Энэ 7 хоногт
НААДАМ БРЭНДИНГ: НААДАМ ДИПЛОМАСИ &НААДАМ ЭДИЙН ЗАСАГ

НААДАМ БРЭНДИНГ: НААДАМ ДИПЛОМАСИ &НААДАМ ЭДИЙН ЗАСАГ
Манай үндэсний их баяр цэнгэл “наадам” бол Монголчууд бидний өнө эртний язгуурын уламжлал, дээд үнэт зүйлбилээ. Туурга тусгаар Монголчууд бид төдийгүй хувь заяаны эрхээр салж хагацсан Халимаг, Буриад, Өвөр Монгол, Барга, Алтайн Урианхай, Шинжааны Монголчууд бүгдийн Монгол хүн болж төрснөө мэдрэх, соёл уламжлал, зан заншлаараа бахархах омог, эв нэгдлийн бэлэг тэмдэг, “Монгол үндэстний дархлаа” бол баяр наадам юм.“Наадам”-ыг НҮБ-ын Хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад бүртгүүлж чадсан нь өнөөгийн Монголчууд бидний бахархалт гавьяа, нөгөө талаар наадмаа наадам шиг авч явахаар дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг болж байна.
Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Монгол судлаач эрдэмтэн Анна Борбала Монгол үндэстний баяр наадмыг түүх соёлын хувьд анхны “Азийн олимп” гэж зүйрлэсэн нь тун оновчтой санагдсаныг хэлмээр байна. Эртний Грект анхны олимп үүсэж, олимпид оролцогчид 5 төрлөөр өрсөлддөг байсан түүхийг бид мэднэ. Тэгвэл манай эртний наадамд 3 төрлөөр өрсөлддөг, энэ уламжлал өдгөө ч үргэлжлэн хадгалагдаж байгааг хэлэх хэрэгтэй. (Шагайн харваа сүүлд нэмэгдсэн)
Наадам бол зөвхөн баярлаж цэнгээд өнгөрөөх хэдэн өдрийн эвент биш харин Монгол Улсыг, Монголчууд бид бүхнийг дэлхий дахинд сурталчлах, соёлын эдийн засгийн төвлөрөл үүсгэх, шинэ зах зээл бий болгох, тогтвортой, тууштай хөгжүүлэх боломжтой глобал брэнд юм. Засгийн газраас Welcome to Mongolia бодлогыг зарлаж, хүч гарган хэрэгжүүлж байгаа өнөө цагт Монгол наадмаа эдийн засагжуулах, брэнджүүлэх, дипломат болон бусад бодлогодоо цогцоор ашиглах нь чухал байна.
Хоёр жилийн өмнө буюу 2023 онд бичиж байсан “Наадам дипломаси”, “Наадам эдийн засаг” гэсэн ихэр санаачилгыгнэмж дэлгэрүүлье.
НААДАМ ДИПЛОМАСИ
Улс орнуудын гадаад харилцааны амжилт, ололт, алдаа оноо, ухрах урагшлах нь төрийн тууштай бодлого, бодлогын залгамж чанараас хамаарах нь түгээмэл гэдэг. Гэхдээ тухайн улс орнуудын шийдвэр гаргах түвшний хувь хүн хоорондын харилцаа хандлага ч үүнд чухал нөлөөтэй байдаг аж.
Монгол үндэстний баяр наадмаа Монгол төрийн бодлогод ухаалгаар ашигладаг, гадаадын итгэлт түнш, сайн харилцаатай улс орнуудын төр засгийн тэргүүнийг урьж наадмаа үзүүлдэг, Монгол соёлоо танилцуулдаг, цаашдын харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлдэг таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд “Наадам дипломаси” бодлогын зорилт, стратеги чиглэнэ.
Монгол наадмын нээлтийг үзэх гэж, Монгол соёл, уламжлалыг мэдрэх гэж, Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах гэж төрийн айлчлалаа наадамтай тохируулдаг, тааруулдаг, манай урилгыг хүлээн авдаг гадаадын өндөр дээд зочдын жим нэгэнт нээгджээ. “Наадам дипломаси” гэж албан ёсоор нэрлээгүй, бодлогын баримт бичгүүдэд тусаагүй ч дээрх агуулгаар жинхэнэ утгаучиртай хэрэгжиж байгаад сайхан санагдаж байна. Энэ стратегийг бодитой, ухаалгаар хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, зөвлөхүүд, Гадаад харилцааны сайд, яамны аппарат, баг хамт олонд талархаж байна.
