В.Ганзориг: Сайн байцгаана уу? Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид өнгөрсөн УИХ-ын сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулан засгийн эрхийг дангаараа барьж буй эрх баригчдын төлөөллийг урьж сонгуулиас хойших нөхцөл байдлын талаар хэлэлцэх гэж байна. Манай өнөөдрийн зочдоор УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар нар ирсэн байна. Өнөөдрийн асуултуудыг сошиал медиа, мөн уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээ, мэдээллийг шүүж бэлдсэн байгаа.


В.Ганзориг: Эхний асуултаа тавья. Сүүлийн үед Засгийн газрын 100 хоног гэдэг асуудлыг их ярьж байна. Ингэж 100 хоногоор ажил дүгнэдэг стандарт ер нь байдаг уу? Төрийн ажил албыг ингэж үнэлэх хэр оновчтой вэ?

Л.Оюун-Эрдэнэ: Зуун хоног гэдэг ойлголт анх 1933 онд Америкт үүсч л дээ. Одоо ч зарим улсад энэ жишиг байна. Улсыг авч явах эрх баригчид дараагийн 4 жилдээ юу хийх вэ гэдэг бодлогоо эхний гурван сардаа боловсруулж, тогтоогоод ард түмэндээ хэлдэг.

Монгол улсын төр, засаглалын систем нь өвчин тусаад, эдгээхгүй явсаар байгаад хатгаа болоод хэвтэрт орчихсон байхад нь дараагийн нам залгаж авлаа. Одоо өрийн хүү гэж орлогоосоо хэд дахин их мөнгийг ирэх нэгдүгээр сараас төлж эхэлнэ. 1992 оноос хойших хамгийн хүнд нөхцөлд бид орлоо. Дефолт болох уу, үгүй юу гэдгийг ирмэг дээр байна. Үүнийг ард түмнээс нуух хэрэггүй байсан юм. Энэ тохиолдолд анагаах эм нь хамгийн гашуун байж таарна. Тиймдээ засгаас санал болгосон эхний арга хэмжээ нь татварын асуудал байлаа. Гэвч олон асуудал давхар хөндөгдсөн учраас хэрэгжүүлэхгүйгээр шийдвэрлэсэн.

Шинэ засгийн газар ОУВС-аас ч, ард түмнээсээ ч ямар нэг зүйл нуугаагүй нь ололт юм. Одоо улстөржих хэрэггүй. Дефолт болбол Монгол улс дор хаяж 25 жил өөд нар харахгүй. Саяхан л 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр нойл болсон. 2000 онд л иймэрхүү байлааа, банкууд дампуураад л. Гэхдээ ийм их өргүй байсан даа. Нийгэм тэгж доройтоод ирэх үед МАН 72 суудал авч байж. Сая ч бас энэ явдал давтагдлаа. Мэдээж 100 хоногт хямралаас гарч чадахгүй нь ойлгомжтой. Харин бодит байдлыг мэдээлэх, бодлогоо тодорхойлох нь зөв.

Д.Цогтбаатар: 21-р зуунд 100 хоногт их юм хийж болно. 100 хоногийг дүгнэнэ гэдэг нь та нарыг нэг ч өдөр зүгээр суулгахгүй шүү гэсэн улстөрийн нэг соёл болж байна л даа. Ирланд, Энэтхэгт бас ингэдэг. Ард түмэн ийм хүлээлттэй болж, хардаг болсон байна гэдэг бол зөв төлөвшил. Миний хувьд энэ зуун хоногийн хугацаанд хийсэн нэг чухал зүйл нь Засгийн газар ард түмэнд худлаа ярихыг зогсоосон гэж үзэж байна.

Д.Лүндээжанцан: Засаг бүрдээд энэ намаржингаа л хүүхдийн мөнгө, цэцэрлэг, сургууль, валютын ханш ярьсан. Бидэнд эхний ээлжинд 18 сарын хүлээлт байна гэж би харж байна. Энэ хооронд эдийн засгийн хүндрэлийг хэвийн болгож авах шаардлагатай. Ард түмэн 4 жил хүлээх ямар ч аргагүй байна. Төсвийн тодотголоо хийгээд энэ ондоо алдагдалтай байсан ч хууль эрхзүйн хувьд нэг тийш нь болгох хэрэгтэй. Ирэх оны төсөв өсөлтийн 3 хувь, алдагдлын 9 хувьтай орж ирсэн. Эрх баригчид ч, иргэд ч, ААН-үүд ч, улстөрийн намууд ч ойлголцож, тал талаасаа л бодож ажилламаар байна.

Саяын татварын асуудалд иргэд, “ахиж нэмэхгүй гэж худлаа, Орон нутгийн сонгуулийн дараа эргэж сөхнө” гэсэн хардлагатай байна. Үнэндээ УИХ-аас гуравхан сая хүнтэй, ийм хүнд байгаа үед татвар нэмэх нь зохимжгүй гэж үзээд хүлээж аваагүй юм. Одоо ахиж сөхөхгүй, эргэж хургах юм байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Ядаж байхад суртал нэвтрүүлгийн кампани яваад байх юм.

