Хорин есөн гэр бүл илчлэгдсэн нэгнээ аврахаар улайрч байна. Учир нь…

Үгээр наадахуй

Анх Шадар сайд Ө.Энхтүвшин “нийгмийн баялгийг тонон хөлжигч 20 гэр бүл” хэмээх нэр томъёог эргэлтэд оруулжээ. Энэ хэлц үгийг зохиож байхдаа тэрээр сөрөг хүчин асан МАН-ын дарга байсан юм. Хэлний хөгжил нь нийгмийн нөхцөлөө дагадаг жишгээр Монгол Улс 3 сая иргэнтэй болсны дараачаас хорь бус гуч гэж хэлэх нь эвтэйхэн агаад түгээмэл болсон ажгуу. Ялангуяа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ үг хамгийн их давтамжтайгаар дурдагдсан гэхэд буруутахгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд

3 сая иргэнтэй холбож 30 гэр бүл гэж хэлэхээр илүү ойлгомжтой сонсогдож байгаа биз дээ. Түүнээс биш байгалийн баялгаар баяжигчид 30 гэр бүлийнхнээс хамаагүй их.

Н.Багабандийг хүртэл ярьж болно шүү дээ. Оюутолгойн ТУЗ-д суугаад жилдээ 100 мянган ам.доллар авдаг. Н.Багабанди гэдэг сайн хүн сайн ажиллаад ийм мөнгө авч байгаа юм биш. Төр 34 хувийг нь эзэмшдэг учраас төлөөлж тэнд суугаад авч байгаа мөнгө. Зүй нь авсан мөнгөө улсад өгөх ёстой ш дээ. Томилгоогоор сууж байгаа учраас. … байгалийн баялгаас Н.Багабанди гэдэг хүн илүү хүртэж байна уу, эсвэл 34 хувь нь илүү оногддог Монголын ард түмэн илүү хүртэж байна уу? гэдгийг ганцхан эндээс харчих даа.

Харин УИХ-ын танхимд “гучин гэр бүлийн жагсаалтыг гаргаж өг, Ч.Хүрэлбаатар хэдэд нь бичигдснийг мэдмээр байна” гэхчилэнгийн сониучхан асуултууд угсраагаар тавигдаж, “шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад 30 гэр бүлийг буруутгалаа” гэх лут дүгнэлтүүд ч хөврөв. Энэ бүхэн бол ердөө л үгийн наадаан юм. Утга учир нь өөр зүйлд бий.


Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

Гучин гэр бүлийн нэрсийг нь хэлж өгөөч. Энэ дотор хэн, хэн нэг, хоёр, гурав гээд багтаж байна. Ч.Хүрэлбаатар сайд энэ 30-ын яг хэдэд байна вэ. Үүнийг нэгдүгээрт мэдмээр байна.

хэмээн асууснаар “ухаан сийлсэн” хэмээн бүлэгтээ магтагдаж, крептократ бүлэглэлийн ойрын үед явуулах суртлын ажлын чигийг гаргаж өгчээ.


Үүнд нь өгсөн З.Энхболдын хариу: 

Төрийн ажилд заавал шүүхээс гэм буруутайг нь тогтоох албагүй шүү дээ. Хэрэв шүүх гэм буруутай нь тогтоовол тэр хүн шүүхээс ял авах нь тодорхой. Ах дүүсээрээ Монголын баялгийг зарчихаад Сангийн сайд хийж чадна гэж бодохгүй байна. МАН дотор Сангийн сайд хийчих хүн олон байна. Хамгийн сүүлд батлуулсан төсвийн тодотголыг нь хар л даа. 55 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байна. Энэ зөв бодлого уу. Би бол буруу гэж бодож байгаа. Ерөнхийлөгч мөн адилхан буруу гэж бодож байгаа. 55 тэрбум төгрөгөөр арьс шир боловсруулах үйлдвэр байгуулж малчдын гар дээр үнэгүйдээд байгаа арьс ширийг авч боловсруулад зар л даа. Төсөв санхүү хэцүү байна, хүүхдийн мөнгийг хасъя, татвар нэмэхээр боллоо гээд байсан нь худлаа байсан юм уу.