Монгол Улс 2024 оны наадмаараа Бутан улсын хааныг урьж, айлчлалыг өндөр түвшинд тун амжилттай зохион байгуулсан бол 2025 онд Японы эзэн хааныг урьсан, айлчлал нь тун удахгүй хэрэгжих гэж байна. Энэ жим цаашид жишиг болж тодроосой.
Тус бүрдээ тэрбум илүү хүн амтай Энэтхэг, Хятад гэсэн хоёр акулын дунд, өндөр Гималайн нуруунд орших, 1 сая хүрэхгүй хүн амтай, далайд гарцгүй, Буддын шашинтай, эртний түүх, соёлоороо Монголчуудтай гүн холбогдох Бутан улсын хааны айлчлал хоёр талдаа гүнзгий сэтгэгдэл төрүүлснийг онцлох хэрэгтэй.
Түүний айлчлалын үеэр Бутаны талд Монгол сарлагийнхөлдөөсөн үр бэлэглэсэн нь цагаа олсон, цаад талынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чухал акц болсныг хэлэх нь зүйтэй. Ялангуяа 2022 онд Монгол Улсад төвтэй Дэлхийн сарлагийн холбоо байгуулах санаачилгыг дэвшүүлж, энэ хүрээнд дэлхийд сарлагтай 14 орны хамтын ажиллагааг өрнүүлэхээр ажиллаж байгаа үед чухал алхам болж байлаа. 40 гаруйхан мянган сарлагтай Бутан улсад сарлагийнхаа удмын санг сайжруулах, ашиг шимийг нь дээшлүүлэхасуудал тулгамдаж буй. Сарлагийн аж ахуйгаа хөгжүүлэх нь Бутаны хөдөө аж ахуйн салбарын гол зорилтуудын нэг. Энэ асуудлыг нь шийдвэрлэхэд манай улсын бэлэг ач тусаа өгөх биз ээ.
Энэ жилийн наадмаар зочлон ирэх Япон улсын эзэн хааны айлчлал амжилттай болох нь гарцаагүй. Ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн амаргүй цаг үед Японы Засгийн газар, Японы ард түмнээс үзүүлсэн тусламж, дэмжлэгийг бид мартах учиргүй. Лаазтай хуурай сүүнээс эхлээд Ниссан автобус, цахилгаан станцын шинэчлэл гээд урт удаан жагсаалтаар үргэлжилнэ. Манай боловсролын салбарыг анхаарч, “Өвсний үндэс” хөтөлбөрөөр хөдөө сумын сургуулиудын элэгдэж муудсан барилгыг шинэчлэн засварлаж, шинээр байгуулж ирсэн. Хөдөөгийн буйдхан сумын төвийн амин зүрх нь дунд сургууль юм аа, хүүхэд залуусын ирээдүй, улс орны хөгжилд боловсрол чухал байдаг шүү гэдгийг энгийнээр ойлгуулсан Япончуудад хүндэтгэлтэй ханддаг. Техник технологи, мэдээллийн эрин зуунд Монгол Улсаас 1000 инженер Япон улсад бэлтгэх бодлого хамтран хэрэгжүүлж, тус хөтөлбөрийн төгсөгчид сурсан мэдсэнээ эх орондоо гаргаад эхэлж буй. ЖАЙКА гэдэг нэр Монгол хүний чихэнд өөрийн үг мэт санагдаж магадгүй тийм ойр дотно ажиллаж байна. Японы үндэсний спорт сумо бөхийн өнөө цагийн хөгжлийг Монгол Их аваргууд, Монгол сумочидгүйгээр төсөөлөх аргагүй болчихсон тийм гүнзгий холбоотой болжээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлээр бүх шатанд, бүх түвшинд идэвхтэй өрнөж буй.
Өнгөрсөн хавар, Японы Нара мужийн нэгэн хотын музейд Чингис хааны алтан ургийн хөтөлсөн удмын бичиг хадгалагдаж байгаа тухай мэдээ гарсансан. Ойролцоогоор 5.5 метр диаметртэй дугуй хэлбэртэй даавуун дээр Чингис хааны үр садаас эхлээд 14 үеийн 12 мянга гаруй хүний нэр бичигдсэн тус ургийн бичиг бол Монголчууд бидний оюун санааны үнэт зүйл юм. Японы эзэн хааны айлчлалын үеэр энэ ургийн бичигний хуулбарыг авчирч Чингис хааны музейдээ байршуулчихвал ч… түүхэн акц болно доо.
