагц Че Гевара-г төв банкны ерөнхийлөгч, сангийн сайдаар томилов. Харин эндээс эхлэн бахархам биш, базаахгүй түүх эхэлнэ. Хамгийн эхлээд орлогын тэгш бус байдлыг арилгахаар хувийн өмчийг үгүй хийв. Дараа нь орлогын татварыг үгүй хийв. Төлөвлөгөөт эдийн засагтай болгож, сайн ажилласан иргэдэд урамшуулал мөнгө биш талархлын бичиг өгдөг болгов. Үр дүнд нь сайн зүйл ч гарсан. Муу зүйлс ч гарсан. Сайн нь түүний ачаар нийт хүн амын 96 хувь нь бичиг үсэгтэй болсон. Муу нь үйлдвэрлэл буурч, бараа бүтээгдэхүүний хомсдол бий болсон. 2000 он хүртэл тус тус эдийн засаг дунджаар ердөө 2.4 хувь өсч, хэд хэдэн удаа өрөө төлж чадахгүй дефолт зарласан. Өөрөөр хэлбэл тус хувьсгал нь Куб улсад 40 жилийн эдийн засгийн хүндрэлийг авчирсан аж. 

Сүүлдээ Че Гевара ч өөр улсад бас нэгэн бослого хийж байгаад амиа алдсан, Кастро харин Батистагаас ялгаагүй дарангуйлагч болон хувирсан.

Тэгвэл Че Гевара, Кастро нар хувьсгал гаргаагүй бол яах  байсан юм? Тэгвэл эдийн засаг нь тийм сайн байх байсан уу гэвэл бас л үгүй. Түүхэнд үлдсэнээр Батиста бол бүр ч дор нэгэн байсан гэдэг. Боолчлол, баян хоосны ялгааг туйлд нь хүргэсэн этгээд.

Морин дээрээс дэлхийг дайлах амархан, мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү 

Харин бид эндээс маш энгийн хичээл сурч болохоор. Эх орноо гэх сэтгэлтэй, хувьсгалч байна гэдэг үнэхээр бахархмаар хэрэг. Тэр байх ёстой. Яагаад гэвэл үргэлж л хувийн ашиг хонжоог илүүд тавьсан дарангуйлагчид гарч ирсээр л байдаг. Нийгэм өөрөө тэднийг төрүүлдэг. Харин өөрчлөлт, шинэчлэлт хийх гэж байгаа бол юуг, яаж гэдэгтээ хамгийн түрүүлж хариулах ёстой. Батиста-г Кастро-р солиод юу ч өөрчлөгдсөнгүй. Учир нь Кастрод бодитой эдийн засгийн бодлого, ухаалаг удирдлага байсангүй. Зөвхөн Америкчуудыг болон Батистаг үзэн ядах сэтгэл л байлаа.

Description: C:\Users\239310387\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\Castro death.jpg

Угтаа эх оронч байна гэдэг нь хаа нэг жагсаж, хаа нэг засгаа муулах байдаггүй. Энэ нь өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, зөв гарцыг хайх тухай байдаг гэдэгт итгэдэг. Үүнийг баталсан түүх нь энэ юм болов уу гэж бодож байна. Би хувьдаа Че Гевара гэх агуу хүнийг гайхан биширдэг. Гэхдээ тэр хүнд зөвхөн зөв эдийн засгийн бодлого байсан бол гэж харуусна. Морин дээрээс дэлхийг дайлах амархан, мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү гэж яасан үнэн үг вэ.

Тэгээд бид одоо яах юм?

Мэдэхгүй. Мэддэг байсан бол гараад орилохсон. Ингэнэ гээд бусдыг уриалахсан. Хэн нэгэн бодитой шийдэл гаргаад ирвэл үг дуугүй дагахсан. Угаасаа улсыг тэр чигээр нь, нэг өдөрт, ганцхан бодлогоор өөрчилдөг ч үгүй байх. Устгаж бол болдог байх, харин дээшлүүлэхэд бол олон талт бодлого, түүний төлөө хийх олон жилийн зүтгэл байдаг байх.