В.Ганзориг: Ажиглахад эдийн засгийн уналт, валютын ханш, өрийн асуудал гэсэн нийгмийн бухимдал дээр нэмэгдээд 1.Нийгмийн халамжийн таналт, 2.Татварын шинэчлэл, шинэ татвар үүсгэх, 3.Төрийн албан хаагчдийг хоморголон халах гэсэн сэдвүүд орж ирээд байна л даа. Эдгээрийг хийх ёстой ба ёсгүй гэсэн маргаан давамгайлж байна. Гэтэл өвчилсөн эдийн засгийг гашуун эмээр эмчлэх ёстой гэж түрүүн ярилаа. Өвтгөхгүй эмчилгээ гэж байх уу?



Б.Энх-Амгалан: Манай эдийн засагт “хариуцлагагүйн зуд” болоод өнгөрч. Жишээ нь Хөгжлийн банк байна. Бид бол хэвлэлийн мэдээтэй л адил мэдээлэлтэй байгаа. Хөгжлийн банкин дээр дэндүү хүйтэн сэтгэлээр хандсан байна. Зарим төсөл дээр хоёр эх үүсвэрээс санхүүжүүлсэн нь ч байна. Төрд нэг төслийг хоёр удаа зарж байна гэсэн үг шүү дээ. Мөн 300 саяар хийнэ гэж төсөл оруулж ирчихээд өсгөсөөр байгаад 1,3 тэрбум гарсан байх жишээтэй. Зөвлөх үйлчилгээ, хуулийн үйлчилгээ нэрээр маш их мөнгө гаргасан. Валютын ханшны тэнцвэржилт гэдэг зүйлийг огт бариагүй. Гадаад томилгоо нь ч маш их зардалтай. Энэ тансаглалууд л улс орноо татаад унагачихлаа.

Валютын ханшийг тогтооход эдийн засгийн томоохон реформ хийх шаардлагатай. Бид үүнд бэлдэж байна. Нийгмийн халамж больчихлоо гэж байна. Болиогүй шүү дээ. Гэтэл зөрүүлээд индүүтэй айлын хүүхэдэд өгөхгүй гэсэн цуу тараах юм. Хүний амьжиргааг тэгж хэмжинэ гэж юу байх вэ дээ.

Татварын тал дээр бол 1,3 тэрбум хүртэлх орлоготой ААН-үүүдийн татварыг бууруулна гэж ярьж байгаа. Энэ нь үндэсний үйлдвэрлэл босч ирэхэд том түлхэц болно.

Төрийн албан хаагчдын хувьд бол өнгөрсөн жилүүдэд тоо нь байх хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрчихсэн шүү дээ. Нийслэлд л гэхэд 2900 орон тоо нэмэгдсэн. Ерөнхий төлөвлөгөөний газар 85 байх ёстой орон тоо 169 хүнтэй болсон. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл дээр 4 нэгж, албан байгууллага зэрэг ажилладаг байсан. Яг нэг ижил ажил хийдэг.

Д.Лүндээжанцан:
Хүүхдийн мөнгийг нэн шаардлагатай 660 мянган хүүхдэд шууд өгье. Харин арай бололцоотой хэсгийн хүүхдийнхийг 1,6 жилийн дараа бөөнөөр нь өгье гэсэн. Ялангуяа залуу гэр бүлүүд үүнийг маш сайн ойлгож байна. Хадгаламж нээхдээ ч дуртай байна. Энэ бол ялгаварлал биш.

Өнөөдөр бондын хүү төлөх нь ойлгомжтой. Нэг их наяд орчим төгрөгийг зөвхөн хүүнд нь өгнө. Мянгаад цэцэрлэг барих мөнгө. Долларын ханш 2300 болчихно ч гэж бодоогүй. Хүүхдийн мөнгийг өг гэж Сангийн сайдыг шахахад мөнгө байхгүй гэсэн шүү дээ. Үүнийг ард түмэнд үнэнээр нь хэлэхээс өөр арга байгаагүй. Доллар яагаад ингэж өсөв гэхээр өмнөх эрх баригчдын сонгуульдаа бэлдсэн “Сайн хөтөлбөр”-үүдэд 400-500 тэрбум төгрөг палхийтэл гараад явчихсан. Мөнгө хэвлэсэн. Ингэхээр валютын ханшаа барьж чадахгүйд хүрнэ. Одоо тогтоохын тулд засгийн газар, банкууд тал талаасаа ажиллах хэрэгтэй. Аливаа өвчний халууныг нь дарж намжаагаад цаашаа арга хэмжээ авахгүй бол шокод орно.

