Найруулагч Д.Бямбасүрэн кино урлагийн дэлхийн зах зээл дээр өрсөлдүүлэх ээлжит бүтээлээ гараанаас нь тавилаа. “Чингисийн хоёр загал” хэмээх, зохиолыг нь өөрөө бичиж найруулсан бүтээлийнх нь нээлт Германд энэ сарын 6-нд болсон бол эдүгээ АНУ-д гарч эхэлжээ. Энэхүү бүтээлийн албан ёсны сайтаар зочлоход ихэвчлэн гадаадынхан санал сэтгэгдлээ үлдээсэн байх аж. Хүн бүр түүнийг магтжээ. “Бямбасүрэн бол агуу найруулагч “ гэсэн нь олонтаа.

Өмнө нь “Шарга морь”, “Ингэний нулимс”, “Шар нохойн там” зэрэг бүтээл хийж, нэгийг нь “Оскар”-т ч нэр дэвшүүлж байсан энэ уран бүтээлчийг Германд “Домогт найруулагч гэдэг” хэмээн “Чингисийн хоёр загал” киноных нь хөгжмийн зохиолчоор ажилласан Д.Ганпүрэв хэлж байна. Тэрбээр энэ үгийнхээ цаана, Европт хүлээн зөвшөөрөгдсөн найруулагчаа монголчууд мэддэг ч үгүй, тоодог ч үгүй гэж хэльюү гэсэн санаа агуулж буй нь илт.  

Өөрсдийнхөө авьяас, хүчийг мэдэрдэг, аливаа үнэ цэнтэй зүйлийн үнэ цэнийг өөрөө ойлгохын зэрэгцээ бусдад ойлгуулахын ухааныг олсон орчин үеийн уран бүтээлчид  эрх мэдэл, сандал суудал, шагналын төлөө явахгүй л дээ. Тийм хүсэл, сэтгэл, зав ч тэдэнд байхгүй. Гэсэн ч Монголыг кино урлагаар дамжуулж дэлхийд таниулж яваа ганц найруулагчдаа талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэх жудаг монголчуудад, төрд баймаар. Энэ тухайд хөгжмийн зохиолчтой санал нэгтэй байна.

Өөрсдөө ярихаас өөр юм хийдэггүй зарим нэг уран бүтээлч “Бямбасүрэнгийн кинонуудад онцгой, илүү юм байдаггүй. Байдаг л санаа, ахуй. Хэл устай, гадаадынхантай харилцаатай болохоор л яваад байдаг шиг байгаа юм” гэж тоомжиргүй хандах нь бий. Гадаад хэлийг төрөлх юм шиг эзэмших, Европын маш их өрсөлдөөний дундаас товойн гарч ирэх уран бүтээлчидтэй түншлэх, тэдний хэрийн мэдлэг, мэдрэмжтэй байх гэдэг чухам монгол уран бүтээлчдэд дутагддаг чанар гэж бодном. Тэгэхээр энэ бүхнийг эзэмшсэн, кино урлагийн гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай монгол найруулагчдаа шинэ бүтээл нь дэлхийн том гүрний үзэгчдийн хүртээл болж эхэлж буй энэ мөчид түүнд баяр хүргэж, амжилт хүсье   

Найруулагчийн шинэ бүтээл “Чингисийн хоёр загал” нь монгол ардын урлагийн ховордсон бүтээлийг эрж хайх явцад өнөөгийн Монгол орон, нийгмийн дүр төрхөөс нүүдэлчин уламжлал, соёл алдагдахын зэрэгцээ байгаль сүйдэж, баялаг гадаад руу урсч,  монголчууд газар нутагтаа эзэн нь байх хөг өнгөрөхөд ойрхон буй тухай өгүүлсэн аж.  Хоёр загал морины тухайд бол гол дүрийн монгол бүсгүй “Чингисийн эр хоёр загал” дууг монголчууд өнөөдөр дуулж байна уу, үгүй юү гэдгийг эрэн сурвалжилж буйтай холбоотой.