Тийм болохоор хүн бүр үл ялиг ч болтугай, өчүүхэн ч бай хамаагүй өөрчлөлтүүдийг хийгээд байвал манай улсын эдийн засаг сайжирна гэдэгт итгэдэг.

Тэгээд бодов... манай улсын эдийн засгийн маш чухал үзүүлэлт бол яахын аргагүй ам.долларын ханш болон хувирсан. Учир нь нийт импорт нь ДНБ-ий 60 хувиас их хэмжээтэй. Гэтэл түүний эсрэг экспорт гэхээр зэс, нүүрс, алт, өчүүхэн бага хэмжээтэй бусад зүйлс. Үйлчилгээний хувьд гадагш мөнгө төлнө үү гэхээс олох нь бага. Маш энгийнээр зээл л авч эсвэл хөрөнгө оруулалт татахгүй бол тогтмол валютын гадагшлах урсгалтай. Энэ үед ам.долларын ханш тогтмол чангарна. Ам.долларын ханш чангарахад нөгөө бүх бүтээгдэхүүний үнэ өснө. Бизнесийн салбарт хүндрэл учирна. Зах зээл дээрх хүү өснө.

Харин энэхүү гадагшлах урсгалыг бууруулах боломж хүн бүрт байгаа мэт санагдана. Тэр нь энгийн. Зүгээр л үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих. Өөр юу ч биш. Дотоодод үйлдвэрлэх боломжтой бүхнийг дотоодоос л хэрэглэх. Тийм ажил хийж буй компани байвал боломж бүрээр дэмжих. Энэ бидний үүрэг мэт. Яг ингэж хэлэхээр маш олон хүн хоёр асуудлыг хөндөнө. Нэгт, Монгол бүтээгдэхүүн чанар муутай, үнэтэй гэнэ. Тэгээд юу гэж бид хэрэглээд байвал хар аяндаа үнэ нь буурах биш үү? Бид гадны бүтээгдэхүүн хэрэглэсээр байвал эдийн засаг нь муудсаар эцэстээ түүнээсээ их үнэ төлөх бус уу? Хоёрт, Цөөн хэдэн Монголчууд л баяжаад, баян хоосны ялгаа тэнгэрт тулах биш үү? Тийм. Тэрийг тойрч гарахгүй. Гэхдээ бид бүгд компаниудыг цөөн эзэнтэй хувийн биш, бүх нийтийн хувьцаат компани байхыг шаардах учиртай. Бидний илүү үнээр худалдан авсан Монгол бүтээгдэхүүн нь эцэстээ бидэнд ашиг болон ирдэг тийм систем рүү түлхэх ёстой. Эдгээр нь Монголчууд ажилтай байх боломжийг олгоно. Цаашлаад иргэн бүр ашиг хүртэх боломж олгоно. Үгүй ингэж чадвал олон ч асуудал шийдэгдэнэ дээ. 

Энэ онд хоёр ч хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын компани олон нийтийн хувьцаат компани болж байгаа бахархууштай. Энэ бол бодит өөрчлөлт. Хамгийн эхнийх нь Түмэн Шувуут. Манай улс жилдээ 60 гаруй сая ам.доллар хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахад хэрэглэдэг. Үүний хамгийн том нь тахианы мах 20 орчим сая ам.доллар. Харин энэхүү IPO гарснаар тэрхүү мөнгийг дотооддоо үлдээх боломж гарч байгаа гэсэн. Сайн хэрэг. Цаашлаад 5 тэрбум ам.долларын импортыг орлох бүтээгдэхүүнүүд ийнхүү нэг, нэгээрээ бий болоод байгаасай. Хамгийн гол нь тэр нь ямар нэгэн гэр бүлийнх биш, олон нийтийн хувьцаат компани болж хөгжөөсэй. 

Манай улсад олон Че Гевара төрөөсэй. Гэхдээ уур, хилэн, буу зэвсэгтэй биш, бөөн бөөн зөв бодлого, гарцтай хүн байгаасай. 



Г.ГАНЗОРИГ