Мөн хамтын тэтгэврийн асуудал байна. Монголын тэтгэвэр эв санааны нэгдлийн зарчим дээр үндэслэгдсэн байдаг. Харин олон улсын туршлагаар бол хуримтлалын зарчим давхар үйлчилж байж л тэтгэвэр өвлөгдөж болдог юм. Манайх шиг ажил эрхлэгчид нь хөгшчүүдийнхээ тэтгэврийг авч явдаг газар болдоггүй. Хуучин социализмаас л үлдсэн эд л дээ. Манайх шиг ижил зарчимтай Италид хамтын тэтгэвэр оруулж ирээд болохоо байгаад буцсан байдаг. Хэрэв хамтын тэтгэврийн хуультай болох бол хуримтлалын зарчмыг эхлээд хийх ёстой. Тэр нь алга.

Ажлын байрны асуудал хамгийн чухал байна. Аз жаргалтай хүн гэж ажилтай хүнийг хэлдэг. Дөчөөс дээш насны маш олон хүн ажилгүй болсон. 130 мянган ААН-ийн 50 хувь нь хаалгаа бариад энэ. Тэд чинь ажил, амьдралын туршлагатай. Тэднийгээ ажилтай болгохын тулд стратегийн ордуудаа эргэлтэд оруулья гэж байгаа юм. 93 оны үед Жасрай гуай хонгилын үзүүрт гэрэл харагдлаа гэсэн шиг бид 18 сарын дараа монголынхоо ард түмэнд гэрэл гэгээ харагдуулах ёстой байна. Засгийн газарт өндөр шаардлага тавина.

Д.Цогтбаатар: Бид өнгөрсөн жилүүдэд дотроо ч худлаа яриад, гадныханд ч худлаа ярьсаар ирсэн. Амаараа бол Катар шиг хөгжсөн. Харин бодит байдал дээр тэтгэврээ тавихад ч хүнд болсон байв. Тэгэхээр өвчнийг өвтгөхгүй эмчилнэ гэж худлаа ярих хэрэггүй. Бид ард түмэнд худлаа ярьж тайвшруулах гэж сонгогдоогүй.

Өмнөх засгийн үед Төрийн ААН-үүд маш олон байгуулагдсан. Энэ бол ардчиллын ухралт. Төрийн ААН бол даргынхаа өмч. Хулгай хийхэд зориулагдсан газар. Банк гэхэд л төрийн банк, хөгжлийн банк гээд байна. Төрийн ААН хэзээ ч хувийн салбартай шударга өрсөлддөггүй. Бизнесийг нь л дээрэмддэг. Ийм байхад төр хэзээ ч цэвэрхэн байдаггүй. Аль ч нам гараад хулгай хийнэ. Системийн гажуудал нь энэ. Үүнийг засах болно. Төрийн бүтцийг багасгах хэрэгтэй.

“Шинэ ерээд оны бодлого” гэсэн хөтөлбөр гэж ярьж байгаа. 2020 онд төр цомхон болно, төрийн ААН-үүд байхгүй болно, төрийн албан хаагч цөөрнө гэсэн сигнал өгөхөд л төрд орох гэж байсан залуус болиод хувийн хэвшилд орно. Цаашаа зах зээл өөрөө зохицуулаад өгнө. Хувийн салбар руу мөнгөө урсаад ирнэ шүү дээ.


Л.Оюун-Эрдэнэ:
Одоо чөлөөт уналт явж байна. Газар дээр унавал маш их хэмжээний өвдөлт болно. Энэ нь цалин, тэтгэвэр доголдоод, банкууд дампуурч, эдийн засгийн цусны эргэлт байхгүй болохыг хэлж байна. Ийм түвшинд оруулчихгүйн тулд гашуун эм буюу хариуцлагын тогтолцоо гэж яриад байгаа юм. 1992 оноос хойш манай төсвийн алдагдал 5 хувиас дээшээ гарсан тохиолдол байхгүй. Гэтэл одоо 18 хувь байна. Гишүүддээ бид уриалж байгаа. Одоо тойрог дээр заавал ийм сургууль цэцэрлэг барина гэсэн юмаа энэ нэг жил хэрэггүй. Энэ нэг жил бол чармайдаг жил.

В.Ганзориг: Хөгжлийн банкны асуудал өдөр шөнөгүй яригдлаа л даа. Үүнээс гурван асуулт гарч байна. 1. Хөгжлийн банк гэж байх ёстой институт мөн үү? 2. Эсвэл байх ёстойг нь буруу ажиллуулчихав уу? 3. Ирээдүйд ийм банк байх уу?

Д.Цогтбаатар: Улстөр бол оновчтой байхын онол. Хөгжлийн банк байсан ч мэнэжмэнт нь өөрөө ил тод, үр ашигтай байх ёстой байсан. Олон нийтийн хяналтын механизм тавигдах ёстой байсан. Өмнөх жилүүдэд манай гишүүд Хөгжлийн банкийг шалгая, үзье гэхэд ерөөсөө оруулдаггүй байсан.