Монгол Улсад наадмаар ирэх дараа дараагийн төрийн айлчлал Тайландын Хаан, Кувейтын Эмир, Шведийн Хаан, Данийн Хаан, Их Британийн Хаан гээд үргэлжлээсэй. Хаадаас гадна Ерөнхийлөгч нар ч ирээсэй. Гагцхүү энэ бодлогыг дагасан, дагуулсан эдийн засаг, нийгмийн олон талт арга хэмжээг хамтатган хэрэгжүүлэх нь чухал байна.
Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн форумыг Наадмын өмнөх өдрүүдэд зохион байгуулж байгаа нь зөв зүйтэй санагддаг. Наадмаар гадаадын бизнес түншүүдээ урьдаг, наадмаа үзүүлдэг, хэлцлээ хийдэг, гэрээгээ зурдаг байж болно. Цаашид уламжлал болж тогтвол Наадам брэндинг, Наадам эдийн засагт дорвитой барьц болно.
НААДАМ ЭДИЙН ЗАСАГ
Наадмаа эдийн засагжуулъя. Наадам экономикс гэсэн ойлголтыг бий болгоё. Судалгааны эргэлтэд оруулъя. Товчхондоо наадмаа илүү судлая, цаашид судалгаа тооцоотой хөгжүүлье. Баяр наадам бол иж бүрэн, цогц арга хэмжээ байх тухай ойлголт. Наадам бол зөвхөн стадионд нээлт, хаалт хэрхэн хийх, бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдааныг яаж алдаа мадаггүйзохион байгуулах тухай үйл явц биш билээ. Дэлхийд нэртэйалдартай эртний цөөхөн үндэстний нэг болох Монголчууд бидний оюун санаа, эв нэгдэл, нэгдмэл чанар, үнэт зүйлийг сэргээсэн, хадгалсан, бэхжүүлсэн, жилдээ ганц удаа тохиох хамгийн том эвент бол наадам. Наадам бол зөвхөн Хүй 7 худаг эсхүл Төв цэнгэлдэх гэсэн 2 байршилд үүсэх хөл хөдөлгөөний асуудал биш юм. Зөвхөн Улаанбаатарт биш 21 аймаг, 330 сумандаа бид нааддаг шүү дээ.
Наадам дагасан эдийн засгийг ажиллуулъя. Наадмаа бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд бодитой оруулъя. Аялал жуулчлал, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбар дундын уялдааг хангая. Монголд ирэх гадаадын жуулчдад үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ түлхүү борлуулъя, үйлчилгээгээ хүргэе. Наадам гэсэн цогц бэлэг дурсгалын зүйлс бий болгоё. Бөх, морь, сур, шагай харвааны соёл, эд өлгийн зүйлс, үзэсгэлэн, яармаг, дуудлага худалдаагаа төрөлжүүлж хөгжүүлье. Монгол наадмаа угтаж 7 дугаар сарын 10-“Төрийн далбааны өдөр”-өө ч учир утгатай тэмдэглэе. Наадмаараа Монгол Улс, Монголчууд төрийн далбаагаараа бүрэн чимдэг байя. Монгол наадмаа дэлхийн брэнд болгож олон улсад сурталчилъя. 2017 онд байгуулж, 2020 онд татан буулгасан “Үндэсний брэндийн зөвлөл”-ийг /нэрнээсээ эхлээд буруу зүгт явсан, ажлыг нь засаж эрс сайжруулах атал татан буулгасан/ Улсын брэндийн хороо болгон ажилд нь бодитой оруулъя. Наадам дагасан брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг олноор бий болгоё. Наадамчдыг, ялангуяа гадаадын жуулчдыг оролцуулсан наадмын үйлчилгээнүүд байж болно доо. Сур, шагай харвуулах, морь унуулах, бөхийн зодог, шуудаг өмсүүлэх, зургийг нь авч өгөх гэх мэтээр. Шүтдэг, дээдэлдэг бөхтэйгээ хамт зургаа авахуулах нөхцөл, боломжийг ч наадам олгодог байж болно. Том брэнд бусад брэндээ дагуулж үүсгэдэг ч гэдэг. Монгол наадмыг дагасан “Монгол хуушуур” гэсэн брэнд бий болсныг харж болно. Хуушуур хийх үйл явцыг гадаад хүмүүст таниулж, өөрсдөөр нь хийлгүүлнэ гэвэл бас л сонирхоно. Жишээлбэл, Солонгосчууд “кимчи”-гээ танилцуулж, байцаа орцыг нь бэлтгээд гадаадуудаар өөрсдөөр нь базуулж даруулаад, хоолоор дайлаад, хоолны соёлоо айхтар сурталчилдаг даа. Улсын брэндийн бодлогоо цогцоор хэрэгжүүлж байдаг даа Солонгос үндэстэн.