Асуудлын мөн чанар - KLEPTOCRACY

Монгол хэлний гэр бүл гэх холбоо үг нь хамтдаа амьдардаг (цусан төрлийн холбоотой, гэрлэсэн г.м.) хүмүүсийг, эсвэл бие биетэйгээ эрх ашгийн холбоотой бүлэг хүмүүс буюу амьтдыг нэрлэх нэр үг ажээ. Тэгэхээр 30 гэр бүл гэдэг ойлголтод гучин айл өрхийг ойлгох нь зөөлөн хэлэхэд тэнэгдүү явдал юм. Эрх ашгаараа нэгдсэн 30 бичил бүлэглэл гэсэн утга энд илүүтэй наалдна. Ерөнхийлөгч болоод түүний Тамгын газрын дарга нар чухам энэ утгыг илэрхийлж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Харин Монголын баялагт шимэгч хошуугаа гүн зоосон гучин бүлгийнхний зүгээс тэдний тэмцлийг утга учиргүй зүйл болгон харагдуулах гэхдээ элдвийг сэдэж байгаагийн нэг нь Хамгийн олон лицензи эзэмшдэг гэр бүлийн жагсаалт гэх зүйл юм.

УИХ-ын даргад илгээсэн Ерөнхийлөгчийн хориг хэвлэлд гарахтай зэрэгцэн Г.Дамдинням гэгч хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч 30 компанийн жагсаалт гэх хүснэгтийг тараав. Зорилго нь Ч.Хүрэлбаатарыг гэмгүй нэгэн болгон харагдуулахын дээр гучин гэр бүл гэх нэр томъёог утгагүй тэнэг үг, хоосон зүйл болгох, лиценз эзэмшигчдийн бухимдлыг төрүүлж, Ерөнхийлөгчийн эсрэг турхирах гээд хэлчихэд нэг их зөрөхгүй. Учрыг нь Г.Дамдиннямын туулсан замналаас олоод харчихаж болно. Оюутан цагаасаа Ардын намын дайрагч бүлгийн хэсгийн ахлагч байж турхирсан зүйл рүү нь архиран хуцдаг, зууж сэгсэрдэг байсан нэгэн. Түүний энэ байдлыг гярхай ажигласан одоогийн төрийн тэргүүн 2007 онд бичсэн нэгэн нийтлэлдээ “МАСОХ гэж тоглоомын байгууллагын идэвхтэй гишүүн Г.Дамдинням гэгч … өөрийгөө гайхалтайгаар нээн харуулсан учир капо С.Ганхуягийнхаа тодорхойлолтоор их удалгүй button(кноп) болж Эрс шинэчлэл хөдөлгөөний эсрэг жагсаалыг зохион байгуулах үүрэг авч байжээ. Тэрээр сүүлийн хоёр жил бух мэт зүтгэж залуу кнопуудад үлгэрлэсэн учраас саяхнаас капо болон дэвшиж Иргэний Бүртгэл Мэдээллийн Төвд дэд даргаар тохоон томилогдохоор яригдаж байна” хэмээн бичиж байв. Нийтлэлийн дараа мэдээлэл задарсанд балмагдсан удирдлага түүнийг өөр ажилд томилж мөр буруулсан нь ШУТИС-ийн проректор болгосон аж. Энэ албан тушаалд очиход нь МАН-ын архаг зүтгэлтэн, улс төрийн хор хутгуурын мастер Д.Цахилгааны хүргэн болсон нь ихээхэн дэм өгсөн гэдэг. Г.Дамдинням уул уурхайд хошуугаа зоосон 30 гэр бүлтэй ямар хамаатай юм бэ? гэх асуулт гарна. Ё.Отгонбаяраар түшүүлж, татуулж улс төрд орсон энэ этгээдийг проректор болж оюутны 70 мянгыг банкинд хадгалуулж, хүүлэх ухаан сийлэхэд тусласан цаад эзэн нь Бороог цөлмөгч цуут Сү.Батболд юм. Г.Дамдинням Сү-гийн гэр бүлд хамаарч, тэднийхээ дэмжлэгээр Канадад уул уурхайн чиглэлээр сурч, доовтор болохоор яваа тул ач хариулах үүрэгтэн гэнэ. “Өдрийн сонинд” энэ хүн захирал Б.Дамдинсүрэн гэгчтэй хамсан “оюутны сургалтын төлбөр 60 тэрбум төгрөг, оюутны тэтгэлгийн 70 мянган төгрөгийг банкинд байрлуулан хүүлж, ашиг олдог байсан тухай” илчилсэн мэдээлэл гарч байлаа.