Д.Лүндээжанцан: Хөгжлийн банкны хуулийг хэлэлцэхэд нь би байсан. Арилжааны банкууд үндсэндээ мөнгө хүүлэгч боллоо, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүү өндөр болохоор явахгүй байна гээд л Хөгжлийн банкийг байгуулсан. Дараа нь Хөгжлийн банкны төсөв улсын төсвөөс тусдаа гараад явчихсан. Миний ярьсан юм цагаан дээр хараар үлдсэн, 400-500 хуудас зүйл байгаа. Би баян эцгийн хөрөнгөн дээр үлдсэн сагсуу хүүхэд шиг болчихлоо гэж анхааруулж байсан. Яахав үр дүн нь хожуу гарах хөрөнгө оруулалт байдаг л даа. Гэхдээ ядаж тэрийг ямар үнэ өртгөөр, яаж хийв гэдгийг гарцаагүй авч үзэх шаардлагатай болж байна. Арай ч өнөөдрийнх шиг ийм хасах санхүүтэй болно гэж бодоогүй.

Л.Оюун-Эрдэнэ: Би удаа дараа хууль хяналт гэдэг юм ярилгүйгээр хөгжлийн томоохон төслүүдээ хөдөлгөөд урагшаа явах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Гэтэл жишээ нь Хөгжлийн банк зэрэг асуудлыг харахаар Монголын төр хуульгүй явж ирсэн юм шиг харагдаж байна. Хөгжлийн банктай холбоотой шалгалтын дүнг сонсоод, мөн Монгол банкнаас нууц гэдэг тамга дараад их хэмжээний мөнгө хэвлэгдсэнийг сонсоод цочирдсон. Гэхдээ ганцхан итгэл байна. Би МАН-ы гишүүн болохоороо хэлээд байгаа юм биш. Саяных шиг ийм байдалтайгаар МАН ялалгүйгээр дахиад 4 жил явсан бол Монгол улс босч ирэхгүй хүнд байдалд орох байжээ. Сонгуульд санал тэнцсэн бол бас хэрүүл уруул хийгээд бас болохгүй байсан. Одоо байгаа итгэл үнэмшил бол юутай ч Монгол улсыг онгоц гэвэл унаж байгаа биш тэгширч байгаа байдалдаа орж байна. Энэ жилдээ багтаад онгоцны хошуу үл ялиг дээшлэх хэмжээнд очих байх.

Гэхдээ өнөөдөр бид улс төр яриад нэгнээ яллахаас илүү Монгол улс өөрийгөө авч гарч чадах уу үгүй юу гэдгийн төлөө шаргуу ажиллах ёстой. Энийг Монголын ард түмэн ойлгож байгаа. Сая Засгийн эрхийг ард түмэн үндсэн хуулиараа барьдаг гэдгийг бүгдээрээ харлаа. Сонгуулийн ирц нэмэгдээд байсанг би хувьдаа гайхаж байсан. Бүгдээрээ нэг л юм болохгүй байна гэдгийг мэдрээд өөрчлөх санал өгсөн гэж боддог. Дөрвөн жилийн дараа бид дүнгээ тавиулна. Дараагийн сонгуулийн төлөө гээд бид худлаа ярихгүй. Худлаа ярихыг монголын ард түмэн мэддэг. Сая Ардчилсан нам сонгогдвол сонгогдохоор л бүтээн байгуулалт зэрэг гоё юмнууд ярьлаа. Гэхдээ нэг л зүйл болохгүй байна гэдгийг ард түмэн мэдрээд энэ сонголтыг хийсэн.

В.Ганзориг: Дараагийн асуулт бол төрийн албан хаагчтай холбоотой. Одоо нийтээр нь хоморголон халаад байна гэдэг яриа их гарч байна. Энэ бүхэн албан хаагчийн чадварын асуудал уу эсвэл зүгээр л улс төрийн “томилгооны” асуудал юм уу?



Д.Лүндээжанцан: Миний гол мөрөөдөл бол дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдгийг засаад эрх мэдлийн хуваарилалт буюу Их хурал нь Их хурал шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг байх юмсан гэдэг зүйл юм. Төрийн албан хаагчид үнэхээр нэг сэтгэлтэй хүмүүс байж, чадвартай мэдлэгтэй хүмүүс ажиллаасай гэдэг нь тийм том мөрөөдөл биш. Энийг л нэг эвэнд нь оруулчих юм бол би энэ төрд баяртай гээд явахад сайхан байна. Харамсалтай нь болохгүй зүйл их байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр, гурван удаа дарга сайд нар нь солигдоод тэр хэмжээгээр боловсон хүчин нь солигдож бүгдээрээ тэтггэмжээ аваад явчихсан. Улсын төсвөөс хоёр гурван зуун тэрбум төгрөг үргүй зарлагаджээ.

