Өгөдэй хааны үлдээсэн их өвийг уламжлах тухай

Монголчууд бид түүхэн цаг хугацааны хувьд дэлхийд Грек, Ирак, Перс, Египет, Энэтхэг, Хятад, Япон зэрэгтэй ижил хэмжээнд тэнцэж яригдах учиртай эртний үндэстэн. Монгол Улс төрт ёсны 2 мянга гаруй жилийн түүхэн уламжлалтай. Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монголын эзэнт гүрний хаад Ази, Европ, Ойрхи Дорнодыг зуун дамжин эрхшээж, “тухайн үеийн дэлхий”-д засаглаж байжээ. Чингис хаан болон түүний алтан ургийн үр хойчис дэлхийн түүхэнд олон өв соёлыг үлдээжээ. Монголын энхтайван дэлхийд шинэ дэг журмыг авчирч, Ази Европыг холбосон зам, худалдааг хамгаалан хөгжүүлж, мэдээ, бараа, технологи солилцоог эрчимжүүлж, шашин хоорондын хүлцэл, хүндэтгэлийг хүлээлгэж, морин өртөөгөөр холбоо харилцааг өргөжүүлж, ядууг тэтгэх нийгмийн халамжийг тогтолцоог эхлүүлж байжээ. Энэ талаар гадаад, дотоодын судлаач нар тодорхой бичиж тэмдэглэсэн дээ. 

Эдгээрээс гадна Өгөдэй хааны дэлхийн хүн төрөлхтөнд үлдээсэн бас нэг өв, түүнийг өнөөгийн Монголчууд бид уламжлан өртөөлөх асуудлыг дэвшүүлж байна. Өгөдэй хаан өөрийн хаанчилсан 13 жилээ дүгнэн цэгнэж, хийж хэрэгжүүлсэн 4 сайн, 4 муу үйлийг онцлон нэрлэж байжээ. Энэ нь дэлхийн түүхэнд өөрийн үйл ажиллагаандаа үнэлгээ дүгнэлт өгсөн анхны хаан хэмээн тэмдэглэгджээ. Онцолж хэлбэл, Өгөдэй бол цэцэн цэлмэг Их хаан, улсын засаглал, төрийн удирдлагын ухаанд тод мөр, том өв үлдээсэн удирдагч байжээ. 

Монголын нууц товчоонд дурдсанаар:

Өгэдэй хаан өгүүлрүүн: "Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь: Нэгдүгээрт, би Алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт, бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав. Гуравдугаарт, усгүй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд хүрэлцээтэй болгов. Дөрөвдүгээрт, зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар төвшин болгов. Хаан эцгээс хойш, энэ дөрвөн үйлийг нэмэв, би. Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсанд орсон минь нэгдүгээр буруу болов. Хоёрдугаарт ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хүүхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал, ёсгүй муу алжаас үйлэнд автсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт Доголхуг далдаас хардсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл, хаан эцгийн минь харах нүдний өмнө, хамгаас түрүүнд хатгалдаж явсан Доголхуг хорт муу үгэнд орж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн минь өмнө зүтгэсэн журамт хүнийг мэдэхгүйгээр өшөөлснийг өөрөө би буруушаана. Дөрөвдүгээрт, тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үгийг сонсов, би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дөрвөн үйлийг нэмэв. Бас дөрвөн бурууг үйлджээ!" гэв.

Эндээс үзэхэд Өгөдэй хааны хийсэн 4 сайн үйл нь улс гүрний хэмжээний далайцтай, жинтэй, эзэнт гүрэндээ их хувь нэмэр оруулсан, ард олондоо ач холбогдол өндөртэй хэрэг байжээ. 

Тухайлбал, 

“Алтан улсыг эзлэн дагуулав” гэдэг нь эцэг Чингис хааны гэрээсийг биелүүлж, Их Монгол улсынхаа аюулгүй байдлыг хангасан хэрэг байжээ. Төрийн бодлогын залгамж, язгуур чанар хадгалагдсан хэрэг. 

“Элч явуулж харилцах өртөө замыг тавиулав” гэдэг нь Ази Европыг дамнасан эзэнт гүрнийхээ удирдлага, бүх үйл ажиллагааг шуурхай, оновчтой зохион байгуулах, эдийн засгаа тэлж хөгжүүлэх үндсийг тавьсан хэрэг байжээ. Одоогийнхоор бол дэд бүтцээ бий болгож, хөгжлийн сууриа тавьсан гэсэн үг аж. 

