Ах дүү социалист орнууд, төр, нам засаг, удирдагчдаа магтан дуулсан улиглалыг өдөр бүр сонсох гэдэг, ирээдүйд бүх зүйл сайхан болж, коммунизмд хүрэх тухай гэнэн номлолыг өдөр тутам сонсох гэдэг, улс орныхоо буруу болохгүйг хэлэх оюун сэтгэлгээний чөлөөгүй байдал гэдэг, нас засгаасаа үхтлээ айж, айдас зовнилд хүлэгдэх гэдэг, үзэл бодлоо илэрхийлэх хүний төрөлх заяагдмал эрх хяхан боогдох гэдэг, оюун санааны дарангуйллыг хүлцэн тэвчих гэдэг эсрэгээр дотоод сэтгэлд нам засаг, социализм, тогтолцоогоо үзэн ядах, өширхөн хорсох, занаж зүхэх эрс хурц эсэргүүцсэн мэдрэмж, үзэл, санаа сэдлийгхуримтлуулдаг.Хуримтлагдсан хурц мэдрэмжүүд нэгэн цагт тэвчээрийн хязгаарт тулж,ухамсрын хяналтаас гарч, тэсэрч дэлбэрнэ.Хэдэн арван жил дарангуйлагдсан оюун санаа гэнэт тэсэрч, дуу дуугаа авалцан, энд тэндгүй эсэргүүцлийн цуглаанууд өрнөж, социалист тогтолцоог дэлхий даяар нурааж орхив. Энэ явдал энэхүү тогтолцооны нэг хэсэг манай тогтолцоог нуран унахаас өөр аргагүй, нийгмийн шилжилт хийхээс өөр аргагүй байдалд хүргэж дээ.Нийгэм шилжих үйл явц гайхмаар хурдан өрнөж, хэдхэн сарын дотор хуучин нийгмээс шинэд шилжжээ. Гэвч жам ёсныхоо гольдрилоор яваагүйн гайгаар энэ үйл явц үндсэн чиг үүрэг, зорилго, зарчмаасаа хэт хазайж, өнөөдрийн байдлаар нийгмийн шилжилт бус холион бантан, хутгамаг ер нь бол юу ч биш болж гажуудсан байна.

Үзэгдэл гэдэг дотоод тал, дотоод үйл явц, учир шалтгаанаа гадагш тусгадаг жам ёсоор улс нийгмийн оршихуй амьдрал дахь зарим хачин жигтэй үзэгдлүүд гэхэд шилжилт бүтэлгүйтсэн хийгээд гажуудсан гэдгийг, тэрхүү дотоод үйл явцын шалтгаан нөхцөл, далд учрыг тусган харуулж, бидэнд мэдээлж байна. Хэлбэр бус агуулга талаас нь харж, задлан шинжиж, шилжилтийг далд гүн учир, дотоод зүй тогтол, зорилго, үе шат, жам хууль, зарчим талаас нь харвал ямар учиртай үйл явц байж вэ? гэдгийг харуулахыг хүслээ. Учир нь утгагүйдэлд нэрвэгдсэн улс нийгмийн оршихуйд аливаа үйл явдал, үзэгдлийн далд гүн учир утга, учир шалтгаан, учир зүйгэдэг агаар ус адил амин чухал хэрэгтэй байна. 