Одоо бол шаардлага хангаагүй, бас илүүдсэн орон тоог танаж байгаа. Гэхдээ оронд нь хүн авахдаа урьд нь ажиллаж байсан, чадвартай, хууль бусаар халагдсан хүмүүсийг нь авах ёстой. Би сонгуулийн мөрийн хөтөлбөртөө заналтайгаар гэдэг шиг “төрийн мэргэшсэн албан хаагчийг хууль бусаар халсан нь шүүхээр тогтоогдвол тэтгэмжийг нь буруутай албан тушаалтан төлдөг байх ёстой“ гэж оруулсан юм. Халагдаж байгаа хүн ч анхаарах ёстой, “за тэтгэмжээ авчихвал явья” гэдгээ болиод, үнэхээр хууль бус бол аль нам нь хамаагүй шүүхээр эцсээ хүртэл явах хэрэгтэй. Хүн дороосоо эхлээд дээшээ хүртэлээ өсч хөгждөг жинхэнэ мерит тогтолцоо руу аваачих юм бол Монгол улс хөгжих болно. Эцсийн эцэст төрийн албан хаагч жинхэнэ утгаараа тогтвортой байж Монгол улсын аюулгүй байдал, хөгжил хангагдана. Энэ бол асар том бодлогын асуудал.

Тогтолцоо нь болохгүй байна, бүх юм хувьд шилжвэл хулгайлах нь багасна гэж байна. Энэ төрийн өмчийн хэдхэн газар хулгайлахгүй хүн яагаад ажиллаж болдоггүй юм бэ гэж би бачимддаг. Хэрвээ хулгайлвал дор нь хусаад хаях хэрэгтэй. Тэгэхээр дараагийнх нь дахиад идэх ёстой юу. Би үүнтэй ёстой эвлэрдэггүй. Хулгайлахгүй хүмүүс тавьж болмоор доо.

В.Ганзориг: Мэдлэг боловсрол гэхээсээ илүү хувь хүний ухамсар хандлагын асуудал байгаад байна тийм үү.

Б.Энх-амгалан:
Энгийн ойлголтоор хэлэхэд адуучин хүнийг энэ чинь ёстой сайн саальчин байгаа юм гээд авчраад тавьчихсан. Саальчингаа болохоор энэ чинь жинхэнэ уран уургач гээд томилчихсон. Төрийн албыг ийм болгосон. Сайн мэргэжилтэнг чи гар, гарахгүй бол шалгана, шоронд хийнэ гэж дарамтлахаар хүмүүс залхаад тэтгэмжээ аваад гарч байгаа юм. Бүр 4 жилд 13 удаа шүүхдээд сая ажилдаа орж байгаа хүнийг би мэднэ. Шүүх дээр ялаад ирэхээр нь халаад хаячихна. Энэ мэтчилэн явсаар мэргэжлийн албан хаагчид олноороо халагдсан юм. Тэгэхээр ах дүүсийн, найз нөхдийн, амраг садангийн холбоо харилцаанаас илүүтэйгээр мэргэшсэн албан хаагчдыг буцааж тавих ийм процесс явагдах ёстой. Тэгэж байж төрийн залгамж чанар, ажлын үр нөлөө гэдэг юм гарна. Түрүүн хэлсэн, зөвхөн Нийслэлд гэхэд 2900 хүн дөрвөн жил нэмэгдэж орсны зарлага 24,4 тэрбум төгрөг гарсан тооцоо үзэж байсан. Улсын хэмжээнд бол 30 гаруй мянган хүн нэмэгдэж орсон байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрын 70 гаруй хувь нь ашиггүй ажилладаг, төсвөө хэтрүүлдэг. Өөрийнх нь биш юм чинь тэр ашигтай ажиллана уу байна уу хэнд ч хамаагүй. Ингээд төрийн дампуурал улсын дампуурал руу орно. Ийм учраас бид төрийн албан хаагчдын халаа сэлгээг ярьж байгаа юм. 80 хүн хийх ажлыг 120 хүн хийж яах юм бэ. Төрийн албан хаагч цомхон, мэргэшсэн, чадвартай, зарчимтай л байх ёстой.

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүн гэдэг хүн хэзээ мөнгөнөөс хол байна, хэзээ томилгооноос хол байна энэ үед л төрийн албан хаагч тогтвортой байна. Мөнгөнөөс хол байвал энэ олон бизнесийн хүн их хуралд орж ирэх үү. Яг үнэндээ бол их уйтгартай ажил шүү дээ. Хууль санаачилдаг, бичиг баримт дээр суудаг л ажил.

Гишүүд өөрийгөө эрх мэдэлтэй гэж боддог. Жижэг мажоритор систем нь ч тойрогтоо цэцэрлэгийн суултуур хүртэл шийддэг хэмжээнд аваачиж байна. Яамны газрын дарга нар гишүүдтэйгээ эвтэйхэн байхгүй бол гишүүд нь өмнүүр нь ороод ажлыг нь хийгээд эхэлдэг тогтолцооны гажуудал энэ эрх мэдлийг бий болгоод байгаа юм. Өнгөрсөн 4 жил энэ нь туйлдаа хүрч, Эрдэнэ вангийн хошуу гэх мэтчилэн бүтэн дүүргийг ах дүү, компаниараа нийлж авдаг тогтолцоо бэхжсэн. Ингэхээр бизнесийн чөлөөт өрсөлдөөн байхгүй болж, хувийн хэвшлийхэн бууж өгч, бөөнөөрөө төр рүү орьё гэдэг боллоо л доо. Дээрээс нь урлаг спортынхон маань ч нэмэгдэж байна.

