Энэ 7 хоногт
Мардай дахь Оросын хувь магадтай юу?
Олны анхаарал татаж байгаа олон асуудлын нэг нь Мардай. Ураан гэдэг цацраг идэвхит бодисын нэртэй хоршиж дуулддаг энэ нэр монголчуудын хувьд “хориотой”, “хаалттай”, “аюултай”, “тусгай” гэх зэрэг давхар утгатай сонсогддог байлаа.
“Хэрүүлийн алим”
Олны анхаарал татаж байгаа олон асуудлын нэг нь Мардай. Ураан гэдэг цацраг идэвхит бодисын нэртэй хоршиж дуулддаг энэ нэр монголчуудын хувьд “хориотой”, “хаалттай”, “аюултай”, “тусгай” гэх зэрэг давхар утгатай сонсогддог байлаа. Хүн төрөлхтнийг үзэл суртлын лагериудад хувааж заагласан хүйтэн дайнаас улбаатай энэ далд агуулгууд одоо нэгэнт үгүй болоод “Мардай Монголынх” гэх туйлын санаанууд өөр хоорондоо уралдан, яаж үүнийгээ “чулуу болгох” тухай хэлэлцэж, хэрэлдэж сууцгаана. “Хэрүүлийн алим” чухам юу болохыг цухас тодруулъя.
Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойн баярт өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев уригдан айлчилсан билээ. Айлчлалынхаа үеэр мань хүн нэгэн гэрээ байгуулсан нь урааны салбарт хамтран ажиллах тухай хоёр талын тохиролцоо байлаа. Гэрээгээр “Дорнод ураан” хэмээх хамтарсан компанийг адил тэгш эрхтэй байхаар, мөн үндсэн хөрөнгийнх нь эхний бүрдүүлэлтийг урааны салбарт одоо ажиллаж байгаа Монгол-Оросын хамтарсан компаниудын хувийг шилжүүлж авах замаар байгуулахаар заасан байна.
“Урааны салбарт одоо ажиллаж байгаа Монгол-Оросын хамтарсан компаниудын хувь” гэдэгтээ “ах нар” Мардай дахь “Дорнод” ордод буй хувь оролцоогоо хэлж буй нь тов тодорхой юм. Гэтэл энэ ордын лицензийг эзэмшдэг “Төв Азийн ураан” компани хоёр биш, гурван талын оролцоотой. Тодруулбал Монгол, Орос, Канадын. Канадад бүртгэлтэй “Хан ресурсэз инк” компани “Төв Азийн ураан”-ы 58 хувийг эзэмшдэг. Манай улс 21 хувийг, Оросын тал мөн 21 хувьтай.
Дээрх гэрээг байгуулахад Монгол талаас зонхилж оролцсон хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр. Түүнийг Оросын талыг баримтлагч гэдгийг хэн хүнгүй мэднэ. Мань хүн Засгийн газрын тэргүн болсноосоо хойш урааны асуудлаар нэлээд эрчимтэй ажилласан байдаг. Оросууд ч “манай талын герман” гэж тооцож, түүнээс их зүйл хүлээж байсан байх. Урааны салбарт ОХУ-тай түлхүү хамтарч ажиллана гэдгээ тэр бүр 2008 оны 2 дугаар сард тус улсын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан В.А.Соболевтай уулзахдаа илэрхийлж байлаа. Нэг удаа бүр Дорнод аймагт явж байснаа цаашаа хил даван одож, улс төрийн хүрээнийхний хэл амны бай болсон. Сайндаа ч биш, “Росатом” корпорацийн ерөнхий захирал, ОХУ-ын Ерөнхий сайд асан С.В.Кириенко нисч ирээд аваад явчихсан юм билээ. Тэр хоёр эртний дотно найзууд байж. Үр дүнд нь бодит нөхцөл байдлыг үл харгалзсан дээрх гэрээ байгуулагдсан байна.
21-ийн “хойд тал”
Манай улс баялгийн эзэн орны хувьд лицензийн төлбөрт 21 хувийг авчээ. Харин оросууд 1980-аад оноос Мардайд оруулсан хөрөнгө оруулалтаа тооцож хувь хүртсэн гэгддэг. ЗХУ-ын урааны асуудал эрхэлсэн байгууллагын протоколд, 1981-1988 онд Дорнод аймгийн Дорнод, Гурванбулаг, Мардайн голын ордуудад нийтдээ 127,3 сая рубль зарцуулсан гэсэн тайлан бий.
