Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ
AI гэдэг чинь автомат камер биш, камерийг ашиглаж мэдээллийг боловсруулж байгаа тархи нь юм. Юмыг хийвэл хийсэн шиг хийж суръя. Хийж чадахгүй бол байгаа юмаа байгаагаар нь нэрлэж суръя.
Оны эхний өдрөөс "AI камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх, торгууль оногдуулах" ажиллагаа эхэлсэн. Үр дүнд нь замын хөдөлгөөний зөрчил 65 хувь хүртэл буурсан тухай ч мэдээлсэн. "Манай Нямбаатар дарга түгжрэлийг жинхэнэ алаад, ялаад хаялаа" гэж эхний хоёр өдөр соошлаар баахан хөөсөрсөн. Атал бүх юм бахь байлгаараа л үргэлжилж байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны мөн өдийд Засгийн газрын шуурхай хуралдаан болж, “Хорин минутын хот” үндэсний хороо болон Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхийн тулд хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх тухай” танилцуулсан.
Тухайн үед нийслэлийн хэмжээнд туршилтаар тавигдаад байсан 44 камерт сарын дотор 150 мянга гаруй замын хөдөлгөөний зөрчил илэрдэг. Камерт бичигдсэн зөрчлүүдийг баталгаажуулахын тулд заавал нэг эрх бүхий албан тушаалтан бичгээр баталгаажилт хийж байж торгууль бичигддэг. Нийслэлийн хэмжээнд ердөө 15 тооны /хотын дарга Х.Нямбаатар хэлчих шиг болсон/ эрх бүхий албан тушаалтан өдөр шөнөгүй ажиллаж байж энэ 150 мянган зөрчлөөс ердөө 7000 дээр нь бичилт хийж баталгаажуулдаг гэж байв.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камер суурилуулж, замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянаж, илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж байгаа юм байна. Гэтэл зөрчлийн тоо буурсан ч түгжрэл буурсангүй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл өрөөсөн нүдтэй, тал тархитай AI ажиллаж байгаа учраас. Хүнээр бол хөгжлийн бэрхшээлтэй л нөхөр байна.
Өмнө хэлсэнчлэн "Хорин минутын хот" үндэсний хорооноос танилцуулсан зүйл нь "хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх" тухай байгаа биз. Үндсэн зорилго нь түгжрэлийг бууруулах. Харин зөрчлийг илрүүлэх, бүртэлжүүлэх нь түгжрэлийг бууруулахын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Өөрөөр хэлбэл, дэд асуудал. Тиймээс түүний өмнө "хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын систем" буюу хөдөлгөөнийг удирдах асуудал байгаа. Атал тэр нь ажилладаггүй ээ. Зүгээр л автомат удирдлагатай камер ажиллаж байна. Үүнийг "ухаалаг систем" гэдэггүй.
"Хиймэл оюун" гэж яриад байгаа маань бэлэн байгаа өгөгдөл дээр суурилаад хамгийн үр дүнтэй хувилбарыг тооцоолж гаргана л гэсэн үг шүү дээ. Аль зам дээр ачаалал хамгийн их эрчимтэй байна, тэр хөдөлгөөнийг хааш нь шилжүүлэх, хаагуур тойруулах вэ гэдгийг AI-гаар тооцоолж гаргана. Тэр дагуу хөдөлгөөнийг удирдана аа л гэсэн үг.
Атал одоо манайхан юу хийж байна, аль болох олон зөрчил илрүүлэх, торгууль тавих нь л нэгдүгээр асуудал болчихоод хөдөлгөөнөө зохицуулахгүй байна. Уулзварууд дээр нөгөө л цагдаа зохицуулдаг хэвээрээ.
Уг нь бол замын цагдаагийн ажил чинь хөдөлгөөнийг зохицуулах биш, замын хөдөлгөөний осол гэмтлээс сэргийлэх /осол гарсан тохиолдолд яаралтай арга хэмжээ авах/ хөдөлгөөнд саад учруулж байгаа, учруулж болзошгүй этгээдийн үйлдлийг таслан зогсоох /согтуу, галзуу, насанд хүрээгүй этгээд зам сүлжээд давхиж явбал саатуулах гэх мэт/ гэх мэт шүү дээ. Түүнээс биш дохиур бариад гэрлэн дохионы үүрэг гүйцэтгэх биш.
Үнэхээр ачаалалтай уулзварууд дээр, эсвэл ачаалалтай үед бол хөдөлгөөнийг зохицуулна л даа. Гэхдээ хөдөлгөөнийг удирддаггүй гэдгийг л санаад авчих.
Тийм болохоор манайхан нэгдүгээрт, юмыг хийвэл хийсэн шиг хийж суръя. Хийж чадахгүй бол байгаа юмыг байгаагаар нь нэрлэж суръя. AI гэдэг чинь автомат камер биш, камерийг ашиглаж мэдээллийг боловсруулж байгаа тархийг хэлдэг. Зөрчлийг яаж ч илрүүлээд, торгоод 650 мянган машин нийслэлийн зам дээр гардгаараа гарна. Тэр хөдөлгөөний эрчмийг яаж зохицуулах вэ? гэдэг л Замын хөдөлгөөний удирдлагын төв Засаг даргатай хамтраад шийдэх ёстой юм.

