Монгол, оросын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд хоёр дахин буурсан тухай хоёр улсын бизнес эрхлэгчид толгой сэгсрэн ярьж байна. Тэд эдийн засгийн хямралын жил ийм сөрөг дүн үлдээснийг тэмдэглээд, цаашид зөвхөн махны арилжаа төдийгүй, өөр салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах бололцоог эрэлхийлэн чууллаа.

Орос, Монголын бизнес эрхлэгчдийн уулзалтыг МҮХАҮТ зохион байгуулж байна. Мэдээж энэ уулзалт уламжлалт, жил бүр болдог ч энэ жил газар тариалан, эрчим хүч, ой модны чиглэлээр хоёр улсын бизнесийн салбарынхан хэрхэн хамтран ажиллах боломж байгааг ярилцаж буйгаараа онцлог юм. Орос руу гаргаж буй махны хэмжээгээ нэмэгдүүлэх, болж өгвөл Монголын тал өөр чиглэлээр хойд хөрш бүтээгдэхүүн үйлчилгээгээ оруулахыг чухалчилж байна.  Оросын тал ч гэсэн Монголд экспортлох боломжит бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах таатай боломжийг алдаагүй юм. Тэд энэ уулзалтад хорь гаруй бизнесмэний бүрэлдэхүүнтэй бүтэн багаар оролцож байгаа бөгөөд Бизнес уулзалтад ОХУ-ын Буриадын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Кукшинов.В.К хүрэлцэн ирж оролцсон. Монголын талыг  МХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтөгс ахалж, хоёр талаас нийт 50 гаруй төлөөлөгчид цуглан, тулгамдсан асуудлаа дундаа дэлгэн санал солилцлоо.

Оросын бизнесмэнүүдийн яриагаар манай улстай шууд хиллэдэг ОХУ-ын Буриад, Улаан Үдийнхэн Монголын компаниудтай ямар ч дамжлагагүй харьцаж, наймаа арилжаа хийх боломжтой боловч тэдний хэргийг, ялангуяа махны импортын асуудлыг Москва “мэддэг” нь нэлээд хүндрэл учруулдаг тухай хэлж байна. Манай улсын мах, махан бүтээгдэхүүн ч гэсэн эрүүл мэндийн шаардлага хангадаггүй олон улсын стандартад нийцэж өгдөггүй нь одоо ч асуудал хэвээр байгаа тухай энэ өдрийн уулзалтаар хөндөгдсөн. Уулзалтаар өөр нэг анхаарал татах сэдэв сөхөгдсөн нь Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх асуудал. Оросын наймаачид өргөн хэрэглээний бараагаа Хятад руу гарч, зөөхөд зөвхөн замын зардалд 800 ам.доллар зарцуулдаг гэнэ. Харин монголчуудаар зөөлгөөд, Алтанбулагаас татахад ердөө 80 ам.доллар байхад л хангалттай. Тиймээс энэ худалдааны төвийн үйл ажиллагааг өргөтгөж, сайжруулах нь зөвхөн хойд хөршийн наймаачдад төдийгүй манайхны амьжиргаанд дөхөм болох сайн талтайг монголын бизнесмэнүүд онцолж байна. Оросуудаас суралцууштай өөр нэг санаачилга энэ удаагийн уулзалтаар яригдсан. Цаг уурын адилхан нөхцөлд аж төрдөг хойд хөршид дулааны хангамжийг ухаалгаар зохицуулсан технологи нэвтрээд удаж байна. Энэ талаар туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах боломжтойгоо тэд хэллээ. Түүнчлэн орчин үеийн барилгын шинэ технологи, эрчим хүчийг оновчтой, хямд төсөр байдлаар ашигладаг компаниуд туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Бизнес уулзалтын хүрээнд хоёр улсын хамтарсан үзэсгэлэн нээгдэж гурав хоногийн турш хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа  сурталчилж байна. “Агро-энерго-лес” сэдэвт үзэсгэлэнд оросын барилгын компаниуд болох “Байкал Дом строй” , “Теплоарматура”, “Электрос” болон    аялал жуулчлалын  чиглэлийн гол гол компаниуд ирсэн байсан. Тэдний сонирхол бол Монголд бүтээгдэхүүнээ нийлүүлэх, салбар чиглэл адилхан бусад байгууллагтай харилцаа тогтоох зорилготой юм байна. Монголын талаас ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүд, эмийн компаниуд л түлхүү ирж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар танилцуулга хийж байна лээ. Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр гэхэд манай компаниудын ихэнх нь танилцуулга, тараах материалаа дууссан гэсэн үгтэй.

 Орос, Монголын бизнес уулзалт үдээс хойш ганцаарчилсан уулзалтаар үргэлжилж байна.

Д.Золзаяа