“Усгүй газарт худаг малтуулж, ард иргэдийг ус, өвсөнд хүрэлцээтэй болгуулав” гэдэг нь улсын цөм малчин Монголчууд, эдийн засгийн язгуур бэлчээрийн аж ахуйгаа хөгжүүлж, өөрөөр хэлбэл, ар талаа сайтар бэхжүүлж, суурь нөхцөлөө хангасан хэрэг аж. Одоогийн Монголчууд бидэнд ч энэ хэрэгцээ байсаар, хийж хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тулгарсаар билээ. 

“Олон газарт мэдээлэгч захирагч нарыг тавьж улс иргэнийг амар түвшин болгов” гэдэг нь улсын хэргийг гардан гүйцэтгэх түшмэдийг бүрдүүлж, улс иргэний холбоог нягт болгосон хэрэг аж. Одоогийнхоор бол ард иргэдийнхээ төлөө үнэн сэтгэлээр ажиллаж чадах, улсынхаа эрх ашгийг гүйцэлдүүлж зүтгэх төрийн сайд, дарга нар, аймаг, сумдын засаг нарыг сонгож, томилж чаджээ. 

Өгөдэй хаан өөрөө чухалчилж дурдсан дээрх 4 сайн үйл хэрэгт багтаагүй боловч гүрэн даяар татварын нэгдсэн тогтолцоо бүрдүүлсэн, өнчин ядуусыг тэтгэх нийгмийн хамгааллыг бий болгосон, Хархорум хотыг бүтээн босгосон, өрнө дорно зүгт их байлдан дагуулалт хийж нутгаа өргөжүүлсэн зэрэг агуу үйлсийг мартаж болохгүй.

Өгөдэй хаан өөрийн үйлдсэн 4 муу үйлийг дурдаж үлдээсэн нь өнөөгийн Монголчууд бидэнд одоо ч сургамжтай билээ. Өгөдэй хаан энэ 4 үйлдээ харамсан гэмшиж байсан нь дамжиггүй. Өгөдэй хааны 4 муу үйл нь хувь хүний өөрийн алдаатай, өнөө цагийнхаар бол “вакумд автсан”-аас үүдэлтэй байжээ.


Тухайлбал, 

“Бор дарсанд орсон” гэдэг бол өнөөгийн Монголчууд бидэнд мөн тулгараад байгаа нийтлэг зовлон. Цагадай хан дүү Их хаанаа архинаас холтгох, бага зохистой хэрэглүүлэх гэж тусгайлан журамлаад ч бүтэл олоогүй түүхийг бид мэднэ. Хөлчүү ухаанаас мэргэн шийдвэр гарахгүй. 

“Ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хүүхэн авчруулсан” гэдэг нь хаан хүн хэдий ч ёс журмыг сахих, самуунд автахгүй байх, авга заншлаа дагах учиртайг сануулсан хэрэг аж. 

“Доголху-г далдаас хардсан. Хаан эцгийн минь харах нүдний өмнө, хамгаас түрүүнд хатгалдаж явсан Доголху-г хорт муу үгэнд орж хороосон” нь төрийн удирдагч хүн “хүний үгээр үг хийх”, “шууд ятгалгаар шийдвэр гаргах” ямар хор хөнөөлтэйг өнөөгийн бидэнд сэрэмжлүүлж байгаа хэрэг аж. Нөхөр, дайснаа ялгахгүй, дайсны үгээр нөхрөө хорооно гэдэг ямар их харамсал вэ.

“Тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүүсийн нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж ах дүү нараас гомдох үгийг сонссон” гэдэг нь нүүдлийн соёл уламжлалтай Монголчууд бидэнд унаган байгалиа хамгаалах, суурин соёлд хэт автахгүй байх, цөөхөн Монголчууд хоорондоо эв эеэ сахин хичээж амьдрахын чухлыг сануулсан захиас аж.


Уламжлах тухайд, 

Чингис хааны үндэслэн байгуулсан Их Монголын эзэнт гүрний гал голомтыг сахисан өнөөгийн Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан зүтгэлтнүүд маань Өгөдэй хааны адил засагласан хугацааныхаа туршид Монгол Улсдаа, ард түмэндээ хийж хэрэгжүүлсэн, оносон, алдсанаа өөрийн гараар бичиж, өөрийгөө дүгнэж үлдээдэг байгаасай. Хожим сонгогдох төрийн зүтгэлтнүүд үүнийг бодож зүтгэлтэй ажиллаасай, өөрийн нэрээр засаглал соёлын өв үлдээгээсэй гэж хүснэм. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай байгаагүй, харин Монголын төрд зүтгэх халтай цаг үе бол байсан билээ.Өөрийн үлдээсэн өвөө зарладаг, өртөөлөх үйл хэргийг дараагийнхаа хүнд захиж хэлдэг уламжлал Монгол төрийн тэргүүн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт байгаасай. Та бүхнээс уриалж байна. 