ЗХУ дэлхийн II дайны төгсгөл үеэс манай улсад урааны хайгуул явуулж эхэлсэн юм. 1949 онд цөмийн зэвсэгтэй болохдоо үедээ тус улс өөрийн гэсэн ураантай байгаагүй. Улмаар Монгол дахь хайгуулаа идэвхжүүлж 1970-аад оны үед Мардайн ордыг илрүүлжээ. Ордыг ашиглах тухай “маш нууц” гэрээ 1980 онд байгуулагдсан байна. Энэ үед дайны хэнээ хүчээ авчихсан, нэг килограмм ураан 112,7 ам.долларт хүрч байлаа. Үндсэндээ бүх ураан атомын зэвсэгт хэрэглэгдэж байсан юм. Энхийн, иргэний зориулалтаар ашиглах оролдлого тун цөөхөн байсан бөгөөд байснууд нь ихээхэн болхи технологитой байв. 1986 оны дөрөвдүгээр сарын 27-нд Чернобылийн станц дэлбэрч, дэлхий нийтийг хиртхийлгэн айлгасан. Үүнээс цөмийн эрчим хүчний зогсонги үе эхэлсэн юм. Атомыг эрчим хүчний зориулалтаар ашиглахаас дийлэнх улсууд айх болов. Урааны үнэ ханш бараг тэг болтлоо уналаа. Яг энэ үед М.Горбачев өөрчлөн байгуулалтын бодлогоо тунхаглаж, социалист лагерь задарч эхэлсэн юм. Хүйтэн дайн дуусахад Ази, Европын өнцөг булан бүрт тараан байршуулсан цэрэг дайны зориулалттай хотхонуудаа санхүүжүүлэхээс Москва арга буюу татгалзахад хүрчээ.
Урьд оросууд ашиглаж байгаад орхисон жижиг жижигхэн цэргийн хотууд манай улсад өч төчнөөн бий. Монголчууд Эрээн рүү төмөр, зэс зэрэг түүхий эд гарган, эргэлтийн хөрөнгөө босгож байх үед тоногдож, ямар ч хэрэгцээгүй болцгоосон балгасууд газар болгонд тааралдана. Үнэхээр дайн болчихсон юм шиг сүйрч үлдсэн тийм городокуудын “араг яс”-ыг одоо анзаарах ч хүн үгүй болжээ. Ерөөсөө цэрэг, дайны зориулалтаар ашиглагдаж байсан тосгон сууринуудыг энхийн цагт тонохоос өөрөөр ашиглах ямар ч боломжгүй байдаг аж.
Ийм хувь заяагаар эвдэрхий балгас болж үлдсэн хотхонуудын нэг нь Эрдэс. Нууцын зэрэглэлтэй, газрын зураг дээр тэмдэглэгддэггүй, монгол хүмүүсийн хушуу ч цухуйдаггүй байсан энэ хотхон цагтаа 10 000 оршин суугчтай байжээ. Орж, гарах бүх хөдөлгөөн чанд хяналтын дор явагддаг тус суурин Мардайн гурван ордын яг тэхий дунд байгуулагдсан байна. Ордуудыг холбосон төмөр зам зүүн тийшээ явсаар Чита-Чойбалсангийн төмөр замд нийлж, Эрээнцавын боомтоор гаран Краснокаменст хүрнэ. Энэ замаар автомат буутай цэргүүдээр хамгаалуулсан галт тэрэгний цуваа өдөр бүр хүдэр ачин, Приаргуныг зорин оддог байжээ.
Өчигдрийн хотхоны өнөөдрийн төрх
Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос чанх арагшаа яг 90 км-т цэргийн нисэх онгоцны буудлын эдгэрсэн ором бий. Хөөрөх, буух зурвасыг гэрэлтүүлж байсан гэрлийн шонгуудаас цөөн хэд нь үлджээ. Мөн онгоцны түлш цэнэглэдэг байсан колонкийн суурь харлаж харагдана. Одоо энд нутгийн айлууд хаваржиж зусдаг болсон байна. Урьд бол ямар ч монгол хүн ойртдоггүй байж. Буудлаас ердөө 30 орчим км яваад, нэгэн намхан хөтөл давмагц баруун хойд орой дээр баригдсан орон сууцны хороолол үзэгдэв. Тав таван давхраар барьсан 7-8 угсармал байшин жаргах нарны наана сүүдэртэх нь сүртэй. Харамсалтай нь, бараг шинээрээ шахуу байшингуудын хана л үлдсэн нь энэ.