Мөн чанар, зүй тогтлын хувьд шилжилт гэж хуучин тогтолцоо шинэ тогтолцоогоор, нэг нийгэм нөгөөгөөр солигдох үйл явц бөгөөд нэгд, хуучин тогтолцоо халагдах, хоёрт, тэр хоосон орон зайд нь шинэ тогтолцоо төлөвшин тогтох гэсэн үе шат, эрэмбэ дарааллаар явагддаг, гүнзгий учир бүхий явцыг л хэлээд байгаа юм. Шилжилт гэх үйл явцад хэлбэр ба агуулга шилжих үйл явцыг хамааруулах ба хуучин социалист тогтолцоо гэхэд хэлбэр нь ч тэр, агуулга нь ч тэр халагдаж эсрэгээр шинэ ардчилсан тогтолцооны хэлбэр ба агуулга ирж төвхнөж, төлөвшин тогтоно. Хуучин нийгэмд бүрэлдсэн агуулга, оюун санааны ертөнц халагдах ба социалист үзэл суртал, сэтгэлгээ, чиг баримжаа, арга барилд суурилсан ямарваа хэлбэрүүд халагдах учиртай. Учир нь үзэл санаа гэдэг тухайн тогтолцооныхоо агуулга нь, үндэс суурь нь байдаг. Социалист тогтолцооны үндэс суурь нь байсан коммунист үзэл суртал, ангич намч үзэл, коммунизмд хүрэх тухай гэнэн итгэл үнэмшил, захиран тушаах арга барил, захиргаадсан сэтгэлгээ нэн түрүүнд халагдах учиртай. Энэ зарчимтай уялдуулж харвал, иргэдийн оюун санаанд хэвшин тогтсон дараах сэтгэлгээ, үзэл, итгэл үнэмшил, үзлүүд тухайлбал, Япон, АНУ, Хятад импералист орнууд бол дайсан гэх ангич үзэл, ард иргэд, баян чинээлэг хүнийг ажилчин ангийг дарлагч, мөлжигч ангид хамааруулж, үзэн яддаг сэтгэлгээ, социализм байгуулж, ирээдүйд коммунизмд хүрнэ гэсэн итгэл үнэмшил, эрх баригч нам, нам төрийн удирдагчаа тахин шүтэх үзэл, төр бүхнийг зохицуулна гэсэн хэт хамааралт хараат сэтгэлгээ, нам засаг, даргаас айх айдас, хөрөнгө мөнгө хийгээд арилжаа наймааны тухай уламжлалт үзэл, дамын наймаачин, панзчин гэх үзэл, сэтгэлгээ, үзлүүд ч мөн халагдана гэсэн үг. Социалист нийгэмд оршин тогтнож байсан улс төр, эдийн засаг, хууль шүүх, боловсролын салбар гэхэд агуулга, ойлголт ухагдахуунтайгаа халагдана.Агуулга халагдаж буй үйл явц юмм бол энэ. Хэлбэр халагдах ба 1924 – 1992 он хүртэл оршин тогтносон социалист чиг баримжаа бүхий төрт улс БНМАУ, улс төрийн тогтолцоо, социалист хэв маяг бүхий шинж чанартай үндсэн хууль, улс төрийн товчоо, сайн нарын зөвлөл, захиран тушаах арга барил бүхий хүнд сурталт төр, коммунист үзэл сурталд суурилсан, хязгааргүй ноёрхогч, төр нийгмийг удирдан чиглүүлэгч, эрх баригч нам МАХН \ одоогийн МАН \ эдийн засгийн тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, боловсрол, шүүх бүх салбар тогтолцоонууд, НАХЯ, үзэл суртлын хяналтын хэлтэс главлит, төрийн одон медалиуд, социалист өмч бас энд дурьдагдаагүй тухайн үед оршин байсан зүйлс, хэлбэрүүд нэн даруй халагдана. Шинээр ирж, суурьшихзүйлсийн магнайд ардчилсан үзэл санаа, үнэт зүйлс, тулгуур зарчмууд ирэх бөгөөд энэ бол шинэ тогтолцоо, шинэ нийгэм, шинээр ирсэн зүйлсийн агуулга нь, үндэс суурь нь, бүтээгч нь ирж буй хэрэг юм. Зах зээлийн эдийн засаг, олон намын тогтолцоо, хүнлэг энэрэнгүй, иргэний нийгэм, парламентын засаглал, хувийн өмч энэ мэтшинэ хэлбэрүүд, мөнхүү олон ургальч үзэл, үг хэлэх эрх чөлөө, хувь хүний үүрэг хариуцлага, хамтач үзэл, нэгдмэл үзэл санаа, үндэсний үзэл энэ мэт шинэ агуулга ирнэ. Мөнхүү бас төр, нийгэм, улс төр, боловсрол, хууль шүүхийн хийгээд шинээр ирсэн бизнес, аялал жуулчлал, үйлчилгээний салбаруудын цоо шинэ агуулга ирэх учиртай байдаг. 