Өөр нэг санаа бол төрийн албаны тухай хууль бэлгэдлийн чанартай яваад байсан. Дараа дараагийн эрх баригчид хуулиа биелүүлдэггүй, ард түмэн ч биелүүлээч гэж шахдаггүй, шахлаа гээд тоодог ч үгүй. Гэтэл хуулиндаа бол жишээ нь,Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалд очихын тул тэр хүн тухайн яаманд хэлтэс, албаны дарга байх ёстой гэсэн заалттай. Мөн тэр хэлтсийн дарга болохын тулд тухайн салбарын төрийн албанд таваас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн заалттай. Төрийн нарийн бичгийн дарга болохын тулд дор хаяж арван жилийг зориулахаар байгаа биз. Энэ нь төрийн албыг тогтвортой залгамж чанартай байх гэдгийг хангана. Гэтэл одоо намын удирдлагад нэг хүнтэй ойрхон байхад хэдэн төгрөг өгөөд дарга болчихно доо гэсэн нийтийн хийрхэл байна. Үүний хэм хэмжээ өнгөрсөн 4 жилд сад тавина гэгч болсон. Энэ бүгдийг цэгцлэхэд энэ удаагийн орон нутгийн сонгууль ч гэсэн их чухал юм.

В.Ганзориг: Тэнцвэртэй төр гэж ярьж байна. Дээрээ төр барих хэмжээнд санал өгсөн бол доод шатандаа тэнцүүлээд нөгөө намд өгөх ёстой гэж байна. Нөгөө талаар дээд шатандаа төр барьж байгаа хүмүүсийг орон нутгийн хурал хянана гэж байдаггүй юм ч гэж байна. Орон нутгийн хурлын чиг үүрэг юу юм бэ?


Д.Лүндээжанцан: Иргэдийн хурал бол нутгийн удирдлага. Тэр тухайн нутаг дэвсгэрийн иргэдийг төртэй холбож байгаа гүүр юм. Энэ хуралд нутагтаа нэр төртэй яваа малчин, тохитой хөгшчүүд, боловсролтой залуучууд холилдоод нутаг орныхоо төлөө зүтгээд суух баг гарч ирэх ёстой.

Монголчууд давс хийвэл уустал ажил хийвэл дуустал гэж ярьдаг. Сая бол энэ ард түмэн улс орныг энэ намаг балчигаас МАН аваад татаад гаргаад ирж магадгүй гэдэг сонголтыг хийсэн. Одоо ч мөн саналаа өгсөн шиг өгөөд, ажлаа хийлгэсэн шиг хийлгээд, хариуцлагаа үүрүүлсэн шиг үүрүүлэх ийм түүхэн боломж ховор тохионо шүү. Одоо цаг мөчтэй уралдаж улс орноо намгаас гаргах үе ирчихээд байхад энэ сонголт их чухал. Хэвийн эдийн засагтай үед цалин мөнгөө нааш цаашаа болгох дээр ухаанаа уралдуулаад явж болохсон. Гэтэл өнөөдөр энэ хямралтай нөхцөлд бусад орон урагшаа явж байхад бид хар буурин дээрээ байгаа гэдгийг хаа хаанаа ойлгох цаг ирчихээд байна.

Б.Энх-Амгалан:
Анхан шат, дунд шат, дээд шат бүх шатандаа өгөөд та нарт хариуцлага хүлээлгэлээ, энэ айлыг өөд нь тат, гэр орноо дулаал, аж ахуйгаа авч яв гэдэг саналыг л ард түмэн өгөөсэй. Тэгэхгүй бол доороо ажил хийхгүй. Айлын бүх хүн хөдөлж байж тэр айл өөдтэй явдаг шиг энэ улс орон бүх шатандаа нэг цул байж л өөдөлж дэвшинэ.

Цаашид сонгуульд анхаарах нэг зүйл байна. Суманд хэн олон ах дүүтэй нь сонгогддог. Ямар хүн байхаас үл хамаараад засаг дарга болдог. Энэ өөрөө орон нутгийн сонгуулийн гаж тогтолцоо. Уг нь томилдог бол хариуцлага тооцдог, буцааж татдаг байгаад, бас шилдэг боловсон хүчин очих ёстой.