Орон сууцнуудаас зүүн тийш хотхоны төв үргэлжилжээ. Сибириэс авчирч тарьсан улиасан төгөл зундаа багсайтал ургадгаа илтгэн сэгсийлдэх аж. Яваад очвол “эзгүйдлийн” гарт хиарагдаад, хожуулан төгөл болж хувирчээ. Хотхоны дотуур авто замыг яг л шатрын хөлөг шиг төлөвлөж байсны ор үлдсэн байна. Зам тавьсан байсан том том хавтангуудыг зөөгөөд дууссаны цөөхөн үлдэгдэл өрөөтэй. Барилга байгууламжуудыг холбосон дэд бүтцийн сүлжээнүүдийг ухаж дуусгасан байлаа. 1000 гаруй хүүхэд сурдаг байсан болов уу гэмээр хоёр давхар сургууль, бас цэцэрлэг, эмнэлэг, соёл үйлчилгээний газар, дэлгүүр хоршоо байснаас нь тууриуд л үлдсэн байна. Улиасан төглийн урд, хойд талд хоёр ч том хиймэл нуур байсан гэнэ. Өмнөхөд нь дарга нар зугаацаж, ар талын нуурын эргээр залуус болздог байжээ.
Өдий дайны том тосгоныг хэрэглээний халуун, хүйтэн усаар хангахуйц нөөц тэр орчимдоо олдоогүй тул нэлээд эрэл хайгуул хийсний үр дүнд баруун хойд зүгт 22 км-т орших Сэвсүүлийн голын эхээс гүний эх үүсвэр илрүүлж, тэндээс 60-80 см-ийн диаметртэй хос турбогоор ус татдаг байсан байна. Энэ хоолой мөн л “төмрийн ченжүүдийн” гараар орсон гэнэлээ.
Ураан “стратегийн” түүхий эд байхаа больсон болохоор оросууд Мардайн уурхайг, хот сууринтай, төмөр замтай, юутай хүйтэй нь Монгол Улсад хүлээлгэн өгөв. 1981 оны нууц гэрээний заалт байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болгож үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн гэж байгаа. Ерөнхий сайд асан Д.Содном гуайн ахалсан Засгийн газрын комисс хүлээн авсан юм билээ. Гүний уурхайн бүх амуудыг цемент цутган хааж таглаад, уурхайчдын суурингийн байшин барилгуудаар оруулж хаалга үүд, түлхүүр түгжээг нь нээж хааж үзүүлэн, крантыг нь хүртэл онгойлгон ус гоожуулж энэ тэр сүйд болсон гэлцдэг. Бүв бүтэн манайд ирсэн ч гэлээ хотхон харамсалтай нь ямар ч хэрэгцээгүй байв. Хэрэгцээгүйнхээ хэрээр дорхноо сүйдсэн юм. Өмнөд хөрш рүү түүхий эд болон гарсан гэж хэлж болно. 2000 оны эхэн үед энд түүхий эдийн ченжүүд чухам багширч байсан гэнэ. Тухайн үедээ хамгийн их даацын машинууд төмөр, зэс, хавтан, тоосго... ер авч болох бүхнийг ачин зөрөлдөж байсан аж. Ямар сайндаа л Олон улсын цөмийн эрчим хүчний байгууллагын шинжээчид ирж, “Мардайд танай улс ямар ажиллагаа явуулаад байна вэ?” хэмээн асууж байсан гэх вэ.
Эндхийн гурван ордыг сүлжсэн нийт 10 000 метр урт хонгил газар доогуур бий. Хүдрийг бутлан унагаж, ганц урсгалтай замаар татаж гаргах технологи бүхий гүний уурхай нэг бүр нь 300-400 метрийн гүн, 10 гаруй босоо амтай. Харин орчин үеийн уул уурхайн технологийн шаардлагад энэ хонгилуудын аль ч хэсэг нь таарахгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, уурхайнуудыг дахин олборлох болоход Зөвлөлтийнхний үлдээгээд явсан дэд бүтцийг ашиглаж боломж байхгүй.
