Цагтаа дэлхийг бүхлээр нь байлдан дагуулж, Монгол морины туурайгаар тамгалж явсан мөнх хөх тэнгэр шүтээнтэй, хөх толботой монголчууд он цагийн эргэлтэд1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай үлдсэн. Зарим хүн хоёр их гүрний дунд оршиж байгаа жижигхэн улс гэхэд энэ зэргийн газар нутагтай үлдсэн нь том гавьяа гэж ярьдаг. Үнэхээр ч хэн нэгэн хөршдөө уусчихалгүй 21 дүгээр зууны босгыг алхсан нь Монгол төрийн үе үеийн удирдагчдын эх оронч зүтгэлийн гавьяа гэдгийг мартах учиргүй. Гэхдээ улс орны тусгаар тогтнол, түүх соёлын халдашгүй байдлыг зөвхөн өргөн уудам газар нутгаар хэмжих нь учир дутагдалтай болжээ. Нүүдэлчин удамтай монголчууд дэлхийд дахин давтагдашгүй нандин өв соёлтой ард түмэн. Уртын дуу, хөөмий, биелгээ, морин хуур, эрийн гурван наадам, босоо Монгол бичиг, тууль гээд тоочвол олон. Харамсалтай нь бид энэ бүх биет болон биет бус соёлын давтагдашгүй өвийнхөө нэлээдгүй хэсгийг харсаар байгаад хятадуудад алдсан нь энэ цагийн том эмгэнэл болчихоод байна. 2000 оны дундуур морин хуураа ЮНЕСКО-д бүртгүүлчихлээ гээд л дээр дооргүй хөөрцөглөж байтал хэсэг хугацааны дараа хорвоогийн зовлон жаргалыг хоёрхон чавхдасанд багтаадаг гайхамшигт хөгжмөө хятадуудтай хамтарч бүртгүүлсэн нь илэрч урам хугарч байсан санагдаж байна. Өөрөөр хэлбэл, морин хуур хөгжмийг Монголын ч, хятадын ч хөгжим гэж ЮНЕСКО заримдаглан бүртгэсэн байв. Хөөмийг хятадууд манай урлаг хэмээн мэлзэж өөрсдийн нэр дээрээ ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь бид соёл уламжлалын хувьд тусгаар тогтнолоо алдсанаас өөрцгүй хэрэг боллоо. Хятадууд өнгөрсөн оны 11 дүгээр сард Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад 22 өв бүртгүүлсний дотор Хоолойн цуур буюу Монгол хөөмийн дуулах урлагийг манайх хэмээн зөвшөөрүүлээд амжжээ.

Шавар тагзанд шигдэж, шаахай угласан хятад хүн хөөмийлж байхыг сонсоогүй л юм байна. Морин дэл дээр хийсч, уртын дуу цангинасан уудам талдаа эрх дураараа амьдарч, байгаль дэлхийдээ хамгийн ойр байдаг монголчуудын бий болгосон хосгүй өвүүдийн нэг нь хөөмий яах аргагүй мөн л дөө. Үүнтэй хэнбугай нь ч маргаад нэмэргүй. Хятадууд хөөмийг өөрсдийнх нь мэтээр тархи угааж, тамгатай цаас авч болох ч олон мянган жилийн турш уламжлагдан ирсэн хөөмийг монголчуудын ахуй соёлоос, сэтгэл санаанаас хэзээ ч арчин хаяж чадахгүй ээ. Хөөмийн гал голомт гэгддэг Ховд аймгийн Чандмань сумын уугуул УИХ-ын гишүүн С.Бямбацогт хятадуудын энэ үйлдэлд нэлээд эгдүүцэж байгаа бололтой юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт асуулга тавьж, хөөмийн урлагийг хамгаалах, хөгжүүлэх талаар Засгийн газар юу хийж байгааг лавлажээ. Эрхэм гишүүн энэ талаархи мэдээллийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлагнахын сайдаас хүссэн байв. С.Бямбацогт гишүүний сэтгэл өмрөн асуусан шиг Монголын төр, салбарын яам юу хийгээд явна аа. Хэл, соёлоо алдсан үндэстэн мөхөл рүү оддог гашуун үнэн бий. Өнөөдөр тусгаар улс гэж хил дээрээ буутай цэрэг зогсоон налайж байх хойгуур өвөг дээдсийн минь үлдээсэн өв соёлыг хятадууд өөрийнх болгоод дуусах нь. Энэ бол соёл уламжлалын тусгаар тогтнолоо алдаж байгаа хэрэг. Одоо хятадууд Монгол дээлийг маань өөрсдийнхөө хувцас мэтээр эндүүрч, ЮНЕСКО-г ятгаж байгаа дуулдсан. Яруу найрагч Б.Галсансүх “Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ” гэж бичсэн шиг Монгол дээлний захан дээр “Made in china” гэсэн бичиг хадагдахад дээлтэй Монгол минь нь нүцгэн үлдэнэ. Магадгүй хэдэн жилийн дараа эрийн гурван наадам хятад шошготой болчихсон байхад гайхах зүйлгүй болжээ. Хэл соёлоо харьд булаалгачихвал ардчилсан нэр зүүж, Азийн бар болохыг мөрөөдөөд ч яамай байна аа.    

  Б.Түвшинтөгс