Нэг нийгмээс нөгөөд шилжих үйл явц дараах үе шатыг дамжина. Нийгэм шилжих үед хуучин ба шинэ, социализм ба ардчилал, төлөвлөгөөт ба зах зээлийн эдийн засаг, социалист сэтгэлгээ ба ардчиллын үнэт зүйлс, үзэл санаа хоорондоо холилдож, дундаас нь өөх ч биш, булчирхай ч биш буюу социалист ч биш, ардчилсан ч биш, хуучин ч биш бас шинэ ч биш завсрын бүтэцтэй буюу заримдаг хийгээдсаармаг, саарал, хоёрдмол, холион бантан, тодорхойгүй байдал, нөхцөл бий болно. Энэ бол завсар үе, заримдаг нөхцөл байдал юм. Завсрын үед заримдаг байдалтай үзэгдэл, үйл явдал улс нийгмийн оршихуй амьдралд үй олноороо төрж, бий болдог зүй тогтолтой юмсанж. Энэ бол шилжилтийг дагалдан явагддаг жам ёсны үйл явц билээ. Жишээ нь, заримдаг үзэгдлүүд гэхэд хуучин зүйлс хараахан халагдаж амжаагүй ба шинэ зүйлс баттай суурьшиж амжаагүй дотоод үйл явцыг гадагш тусган харуулж, мэдээлж байдаг байна. Хэсэг хугацаа өнгөрөхөд хуучин зүйлс халагдаж, орыг нь шинэ зүйлс эзлэнэ. Шинэ зүйлс төлөвшин тогтсон нөхцөлд заримдаг, саармаг, холион бантан, тодорхойгүй нөхцөл байдал эцэслэж, шинэ рүүгээ, ардчилал руугаа, шинэ нийгэм рүүгээ гэхчлэн ялгарал явагддаг нь нэг тал руугаа гарч буй үйл явц юмсанж. Эдгээр нь нийгэм шилжиж буй дотоод үйл явц гадна талдаа тусч, шилжилт дууслаа гэдгийн гадаад шинж тэмдгийг харуулж байгаа юм. Энэ үед шинэ зүйлс оршихуй орон зайд байр байраа олж, эмх цэгц тогтож, иргэд хуучин сэтгэлгээ, арга барил, үзлээсээ салж, тэдний оюун санаа, үзэл бодолдшинэ сэтгэлгээ, үзэл санаа, итгэл үнэмшил хэдийнээ төлөвшин тогтсон байдаг ийм учиртай юм байна. 

Шилжилт гэдэг зайлшгүй туулах учиртай үе, зам, цаг хугацаа юм. Энэ үеийг цаг хугацаагаар хэмжиж, хэдэн жил, тэдэн арван жилийн хугацаанд туулна гэсэн бэлэн жор, загвар, онол байхгүй. Дэлхий дахины түүхээс харж байхад энэ үеийг улс орон бүр янз бүрийн хугацаанд туулсан байдаг юм билээ. Манай улсын хувьд 1960-аад оноос хөгжлийн шинэ шатанд орж буйг тэмдэглэн, социализм бүрэн байгуулах зорилт дэвшүүлж, түүндээ социализмын материал техникийн бааз байгуулах, нийгмийн харилцааг боловсронгуй болгох, социалист шинэ хүнийг хүмүүжүүлэх гэсэн үндсэн зорилготой хөтөлбөр боловсруулжээ. Энэ бол завсрын үе эцэслэж, заримдаг байдлаас салж, шинэ нийгэмд шилжиж, нэг талдаа гарсан тэр үе юм. Энэ үед хуучин нийгэмд оршин тогтнож байсан хуучин зүйлс, ноёд, ван гүн цол хэргэмүүд үгүй болж, баяд ноёдын хөрөнгө хураагдаж, хамжлагт ёсыг халж,шашин номын үйл хэрэг хориглогдож, хуучин амьдралын хэв маяг, итгэл бишрэл үндсээрээ халагдаж, суурин дээр нь шинэ цагийн зүйлс уран зохиол, хүн эмнэлэг, их дээд сургууль, шинжлэх ухаан үй олон зүйлс шинээр бий болжээ. Феодалын нийгмээс социалист нийгэм рүү шилжих энэ үйл явцад хорьдугаар зууны дөрвөн арванг зарцуулжээ.Хуучин халагдаж, шинэ зүйл төлөвшин тогтох гэдэг асар их зөрчилтэй, хүнд хэцүү, адармаатай үйл явц байдаг. Хуучин ба шинийн хооронд асар их зөрчил үүсч, хар аяндаа л хөл толгойгоо алдаж, эх захгүй үймж бужигнасан, хаос дээд зэргийн замбараагүй нөхцөл байдал бий болдог. Манай улс гэхэд тухайн үед лам нарын бослого, үймээн хийгээд хувьсгалын эсэргүү хэрэг дэгдэж, хэдэн арван мянган хүнийг буудан хороож, иргэд хэдэн мянгаараа хилийн цаад руу дүрвэх энэ мэт хурц зөрчилтэй нөхцөл байдлыг туулсан юм билээ.

