З. Хангалыг 1996 онд тэнгэрт халих тэр үед монголчууд бид дахин мөд төрөхгүй авьяас билэгтэн энэ хорвоог орхилоо доо гэж ойлгоогүй гэж бодогддог юм. Хөгжмийн мэргэжилтнүүд бол түүнийг хэн бэ гэдгийг мэдэх учир харуусч байсан байх. Харин эгэл жирийн бид мэтийн хүн “Тэнгэрт од харвах чинь, минийх биш, чиний од” гэсгээд, аягүй бол зүүн мөрөн дээгүүрээ нулимсан даа.  Зарим нь дуулаач үгүй биз. Гэтэл он цаг урсах  тусам Зундуйн Хангалын бүтээл туурвил зүрхний чанад, сэтгэлийн гүнээс чангаагаад байх юм. Анзаараад байхад эдүгээ олон хүн түүний хөгжмийг бие биеэсээ эрж сурах болсон байна. Монгол хүн бүрийн амны уншлага болсон “Аяны шувуу” дууг зохиосноор нь сайн мэдэх З.Хангал өөр ямар дуу, мэргэжлийн өндөр түвшний бүтээлүүд туурвисныг сайн мэдэхгүй ч хөгжмийг нь интернэтээс ч болов хайж суугаа залуусыг харахаар тэдэнд “Салхич шувуу”-г нь, “Эрдэнэсийн уулс”-ыг нь, морин хуурын концерт, алдарт чавхдаст хөгжмийн дөрвөлийг нь “амьдаар” сонсгож байхсан гэж боддог. Ямар мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Хэрвээ би маргааш Соёлын сайд болчихвол ажлаа Улсын филармонийн даргад “Залууст өдөр бүр Хангалын хөгжим сонсгож бай” гэдэг даалгавар өгөхөөс эхэлж ч магад. “Энэ хүүхнүүд үү” киноны Жамц дарга “Уул шугамандаа хэрвээ Дуламсүрэн эмэгтэй хүн байсан бол нэгдийнхээ бүх хүүхнүүдийг эрэгтэй хүнээр солиход ч бэлэн байна” гэж хэлдэгтэй агаар нэг зүйл мөрөөдөж байгаа биз.

ДБЭТ уран бүтээлийн энэ оны хөтөлбөрийнхөө магнайд З.Хангалын “Эрдэнэсийн охид” бүжгийн жүжгийг үзэгчдэдээ хүргэж буйг олзуурхан, энэ өдрийг тохиолдуулан шинэ Монголын шинэ хөгжмийн зохиолч З.Хангал гэж чухам хэн байсан талаар цухас боловч дуулгахыг  хүслээ.  

XIII хорооллын хуучны өндөр гурван шар байрны дунд талын байшингийн хананд түүний хөрөг зураг бүхий самбар өлгөөстэй байдаг юм. Тэр байшинд он удаан жил амьдарч байсан болохоор хүндэтгэлийн самбар байрлуулжээ. Түүнийхтэй зэрэгцээд ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Билэгийн Дамдинсүрэн болон урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч агсан Х.Билэгжаргал нарт зориулсан самбар ч байх. Б.Дамдинсүрэн гуайн охин Д.Дамдиндулам гуайтай энэ намар очиж уулзахад хуучлах зураа “Хангал, Билэгжаргал хоёр манайхаар их орж ирдэг байлаа. Тэд мэнд мэдэхтэйгээ зэрэгцээд аавын төгөлдөр хуурт духаа хүргээдхэнэ. Адис авч байгаа юм уу, яаж байгаа юм” гэж ярьж билээ. Хөгшин, залуу гурав оройжин хөгжмийн тухай ярьж, хийж буй зүйлээсээ бие биедээ тоглож сонсгодог байсан гэнэ. Одоо бодохноо тэдний яриа хөөрөө нэг их сайхан дуусашгүй үлгэр мэт байсан биз ээ.

    З.Хангал бол шинэ Монголын шинэ хөгжмийн зохиолч буюу. Эртний соёлт Монгол Улс  Манжийн дарлалд орсноор хөмөрсөн тогоон дотор лугаа амьдрахдаа дэлхийн соёлоос хэдэн зуунаар хоцорч байсан түүх бидэнд бий. Харин тусгаар тогтносон улс болсноор үндэсний соёл урлагийн мэргэжилтнүүдийг алхам алхмаар бэлтгэх хүрээнд Европын хөгжмийн соёлын ертөнцөд жинтэй байр суурь бүхий хойд хөршдөө авьяаслаг хөвгүүдээ илгээн өөрийн гэсэн мэргэжилтнүүдээ бэлтгэж эхэлсний түрүүч нь нэрт хөгжмийн зохиолчБ.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа нар. Тийм ч учраас тэднийг Монголын орчин цагийн Монголын хөгжмийн урлагийн тулгын гурван чулуу хэмээдэг билээ. Ардын уламжлалт урлаг, дуу хуур, айзам хэмнэлээ гойд мэддэг тэрхүү агуу монгол хөгжмийн зохиолчид 1950, 1960, улмаар 1970-аад онд ёстой л машин мэт ажиллаж эдүгээгийн бидний гайхан биширдэг мэргэжлийн олон сайхан хөгжмийн бүтээлийг туурвисан түүхтэй.

