Энэ 7 хоногт
Шувуулахуйн ан агнуурын онцлог
Шувуулахуй нь хэдэн мянганы турш хүмүүсийн аж ахуй, соёл, шашин шүтлэг,газар зүйн онцлогтой холбогдон хөгжихдөө хэд хэдэн хэлбэрийг үүсгэжээ.
Хүн төрөлхтөний дунд гурван үндсэн агнуурын төрөл байдаг гэж үздэг:
- Гөрөөлөхүй
- Шувуулахуй
- Загасчлахуй
Шувуулахуй нь хэдэн мянганы турш хүмүүсийн аж ахуй, соёл, шашин шүтлэг,газар зүйн онцлогтой холбогдон хөгжихдөө хэд хэдэн хэлбэрийг үүсгэжээ.
Нэгт. Ой, шугуй, намгархаг газарын үндэстнүүд голдуу үлэг харцага, морин харцага, үүрсээ харцага, harris hawk, cooper's hawk зэрэг богино зайнд хурдан шаламгай, тэсрэлттэй голдуу харцагын төрлийн шувуудаар дэглий, гургуул бөднө, бор туулай зэргийг авладаг. Ихэвчлэн Зүүн өмнөд Азийн орнууд Солонгос, Хятадын өмнөд хэсгийн мужууд, Япон, Шинэ Зеланд, Өмнөд Америкад газар зүйн энэ хэв шинжийг даган шувуулахуйн энэ хэлбэр хөгжжээ.
Хоёрт. Говь, цөлөрхөг газарт шувуулахуй нь эрс өөрчлөгдөж идлэг шонхор, цагаан шонхор, эгэл шонхороор цөлийн бор туулай, жороо тоодог, эгэл шарандан, цахлай, усны шувууг авлуулах сонгодог хэлбэрийг олсон байна. Цөл газарт аливаа олзыг хол зайд буюу 0,5-7км хүртэл хөөж элдэж барьдаг ба үүнийгээ дагаад холын зайд тэсвэртэй, цуцдаггүй, хурдан шувуудыг хэрэглэдэг байна. Гол төлөөлөгчид нь Арабын орнууд, Туркменистан, Монгол.
Гуравт. Уулархаг бүс нутагт буюу Алтайн бүсд цармын бүргэд, үлэг харцага зэргээр том биетэй ан болох үнэг, туулай, чоно, зээр хүртэл бариулдаг байна. Жишээ нь, Монголд бүргэдийн анчид морин дээр цармын бүргэдээ авч уулын хяр дээгүүр самнан явдаг. Ан үргээлэгнээс зугатахад өндөрлөгөөс бүргэдээ тавина. Бүргэд салхи ихтэй өндөрлөг уулаас доош зугатах анг шумбан барьдаг. Мөн Пакистан, Иранд уулархаг мужуудад үлэг харцага сургадаг, анчид мөн адил өндөр уулаар самнаж хахилага авладаг.
Дөрөвт. Газар тариалан хөгжсөн орнуудад голдуу эгэл шонхор болон харцагуудаар бор туулай, ахууна, ятуу, нугас тэргүүтнийг отож шумбах аргаар авладаг (түүхч, археологч У.Эрдэнэбат Монгол шувуулахуй номондоо хатган шумбах аргыг тайлбарласан байдаг). Гол төлөөлөгчид нь нийт Европ болон Хойд Америк ба газар тариалан өндөр хөгжсөн бүс нутагт тухайн онцлогоо даган шувуулахуй нь бүрэлдэн тогтжээ.
Аж ахуй, соёл нь шувуулахуйн хөгжилд нөлөөлөх том хүчин зүйлийн нэг юм. Дэлхий дээр үндсэн хоёр төрлийн аж ахуй зонхилдог нь суурин ба нүүдлийн. Нүүдэлчдийн шувуулахуйн онцлог нь явган явж биш хөөж авлахад оршдог. Үүний тулд морь, тэмээ зэргийг ашигладаг ба орчин үед машин техник болж дэвшсэн ч үндсэн хэлбэрээ өөрчилсөнгүй. Хубилай хаан нисэж яваа тогоруу руу шонхор тавьж агнадаг байсан тухай түүхэн мэдээ бий. Тэгвэл энэ үзэгдэл одоогийн арабуудын шувуулахуйн үндсэн онцлог, хэлбэр юм. Арабууд холоос, дунджаар 0,2-05 километрийн зайнаас сургасан шонхороо тоодог, туулай тэргүүтэн рүү тавьдаг. Мөн Араб анчин сургасан шонхороо сүрэг цахлай руу тавьж амжилттай агнахыг миний бие 2019 онд Дубай хотноо харж билээ.
Суурин иргэншилтэй улсууд шувуулахуйн бас өвөрмөц нарийн хэв шинжийг бүрэлдүүлж чаджээ. Тэд голдуу байц, саад ихтэй ой мод, голын шугуй, тариалангийн талбайд ан ав хийнэ. Эхлээ үргээгч нохой ашиглаж анг аль болох бартаанаас гаргадаг ба энэ үед шонхор аль хэдийнэ хөөрч чадах чинээгээрээ ашигтай байрлал авч отсон байдаг. Ятуу, ахууна, нугас зэрэг шувууд хөөрөх үед отоонд байсан шонхор асар хурдтай өндөрөөс шумбан олзоо авлана. Нүүдэлчдийн хувьд морины хурд ангийн амжилтад нөлөөлдөг бол энэ тохиолдолд үргээгч нохой өндөр үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Ганболдын ДОРЖЛХАГВА
Биологч, шувуу судлаач
Ганболдын ДОРЖЛХАГВА нь
Шувуулахуйн өв соёлыг сэргээхээр 2016 оноос эхлэн ажиллаж байна. 2015 он Улаанбаатар хотноо зохиогдсон Шувуулахуйн наадам, 2016 онд Киргизийн Чолпан-Ата хотод дахь Олон Улсын Нүүдэлчдийн Их наадам, 2017 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Шувуулахуйн их наадам, 2019 онд мөн Абу Даби хотноо зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн нэрэмжит Алтан Цомын тэмцээнд анх удаа Монгол улсаас оролцжээ.
Тэрбээр 2018 онд өөрийн туршлага дээр үндэслэн Монгол шувуулахуйн өнөөгийн хөгжлийн талаар Английн Кроун хэвллээс (Crown Publishing) эрхлэн гаргадаг World of Falconry сэтгүүлд, мөн 2019 онд Дэлхийн Шувуулахуйн Холбооны сэтгүүлд нийтлэлүүдээ хэвлүүлсэн.
2019 онд Монгол орны шувууд нэртэй шинжлэх ухааны номоо Английн Жон Беофоу хэвлэлтэй хамтран Англи хэл дээр хэвлүүлснээр одоогоор amazon, NHBS зэрэг дэлхийн томоохон худалдааны сүлжээ сайтаар худалдаалагдаж буй.