Л.Оюун-Эрдэнэ:
Дүүрэг сум өөр намаас байлаа гээд тэнцвэржих боломжгүй л дээ. Тийм учраас МАН дотооддоо илүү биенээ хянах, авилгалаас ангид байх, Засгийн газраа шахах асуудал байх ёстой. АН бол маш чухал субьект. Цаг алдалгүй ҮЗХ-гээ хуралдуулж, хоорондоо учраа олж чадахгүй байгаа энэ нөхцөл байдлаа шийдэх хэрэгтэй. Тэд орон нутгийн сонгуулиас илүү шинэчлэлдээ анхаарах, ийм байдалд оруулсан улс төрчиддөө хариуцлага тооцох, авилгачддаа хариуцлага тооцохдоо анхаарвал 2020 онд бодлого ярьдаг, эрүүл өрсөлддөг тоголцоо бий болоход дөхөм болно.

Орон нутгийн иргэдийн хурал гэдэг бол төлөөллийн байгууллага мөн боловч илүүтэй мэргэжлийн байгууллага. Энэ 4 жилд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх хэмжээний тогтвортой Засгийн газар, Их хурал байх ёстой. Одоо энэ боломжийг алдвал дахиад 16 жил боломж олдохгүй байж магад. Үүнээс шалтгаалж бидний энэ хатгаа уушигны хавдар болхуу эмчлэгдэх үү гэдэг хариуцлагатай цаг хугацаа.

Миний хувьд сөрөг хүчин ялбал Засгийн газрын явуулах гэж байгаа бодлогод энэ тээг садаа болох вий гэсэн бодолтой байна. Дараа жил Ерөнхийлөгчийн сонгууль, тэгээд бүрэн эрхийн хугацаа хоёр жил үлдэнэ. Сонгуулиас болж Засгийн газар бодлогоо өөрчилдөг энэ тогтолцооноос одоо салах ёстой. Бид 25 жилийн суралцаж буй энэ байдалдаа дүгнэлт хийх цаг ирлээ.

В.Ганзориг: Та нарын хувьд одоо байгаа нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулахын тулд хийхээр төлөвлөж байгаа ажил акцууд юу байна вэ?


Б.Энх-Амгалан: Би хэд хэдэн зүйл Их хуралд өргөн барьсан. 1. Малын гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулах, түүнийг дахин боловсруулах, нэмүү өртөг шингээх, ажлын байр бий болгох, мөн дотоодын зах зээлээ хангаад гадаадад гаргах зорилгын хүрээнд Аж үйлдвэрийн паркийн төсөл өргөн барьсан. Энэ бол 10 сая ширхэг арьс, 60 мянган тонн ноолуур, 600 мянган тонн ноос боловсруулах, түүнийгээ эцсийн бүтээгдхүүн болгох л асуудал. Энэ хэрэгжвэл монголчууд маш их мөнгөтэй болно. Ажлын байр, цалин орлоготой болно 2. Ази Европыг холбосон өндөр хурдны дата төвийг барих ёстой. Мэдээллийг тээвэрлэгч дамжуулагч болж байж эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэнэ. 3. Элэг бүтэн монгол. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон эмч, хувийн компаниудтай уулзалт хийж идэвхитэй явж байна. 4. Монгол улс хоёр том зах зээлээс хараат. Далайд гарцгүй. Тийм учраас Орос болоод Хятадын зах зээл дээр гарах, үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг Төр олгох ёстой. Үүний төлөө олон ажил хийгдэж байгаагийн нэг нь Орос Монголын хамтын ажиллагааны эдийн засгийн форум удахгүй зохион байгуулагдах гэж байна. Мөн Хятад улсад зохион байгуулагдах эдийн засгийн арга хэмжээнүүдийг дурдаж болно. 5. Бид мега төслүүдээ хөдөлгөх цаг болсон. Ингэж байж бид эдийн засгийн хямралаас гарах учиртай.

Л.Оюун-Эрдэнэ:
2017 оны төсвийн эхний хэлэлцүүлэг болоод удахгүй 2 дахь хэлэлцүүлэгтээ орно. Энэ нэг жил төсвийн чанар сайжрах учиртай. Бид дотоодын эх үүсвэрээсээ өрөө төлөөд дефолт болохгүйгээр тойрч гарах ёстой. Энэ бол 2017 оны Засгийн газрын гол зорилго. Мэдээж иргэдийн халаас руу оролгүйгээр төсвийн алдагдалаа багасгаад орлого зарлагын балансаа 5 хувьд хүргэхгүй бол болохгүй.

Нью-Йоркод машины бүс зүүхийг хуульчлаад аваар осол буурна гэж тооцоолжээ. Гэтэл 2 жилийн дараа аваар осол өссөн байсан. Судалгаа хийгээд үзтэл бүс зүүсэн юм чинь гэж хүмүүс хурд хэтрүүлэх нь харин ч ихэссэн байсан. Ингээд анхны хуулийн төслийг өргөн барьсан багийг парламентаараа хэлэлцсэн байдаг юм. Энэ нь мэргэжлийн байгууллагын судалгаа маш хэрэгтэйг жишээ. Бид үнэнээ хэлж судалгаанд ач холбогдол өгдөг байх ёстой. Тэрнээс биш иргэдэд таалагдахын тулд явбал 2017 онд эвгүй байдалд орно. Мөн үүн дээр сөрөг хүчин ч улс төржихдөө бодох учиртай юм. Парламентийн олонхи ч Засгийн газрын оруулж ирсэн зүйлийг дэмжиж дефолт болохгүй, төсөв алдагдалгүй байх ёстой гэсэн шаардлага тавина. Харин 2018 оны төсөв, хөрөнгө оруулалтыг дэмжсэн онгоц маань дээшээ чиглэлтэй явах ёстой. Үүнд мэргэжлийн байгууллагууд болох Засгийн газар, Монгол банк, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын дуу хоолой улс төрчдийнхөөс илүү чухал байх учиртай болж байна.