Г.Даминнямын гаргасан эзэмшиж буй лицензийн жагсаалт юуг ч илэрхийлэхгүй. Харин эзэмшиж байгаа ордынх нь нөөцийн хэмжээ, үнэлгээгээр жагсаавал өөр хэрэг. Мөн орд эзэмшигчдийг тэтгэж, ивээдэг улстөрчдийн нэрс, тэдний хоорондын хамаарал… гэх зэргээр нь 30 гэр бүлийг тодорхойлох нь илүү утга учиртай. Уул уурхайгаас орлого нь хамааралтай хүмүүс гэхээр дан ганц уурхайн эзэд биш шүү дээ!

Гучин гэр бүл хэмээх нэршлийг утгагүй зүйл болгох давалгааг уул уурхайд онцгой хайр зарлагч, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эзэмшил хяналтанд байдаг news.mn сайт хөгжөөв. Уг сайт дээр “ЕРӨНХИЙЛӨГЧ ГАНЦ ГИШҮҮНТЭЙ НОЦОЛДОЖ ЯАХНАВ ДЭЭ” гэсэн зүйл нийтлэгдсэн агаад утга нь үлдэх 29 гэр бүлийнхнээс илчлэгдсэн ганцыгаа аврахад чиглэгджээ.

Энэ бичвэрт

“та ‘Монголыг цөлмөж буй 30 гэр бүлд дайн зарлаж, тэдэнтэй тэмцэнэ гэж байгаа бол өөрөө өөрийгөө сөнөөх гэж байгаа юм байна”

гэсэн заналхийлэл ил дурайх агаад цааш нь “1937 оны их хэлмэгдүүлэлт анх эхлэхдээ коммун нэрээр үндэсний хөрөнгөтөн болох хэдэн зуун өрх айл руугаа дайрснаар эхэлсэн байдаг. Тэр он жилүүдэд Монголын нийгэмд түгсэн хамгийн алдартай уриа бол “Хар, шар феодалуудын хөрөнгийг хураана...” гэж байгаа. Өнөөдөр бол “Монголын баялагт эзэн суусан 30 гэр бүл...” гэж эхэлж байна. Энэ хоёр үгний агаар нэг байгаа биз” хэмээн хадуурчээ.

Их хэлмэгдүүлэлт болон орчин цагийн нийгмийн баялгийн шударга хуваарилалтын тэмцэл хоёр тэс өөр зүйлс болохыг гандангийн Гадинжид эмээ ч мэдээд байгаа цаг. Шинэ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг өдий 27 жил өнгөрч байхад төрийн дээд албан тушаал хашиж байсан улстөрчдөөс нэг нь ч хэрэгжүүлэхийг чармайгаагүй. Эсрэгээр уул уурхайн баялагт хяналтаа тогтоосон цөөн гэр бүлтэй эвсэх, орлогоос нь хуваалцах чиглэлээр л ажиллаж байлаа. 