Эхлүүлж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсны үлдээсэн 4 сайн үйлийн талаар товч өгүүлье. 

Нэг. Монгол Улс парламентын засаглалыг сонгоход шийдвэрлэх нөлөө үзүүлсэн.

Тэрээр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга байхдаа Монгол Улс Парламентын засаглалыг сонгоход шийдвэрлэх нөлөө үзүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын засаглалын хэлбэрийг хэлэлцэх санал хураалт явагдахад тухайн үеийн Ардын Их Хурлын депутатуудын 186 нь Ерөнхийлөгчийн засаглалыг, 186 нь Парламентын засаглалыг дэмжиж, санал 48:48 хувиар тэнцэж, 13 депутат буюу 4 хувь нь түдгэлзэж, эцэстээ Ерөнхийлөгч Очирбатад хандахад, тэрээр Парламентын засаглалыг дэмжсэн үг хэлж, түүний саналаар шийдэж байжээ. Хоёр хэт их гүрний дунд орших Монгол Улс ардчилсан парламентын засаглалыг сонгосон нь зөв байсныг хожмын олон үйл явдал, ялангуяа Ерөнхийлөгчийн засаглал сонгосон Төв Азийн “стан” орнуудад өрнөсөн үзэгдлүүдтэй харьцуулахад тодорхой харагдана. 

Хоёр. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг зарласан.

Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсын шинэ Үндсэн хуульд тулгуурласан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Цэргийн номлол бодлогын баримт бичгүүдийг эрхлэн, удирдан, зохицуулан боловсруулж Парламентаар оруулж батлуулжээ. Эдгээр нь Монгол Улсын тусгаар тогтнолыг улс төр, дипломат арга хэрэгслээр баталгаажуулах үндсэн чиглэл болжээ. Хоёр хөрштэйгээ найрсаг харилцааны хэлэлцээр байгуулж, гуравдагч хөршүүдтэй нээлттэй харилцах суурийг тавьжээ. 

Гурав. Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүсийн статустай болгосон.

Ерөнхийлөгч П.Очирбат 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд оролцож үг хэлэхдээ Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс болгох тухай анх тунхаглан зарлажээ. Энэ санаачилга биеллээ олж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 53 дугаар чуулганаар баталжээ. Хожим 2012 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 улс АНУ, ОХУ, Их Британи, Франц, БНХАУ бүгдээр Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хамгаалах баталгаа гаргажээ. Энэ нь цөмийн зэвсэгтэй хоёр хэт гүрний дунд орших Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй байдлыг сахин хамгаалсан дипломатын уран сэтгэмж, ухаантай нүүдэл болжээ. 

Дөрөв. Нийгмийн ойлголцол, зөвшилцөл, эв нэгдлийг хангаж, үндэсний ухамсрыг сэргээсэн.

Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсын ардчилсан тогтолцоонд шилжсэн шилжилтийн эгзэгтэй цаг үед эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, шинэ Үндсэн хуулиа боловсруулах, хэлэлцүүлэх, батлах, нийгмийн шинэ харилцааг эхлүүлэх, төлөвшүүлэх, улс төрийн намуудын эв эеийг хангах, ард түмнийхээ үндэсний ухамсрыг сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, Чингис хааны мэндэлсний 830 жилийн ойг тэмдэглэж, Төрийн хан хуур бүтээлгэн Төрийн ордонд залж, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг санаачлан батлуулж, Мэгжид Жанрайсиг шүтээнийг залж, буддын сүм хийдийг сэргээн ажиллуулж, Богд хаан уул, ХанХэнтий уул, Отгонтэнгэр хайрхан уулыг тайх уламжлалыг сэргээж, Чингис хааны зарлигийг уламжуулан Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахиж, Дэлхийн Монголчуудын чуулганыг ивээл дороо зохион байгуулж байжээ.


Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, хоёр мянга гаруй жилийн түүхтэй Монгол үндэстний төрийн тэргүүн та мөнх тэнгэртээ тайван нойрсог.