Д.Цогтбаатар: Би ажлаа үндсэн миний хийх ажил, үүн дээр сэтгэл гаргаж хийх ажил гэж хоёр хуваадаг. Нэгдүгээрт би 2017 оны төсөвт өөрийн тойргийн ашиг сонирхолыг тусгаж анхаарал хандуулах ёстой . Намайг тэг гэж сонгосон. Нөгөө талаар улс орны эдийн засаг холбогдсон асуудал дээр миний барьж байх ёстой зарчим гэж байна. Сая бид төсвийн хүрээний мэдэгдэлээ баталсан. Үүн дээр дараа жилийн улсын төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь руу орж бууна гэсэн байдаг. Одоо бид 40 хувь дээр баталчихаад байгаа. Бид бүтээгдэхүүний үнийн өсөлтийг 2,4 хувиар төсөөлсөн. Одоо энэ төсөөллөөс илүү нарийвчилсан тооцоо орж ирэх ёстой. Үүн дээр үндэслээд бид төсвийн зарлагаа 30 хувь руу буулгахгүй бол эдийн засаг эрүүлжих явцдаа орохгүй. Тэгэхээр бид макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдээ хадгалах, энэ төсвийг батлах тал дээр ажиллах болж байна.

Бүх гишүүд чадах чадах юман дээрээ ажилламаар байна. Би гадаадын зээл тусламж татах тал дээр арай илүү ажиллахаар төлөвлөж байна. Яг одоо л гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж Олон улсын байгууллагуудтай уулзаж байгаа. Бид бодлогоо алдаж үзлээ. Одоо бодлогоо эрүүлжүүлээд зогсохгүй хандлагаа эрүүлжүүлэх ёстой. Тэгж байж гадны хөрөнгө оруулалтыг татна. Үүнгүйгээр энэ хүндрэлтэй нөхцөл байдлаас гарна гэж байхгүй. Манайх байтугай Хятад улс үүнийг хийсэн. Зөвхөн гадныхантай харьцах харьцаагаа өөрчлөхөд л 30 жилийн дараа ийм том гүрэн болж өссөн байна. Долоон тэрбум хүнтэй ертөнц дээр амьдарч байж тэднийгээ харалгүй 3 саяынхаа дотор хараад, тэрийгээ агуу гэж бодоод байвал ямарч өөрчлөлт явахгүй. 1990-ээд онд бид үүнээс хүнд хямралд орчихоод одоогийнхоос хамаагүй цомхон төртэй хямралаас гарч чадсан. Тэгэхэд бид нээлттэй байж гадаадын хүмүүсийн итгэлийг олж чадсан юм.

Дүүрэгтээ тодорхой гурван зорилго тавьсан. Боловсрол, эрүүл мэнд, ажлын байр гэсэн чиглэл дээр л ажиллана.

Д.Лүндээжанцан: Би 1990-д оны, 2000-аад оны байдлыг ч мэдэх юм. Гэхдээ одооны энэ вирус шинээр гарч ирсэн, барагтай антибиотек үйлчлэхээ байсан байна. Гадны зээл тусламж хэрэгтэй. Гэхдээ дархлааг жоохон сэргээхийн тулд өр зээлийг жаахан хойшлуулах арга хэмжээнүүд байдаг. Бид үнэндээ дураараа аашилж байсан л даа. Хэн дуртай нь толгойдоо орж ирсэн юмыг хууль болгох гэж дайраад 599 хуультай болсон. Гэхдээ энэ 1-р сарын нэгнээс эхлээд нэлээд юм эмхэндээ орно. Бүх юм шүүлтүүрээр гарна. Бодоод л, бодсоныгоо хэрэгжүүлэх гэж дайрахгүй, бүх “бодол” судалгаа, шинжилгээнд суурилна. Хууль тогтоох үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлээр явуулна. Бидний гаргаж байгаа хууль хийдэл, зөрчилгүй байх ёстой. Хүмүүс тэрэн дээр нь л ажиллаж байна. Одоо гурван сар өнгөрсөн, он гарахад 6 сар болно. Ингээд жил зургаан сарын дараа буюу 2018 оны цагаан сараар гэхэд улс орны байдал ямар ч байсан амьсгаа авахтай боллоо гэх хүртэл ажиллах хугацаа үлдээд байна даа.

В.Ганзориг: Ярилцлагын цаг маань үүгээр дуусч байна. Цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.