1930-аад оны хэлмэгдүүлэлтийн суурь нь Анхдугаар Үндсэн хууль бөгөөд энэ хуулийг коминтерний заавар шахалтаар батлаж, баяд ноёдыг хяхах заалт оруулсан ба үүнийхээ дагуу төрийн машиныг ажиллууж байсан юм. Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа “... анхны Үндсэн хуулийг боловсруулсан, баталсан талаар янз бүрийн яриа байдаг. Тухайлбал, тэр үед Монголд ажиллаж байсан Зөвлөлт Оросын сургагч Рыскулов, Всевятский нарын хүмүүс зохиогоод түүнийгээ Улсын Их Хурлын хуралдаан дээр Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор уншуулаад, батлуулсан гэдэг” хэмээн ярьж байсан нь бий. 

Тэгэхээр хар шар феодал ба крептократ 30 гэр бүлийн агаар нэг биш байна. Гучин гэр бүлийн эзэмшилд орсон уул уурхай гэдэг нь улс төр судлалын ойлголтоор бол kleptocracy юм.

Толь бичигт энэ нэр томъёог:

шууд утга нь “хулгайч нарын засаглал” Орчин цагт байгалийн баялагт хяналтаа тогтоосон цөөнх ба тэдний цутгасан авлигад автсан улстөрчдийн засаглал гэж ойлгодог. Ийм систем нь нийтийн баялгийг цөлмөхийг цөөнхөд зөвшөөрч, хөхүүлэн дэмждэг хэмээн буулгажээ.

Монголд өнгөрсөн 27 жилд ийм л засаглал үүсч, бэхжсэн бөгөөд одоо тэд амиа тавихгүйн тулд нэгнээ үхэн өмөөрч байна. Ц.Элбэгдоржийн үед Монголын kleptocracy хөгжлийнхөө дээд цэгт хүрч, тэрээр Тавантолгойн ордыг Хятадын компани, тэдэнтэй хамссан 30 гэр бүлийн төлөөлөлд өгөхийг шахаж, шаардаж, энэ зорилгод үйлчлээгүй хүмүүсийг гэмт хэрэгтнээр цоллон хилс хэрэгт унагахаар зүтгэж байсныг монголчууд мартаагүй байгаа. Эрдэнэтийн 49 хувийн асуудалд ч тэр гүнзгий хутгалдсан билээ.


Клептократуудад барьцаалагдсан улс төр

Ерөнхийлөгчийн хоригт өртсөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийгөө ариухан нэгэн хэмээн нотлохыг хичээж байгаа ч түүнийг уул уурхайн наймаа, авлигад идэгдсэн гэдгийг нотлох баримтууд захаасаа цуварч эхэллээ. Одоогоор түүний талаар 2 ноцтой баримт дэлгэгдээд байгаа юм. 

Эхнийх нь Увс аймгийн Бөхмөрөн суман дахь Хотгор шанагын уурхайг хамсаатнууд, ах дүүстэйгээ нийлж БНСУ-ын төрийн мэдлийн компанид 2010 оны 12 дугаар сард худалдсан явдал. Тухайн үед Ч.Хүрэлбаатарын ах дүү нараас худалдан авсан Солонгос компани “Уурхайн нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллараар худалдан авлаа. Энэ уурхай 109 сая тонн нүүрсний нөөцтэй. 30-40 жил ашиглах боломжтой” хэмээн нийтэд мэдэгдэж байжээ.


Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн

Энэ цайрчихсан худалчийг яая даа байз. Энэ хүн Хотгор шанагын уурхайг жижиг Алтангэрэлийнх, миний ах дүүсд хамаагүй гэж гөрддөг байгаа. Яачихсан ширэн нүүр ийм байдаг байнаа. Яа яа. Хотгор шанагын уурхайн лицензийг УБХ-ын гишүүн асан П.Улаанхүү, Элчин сайд асан Л.Дүгэржав нараас Алтангэрэл болон танай ах нар чинь 350 сая төгрөгөөр худалдаж аваад БНСУ-ын төрийн өмчит компанид 51%-ийг нь 12.0 сая доллараар зарсан нь яах аргагүй үнэн шүү дээ! Яг өнөөдрийн байдлаар 51% нь БНСУ-ын төрийн өмчит Кореа коул компанид, 34.5 % нь Алтангэрэлд, 14.5 % нь Болормаа гэх эмэгтэйд байгаа. Энэ талаар надтай нүүр тулаад мэтгэлцээрэй гэж Ч.Хүрэлбаатар танд фэйсбүүкээр олон хэллээ. Чаддаг юм бол “намайг гүтгэсэн” гээд цагдаад өгчихөөрөй. Нэмээд хэлчихье. Нүүрс боловсруулах 14.0 тэрбумын төслийг өөрийнхөө ах Ч.Гантулгын найз Баатарсүрэнд өгч юу ч хийгээгүйг чинь Баасан эгч сая гаргаж тавилаа. Баатарсүрэнгийн компаниас 3 тэрбум төгрөг хэний данс руу шилжсэн болох нь удахгүй тодорхой болохоор чи хаашаа харж үхнээ ! Баригдана даа, баригдана. Нүүрс,гурил хоёрын хулгай баригддаг юм ш дээ Хүрлээ!.

 
2016 оны 7 дугаар сарын 19-нд өмгөөлөгч Г.Батбаяр хэвлэлийн хурал хийж “... Xотгор шанагын уурхайн 51 хувийг Солонгосын компанид 10 сая ам.доллараар Ч.Хүрэлбаатарын төрсөн ах дүүс болох Чимэдийн Гансүх, Чимэдийн Гантулга, найз Х.Дэмбэрэл нар зарж, мөнгийг нь өөрсдийн хувийн дансаар шилжүүлэн авсан баримтыг олсон” гэжээ.

Тэрээр Ч.Хүрэлбаатарын ах дүүс Хотгор шанагын уурхайн 51 хувийг Солонгосын компанид зарсан үйлдэл нь хуульд нийцэж байгаа эсэх, мөн хуулийн дагуу татвар төлсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргана гэж мэдэгдсэн ч учир битүүлгээр чимээгүй болсон байна.

Ч.Хүрэлбаатартай холбогдох дараагийн ноцтой хэргийн талаар Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Ч.Хүрэлбаатар гэдэг хүн 2014 онд Түлш, эрчим хүчний сайд байх үедээ ямар ч ТЭЗҮ боловсруулаагүй, зураг төслийг нь батлаагүй, эрсдэлийг нь тооцоогүй түлшний үйлдвэрт төсвөөс 17 тэрбум төгрөг өгч салхинд хийсгэсэн байна. Үндэсний Аудитын газраас гаргасан дүгнэлтийг би та бүхэнд хэлж байна. Энэ тендерийн төлбөрөөс 3 тэрбум 40 сая төгрөг хувь хүний хадгаламжийн данс руу шилжсэн хачирхалтай асуудал бий. Бидэнд ирсэн мэдээллээр энэ тендерийг авсан хүн нь Ч.Хүрэлбаатарын ах Ч.Гантулгын найз юм байна. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоож, мөрдөж мөшгих ёстой” гэж мэдэгдээд байна.