Завсрын үе эцэслэхэд шинэ нийгэм, шинэ ахуй орчин, шинэ бүхэнд дасан зохицсон шинэ сэтгэлгээ, үзэл бүхий шинэ цагийн хүн төрж бий болж бүр төлөвшсөн байдаг. Энэ хүмүүсийг шинэ цаг, шинэ нийгэм, шинэ бүхнийг бүтээгчид гэж харна. Дараах учиртай. Хорьдугаар зуунд оршин амьдарч байсан хүмүүс бол тухайн зуун, тухайн цаг үе, тухайн нийгэм хийгээд улс орноо бүтээгчид нь юм. Социалист нийгэмд амьдарч байсан хүмүүс гэхэд бичиг үсэггүй, мухар сүсэгт живсэн, балар харанхуй, ертөнц дахин, хөгжил дэвшлээс хэдэн зуунаар хоцрогдож, дэлхий дахинаас мартагдсан феодалын бурангуй улсыг социалист улс орон болгон бүтээн байгуулсан билээ. Энэ үйл явц энэ цагт бас дахин нэг удаа хэрэгжих учиртай. Гэхдээ социализмыг байгуулсан хүмүүс ардчилсан орныг байгуулж чадахгүй. Энэ цаг үе, ардчилсан нийгмийг социалист сэтгэлгээ, үзэл, арга барилтай хүмүүс биш ардчилсан үзэл сэтгэлгээтэй, зарчимтай хүмүүс бүтээнэ. Оюун санаанд нь ардчиллын тулгуур зарчмууд, хүнлэг энэрэнгүй үзэл санаа, хувь хүний ба нийгмийн өмнө хүлээх хариуцлага, үндэсний үзэл, нэгдмэл үзэл санаа шинээр бүрэлдсэн, улс нийгмийн амьдралд бодитой оролцох, хувь нэмрээ оруулах үүргээ ухамсарласан хүмүүс төлөвшиж байна. Нийтийг хамраагүй боловч аажим удаан боловч манайд энэ үйл явц явагдаж байгаа бөгөөд орчин цагийн, шинэ нийгмийн шинэ хүн төлөвшиж буй нь энэ юм. Энэ үйл явцыг ардчилсан нийгмийг бүтээх бүтээгч, ардчилсан хүн төрж байна гэж харна. Тэдний оюун санаанд бүрэлдсэн үнэ цэнэт шинэ зүйл бүхэн нь энэ цаг, шинэ нийгэм, шинэ улс орныг цоо шинээр бүтээх болно. Худал хуурмагт живсэн, хүчирхийлэл нэвчсэн нийгэм, ертөнц дайдын хамгийн муу муухай хуран цугласан улс орноо ардчилсан нийгэм бүхий орчин үеийн улс болгон бүтээн байгуулах үүрэг энэ цагт оршин амьдарч буй монголчууд бидэнд ноогдож байна. Улс орон, нийгэм, оршин амьдрах сайн сайхан нөхцлөө бүтээх гэдэг нэг хэсгийн, тухайлбал, зөвхөн төрийн үүрэг биш бөгөөд тухайн цагт, тухайн улсад оршин амьдарч буй бүхий л иргэдийн хувь нэмэр, бодит үүрэг оролцоонд тулгуурлан явагддаг үйл явц байдаг билээ. Хүн бүрд ноогдсон үүрэг юм шүү. 

Дээр бичсэн учир, зүй тогтлын дагуу харж, улс нийгмийнхээ нөхцөл байдал, оршихуй амьдралыг шинжээрэй. Шилжилт дууссан уу?дуусаагүй юу? Хуучин халагдсан уу?үгүй юу? Ардчилал төлөвшин тогтсон уу? эсвэл ? Энэ асуултын хариултыг хэрхэн харах тухайд чиглүүлж, оюун сэтгэлгээнд зүг чиг өгөв.

Мэдээж улс нийгмийн оршихуйд өрнөж буй дотоод үйл явц гадагш тусна. Тэрхүү дотоод үйл явцыг улс нийгмийн нөхцөл байдал, өрнөх үйл явц, үзэгдэл, үйл явдал хийгээд иргэдэд хэвшсэн тогтсон сэтгэлгээ, хандлага, үзэл тусган харуулна. 

Нэгд, заримдаг, холион бантан, эмх цэгцгүй, дээд зэргийн замбараагүй, саармаг, тодорхойгүй нөхцөл байдалгэдэг шилжилт бүтэлгүйтэж, завсрын үедээ гацсаны шинж тэмдэгбилээ.

Хоёрт, хуучин агуулга хэвээр байх аваас шинэ ирээгүй, шилжилт зөвхөн хэлбэрт явагдаж, агуулгад явагдаагүй гэсэн үг. Энэ байдал, шинж тэмдэг бол нийгмийн шилжилт хэлбэрийн төдийд явагдсан болохыг гэрчилсэн мэдээлэл юм.

Гуравт, шинэ агуулга, ардчилсан үзэл санаа, тулгуур зарчмууд, тухайлбал, үг хэлэх эрх чөлөө гэхэд улс нийгмийн амьдралд бодитой хэрэгжсэн байх аваас хуучин халагдаж, шинэ агуулга, шинэ зүйлс, ардчилсан үзэл санаа төлөвшин тогтож, нэг тал руугаа гарч, шилжилт дуусчээ гэсэн үг. 


(Үргэлжлэл бий)

Ч.ТУЯА

2022.01.07