Харин хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Н.Жанцанноров “Монголын хөгжмийн 12 хөрөг” номондоо өгүүлснээр манай улс 1963-1975 онд мэргэжлийн нэг ч хөгжмийн зохиоч бэлтгээгүй аж. Ийн бүхэл бүтэн нэг үе болох 12 жилийг алгассаны дараа бодлогоор хойш нь илгээж сургасан анхны хөгжмийн зохиолч бол З.Хангал аж. Багаасаа төгөлдөр хуур тоглож өссөн тэрбээр хөгжим зохион туурвих ажилд гарамгай нэгэн болж өссөн төдийгүй Монголын хөгжимд урьд өмнө тэр бүр сонсогдож байгаагүй өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсанаараа онцлог аж. Хойшоо дээд сургуульд явахаасаа өмнө буюу 1966 онд алдарт “Аяны шувуу”-гаа бичсэн байжээ. Мөн түүнээс хойш бүтээсэн олон зохиол нь эхэн үедээ нэгэн янзаар сэтгэдэг баригдмал сэтгэлгээтэй мэргэжилтнүүд, тэр бүү хэл хөгжимчдөд ч хүртэл хачин сонсогддог байж гэнэ. Зарим нь “Энэ нэг л буруу бичигдсэн зохиол байх шиг байна” гэж хүртэл хэлж байжээ. Гэтэл тэдгээр нь хөгжим бичих, зохиомжлон найруулах тухайд шинэ сэтгэлгээгээр хандаж бий болгосон өнөөгийн алдарт бүтээлүүд нь байв.

Тэрхүү бүтээлийнх нь нэг болсон “Эрдэнэсийн охид” бүжгийн жүжгийг ДБЭТ үзэгч олондоо өчигдөр үдэш толилууллаа. Эдүгээ бидний дунд байхгүй, эргээд ирэхгүй, дахин тансаг хөгжим бичихгүй суу билэгт хөгжмийн зохиолчдынхоо бүтээл туурвилыг ийн жилдээ нэг удаа ч болов дуурсгаж байгааг сайн үйл хэмээн тэмдэглэхээс одоохондоо хэтрэхгүй нь.

Уг нь хөгжмийн соёл өндөртэй хөгжилтэй улс орнуудын жишгээр бол З.Хангал мэт нь манай улсын үндэсний баатруудын нэг юмсан. “Сайн эцгийн нэрийг хэд худалдаж идсэн ч яах вэ ” гэх лугаа түүнийг монгол үндэстний брэнд хэмээн тоож, монгол хүний авьяас билгийг дэлхийд сурталчилж баялаг босгосон ч болох, уг нь. Түүнийг манай Дебюсси, Малер, Стравинский гэсэн ч яадаг юм.  

Гэтэл өнөөгийн монголчууд түүний бичсэн мэргэжлийн дан хөгжмийн олон алдарт бүтээлийг нь сонирхдоггүй юм гэхэд балетмейстер Б.Жамъяндагвын цомнолоор 1981 онд бичиж, тайзнаа тавьсан “Эрдэнэсийн уулс” бүжгийн жүжиг, Д.Шостаковичийн дурсгалд зориулсан “Салхит шувуу” найраглал, “Анхны алхам”, “Хатанбаатар”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг киноны дуу, үгүйдээ л “Суварган цэнхэр уулс” киноны “Хунгийн дуу”-гаар түүний хэн байсныг мэдэж байх ёстой.

Авьяас билэгт Зундуйн Хангалын тухай ийн яаран дааран бичих учиргүй юм. Гэсэн ч түүний том хэмжээний бүтээлийг театр үзэгчдэдээ хүргэсэн өдрийг тохиолдуулан шалавласан нь энэ. Нэг үеэ бодоход цөөн хэдэн алдартай хөгжмийн зохиолчийн тухай бичих, мэдээлэх хэрэг гарахад тэгтлээ сандрахаа байсан. Н.Жанцанноров гуай өөрөө зөвшөөрсөн болохоор түүний “Монголын хөгжмийн 12 хөрөг” номыг шүүрээд л авдаг. Энэ удаа ч түүний номоос будаа идэж,  

“Эрдэнэсийн охид” балет нь эрт харвасан од тэнгэр эрхсээс ширтэн байгааг монгол түмэнд дахин нэг сануулав гэх гэсэн юм. 1948 онд төрсөн тэрбээр даанч эрт явчихаж дээ.

Р.Оюунжаргал (“Өдрийн шуудан” сонин)