Авлигыг өгч авснаар нь нотлох хэцүү ч хэрэглээ, зардлаар нь тогтоох боломжтой гэдэг. “Насаараа төрийн алба хаасан гэгдэх Ч.Хүрэлбаатар Ц.Элбэгдоржийн нөлөөн дор байгуулагдсан “Асем Вилла” гэх тансаг хаус хотхонд 10 тэрбум төгрөгийн өртөгтэй харшид амьдарч, MCS-ийн Ж.Оджаргалтай хаяа дэрлэн суугааг тэр бүр хүмүүс мэдэхгүй” хэмээн zuv.mn сайт мэдээллээ. Уг сайт цааш нь “… ийм үнэтэй байшин хэрхэн худалдан авч, 15 тансаг зэрэглэлийн автомашиныг оймс аятай сольж унан, үнэтэй брэндээр гангарч яваа нь үнэхээр шударга улстөрчийн имиж мөн үү?” хэмээн асуужээ. Энэ бол АТГ-ын хариултыг нь олох ёстой асуулт мөнөөсөө мөн. 

Ардын намын шударга гишүүдийн нэг Ж.Энхбаяр: Монгол улсын түүхэнд байгаагүй ёс зүйгүй үйлдэл болж байна хэмээн халаглаад Ч.Хүрэлбаатарын сайдын суудал болон ирэх жилийн улсын төсвөөр барьцаалан бүлэглэл УИХ-ын үйл ажиллагааг сааталд оруулж байгаа талаар ярилаа. Гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ч.Хүрэлбаатарт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар “Нэг талаасаа улс төр. Нөгөө талаас бодит байдлаар 30 гэр бүл тэр, энэ гэж би хэлж чадахгүй. Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирж байгаа 30 гэр бүл ямар учиртайг би мэдэхгүй. Миний зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалтын ажлын хэсэг байгуулж, өнөөдрөөс ажлыг нь эхлүүлж байгаа. Ер нь хэдэн хүн ашиглалт, хайгуулын лиценз олгож байгаа эсэх нь тодорхой гараад ирэх байх” хэмээн бөөрөнхийлжээ. Шударга нь дэндсэн гэх Л.Оюун-Эрдэнэ гишүүн хүртэл арай ч ингэж болохгүй ээ, гучин гэр бүл гэж шууд хэлж болохгүй гэж өмөөрөнгүй дуугарсан байх юм. Гучин гэр бүл УИХ-ын гишүүдэд ноцтой нөлөөлөл үзүүлсэн бололтой.

Энэ бүхэн юуг харуулж байна гэхээр Монголын баялагт хошуугаа дүрсэн цөөнхийн бүлэглэл амь тавих дөхжээ. Тэд сүүлчийнхээ “цайзуудыг” үхэн хамгаалж байна. Тэдний бэхлэлтийг нурааж, Үндсэн хуулиар олгогдсон баялгийнхаа эзэн байх эрхийг хэрэгжүүлэхийн тулд монголчууд нэгдэн нягтарч, клептократуудын явуулгад автахгүй байх нь чухал. Клептократ шимэгч улстөрчдөд хөлслөгдсөн бичээчид шимэгч цөөнхийг “ард түмнийг тэжээгч” хэмээн цоллох, “эд байхгүй бол бид яана даа” гэх маягийн айлган сүрдүүлэг хийх, тэдний эрх ашгийг хөндөх, хязгаарлах нь “хэлмэгдүүлэлт” гэх сурталчилгааг далайцтай өрнүүлж байна. Клептократуудын өөрсөддөө олгосон цол нь татвар төлөгч, баялаг бүтээгч болж байна. Угтаа бол компани татвар төлөгч биш, эцсийн хэрэглэгч ард түмэн л татвар төлөгчид юм. Компани бараа, үйлчилгээнийхээ үнэнд бүх зардал, татвар шимтгэлээ шингээж, тэр ч бүү хэл ашгаа, улстөрчдөд өгөх авлигаа хүртэл шингээдэг юм. Баялаг бүтээгчид ганц уул уурхайд байдаг ч юм биш. Нарийн яривал Монголын уурхай нь баялаг цөлмөх хэрэгсэл. Тийм болохоор крептократуудын ухуулга сурталд бүү автагтун, ард түмэн ялах цаг айсуй.

“Шинэ улс төр” хөдөлгөөний тэргүүн З.Уянга

Үндэстний тойм №342