Уламжлалт “орос харилцаа”
Нурсан, сүйдсэн, хоцрогдсон энэ бүх байгууламжуудынхаа төлөө Оросын тал 21 хувийг эзэмшиж буй. “Хөрөнгө оруулалт” гэгчийнхээ төлөө шүү дээ. Гэтэл үнэндээ энэ хөрөнгө Монгол Улсад оруулсан хөрөнгө мөн эсэхэд эргэлзмээр. Ялимгүй лавшруулаад харвал, манай улсад биш харин өөрийн орондоо, зэвсэглэлээр хөөцөлдсөн хүйтэн дайны ашиг сонирхолдоо оруулсан хөрөнгө оруулалт байсан нь тов тодорхой харагдана. Тэгээд ч “ах нар” Мардайгаас маш их зөөсныг тоо баримт ч гэрчилж буй. Зардлаа хангалттай нөхөөд, бүр илүү гаргаж авсан гэвэл хилсдэхгүй. Зөвхөн Дорнод орд дахь 2В биетээс л гэхэд 1988-1996 оны хооронд 400 мянга орчим тонн ураан олборлосон тухай баримт бий. Харин манай улсад тонн тутамдаа 5 рублийн төлбөр төлж байж. Төлбөрийн хэмжээ нийт дүнгээрээ 2,2 сая болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, манайд оруулсан гэх “хөрөнгө оруулалт”-аас Монгол Улсад орсон нь ердөө л энэ.
Чернобылээс хойш хэсэгтээ уналтанд орсон урааны үйлдвэрлэл 2000-аад оны дунд үеэс сэргэж эхлэсэн юм. Атомын эрчим хүчийг аюулгүй ашиглахад технологи чухал үүрэгтэйг харьцангуй түрүүлж ойлгосон Франц, Япон, Канад зэрэг цөөнгүй улсуудад олон зуун атомын цахилгаан станц ашиглагдаж боллоо. Өнгөрсөн оны байдлаар дэлхий дээр нийт 480 атомын цахилгаан станц ажиллаж байна гэсэн тооцоо гарчээ. Энэ тоо тун ойрын үед 1000-д хүрнэ гэсэн төлөв бий. Эргээд ураан “үнэ цэнэтэй тоглогч” болж эрчим хүчний салбар руу түрэн орж ирэв. Сая л оросууд мартагдсан Мардайгаа нэхэн санатал Гурванбулаг, Мардайн голын ордууд нь нэгэнт эзэнтэй болоод, “Дорнод”-ын дийлэнхийг канадууд атгаж суулаа.
Монгол Улстай харилцах Зөвлөлтийнхний харьцаа бүх цаг үед шовинист, дээрэнгүй зан төрхтэй байсан. Энэ нь яг хэвээрээ байгааг тэд олон үйл явдлаар харуулж байна. Манай улсын уул уурхай тэр дундаа ураан, зэс, коксжих нүүрсний салбарт ноёрхлоо тогтоох гэж санаархаж буй нь Тавантолгойн тендерт “Оросын төмөр зам” илэрхий сэдэлтэйгээр оролцож байгаагаас тодорхой байна. Монголын төмөр замд ч барьцаа султгахгүй, харин ч ахиулах санаатай нь бүр хэдэн жилийн өмнөөс илэрч байсныг Мянганы сорилтын сангийн төслийг өөрчлүүлж чадсанаас нь харж болно. Цөмийн энергийн тухай хуульдаа бид “...хамтран байгуулах компаний хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гэсэн заалтыг оруулчихсныг ч үл тоомсорлон “адил тэгш эрхтэйгээр” хоёр талын оролцоотой компани байгуулна гэсэн гэрээ байгуулж, 50 хувийг нь нэхээд сууж байна. “Москвад унгахад Улаанбаатарт өмхий үнэртэхээ” больсонтой тэд эвлэрч чадахгүй байгаа бололтой. Социализмын үед ч манайх бие даасан, тусгаар тогтносон, бүрэн эрх улс байсныг олон жил “ах дүүгийн найрамдалт харилцаатай” явсан “ах нар” маань яагаад мэдээгүй өнгөрсөн юм бол оо?
zochin
haalttai nud
hyamaa
cowboy marlboro