Наадамд түрүүлсэн бөхөд шинэ загварын автомашинаа бэлэглэдэг байсан Тоёота корпораци уламжлалт бодлогоо өөрчилж автомашинаа Эх нялхсын төвд бэлэглэсэн нь саяхан. Түрүү бөх нь допинг хэрэглэсэн үгүй гэдэг дээр улсаараа талцаад, шийдэж чадахгүй удахаар аргагүй шүү дээ. Наадам гэдэг том брэнд, энэ том брэндийг Тоёота гэдэг брэнд дагаж орж ирж байсан гэсэн үг шүү дээ. Гэтэл наадам брэндийн нэр төрд асуудал үүсэхэд Тоёота брэнд дагаж асуудалд унахгүй өөрийгөө татаж авч байна. Эрүүл зах зээл өөрөө ийм.
Наадмаар Монгол Улсад яг хэдэн гадаадын жуулчин аль улс орнуудаас хүрэлцэн ирэв, юуг илүү сонирхож байна, юунд сэтгэл дундуур байна, хэдэн төгрөгийн орлого оруулав, наадмын тенденц, урсгал чиглэл юу байв, цаашид юуг анхаарах вэ, улсын төсвөөс ямар зардал гаргав, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэгчид, эдийн засгийн идэвхжлийг яаж дэмжив гэх мэтээр тавих асуулт олон. Зун, өвлийн олимпийн наадмуудаар гаргадаг л эдийн засаг, санхүүгийн энгийн тооцоо.
Швейцарийн Давос хот жил бүр зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн форум, форумд оролцогчдоос олсон орлогоороо бүтэн жилийн санхүүгээ бүрдүүлдэг гэдэг. Энэ мэтээр эвент дагасан эдийн засгийн идэвхжлийг анхаарах ёстой.
Наадам маань даяаршиж байна. Монгол наадам зөвхөн Монгол Улсаар тогтохгүй ээ. Статистик дүнгээс үзвэл, гадаадад 200 гаруй мянган Монголчууд маань амьдарч байна. Наадмын үеэр эх орондоо ирдэг нь түгээмэл. Бүтэн жилийн стрессээ эх орондоо наадмаараа ирж л тайлдаг, ирээд амраад буцахдаа дараа жилийн эрч хүчээ авдаг мэт санагддаг. Ирж амжихгүй ч тэндээ нааддаг нь бий. Гадаадад наадам хийдэг уламжлал нэгэнт тогтоод уджээ. Сөүлийн наадам гэх мэт нэршил ч бий болжээ. Бөхөө барилдуулна, сур харвана, шагай харвана, харин хурдан морины оронд балчир үрсээ уралдуулах нь хөөрхөн. Эх орноо санасан сэтгэлээ ингэж дэвтээдэг. Гадаадад байгаа Монголчуудаар дамжсан Монгол орныг таньж мэдсэн, наадамд дуртай, монгол соёл, уламжлалт татагдсан гадаадууд олон. Чингис хааны төрөлх Монгол оронд ирж наадам үзэх нь тэдэнд сонин. Гадаадад зохион байгуулагддаг том, жижиг олон наадамд мэргэжлийн зөвлөгөө өгөх, дэмжиж туслах шаардлага бий.
Наадам маань бусад Монгол угсаатнуудаа татах соронз болж байгааг бас анхаарах нь зүйтэй. Ялангуяа Өвөрмонголоос жуулчны бүлгээрээ Монгол Улсаа, наадмаа зорьж ирж үздэг, үүнийгээ эртнээс төлөвлөдөг, жил бүр ирдэг хүмүүс ч бий болжээ. Буриад, Тува, Халимаг, Шинжааны Монголчууд гээд тархан суурьшсан элэг нэгтнүүд маань олон доо. Наадмаараа ирж элгээ дэвтээж, сэтгэлээ дүүргээд буцаг дээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлаад жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн адууны өдөр болгон НҮБ-аар тогтоол батлуулчихлаа. Баярлаж байна. Дэлхийн түүхэнд Монгол адууны хүчээрээ эзэнт гүрэн байгуулж явсан, өдгөө төрийн сүлдэндээ адуугаа дээдэлсэн Монгол Улс ийм санаачилга гаргах, олон улсад манлайлах зүй ёсны эрхтэй. Гагцхүү “Наадам” гэсэн глобал брэндингээ дагасан адууны төрөлжсөн олон эвентүүдээ хөгжүүлж салбараа сурталчлах нь чухал байна. Наадмаа ч адуугаа ч сурталчилна.
Цахим орчинд Монгол наадмаараа “бүүм” хиймээр байна. Монгол наадмын шууд дамжуулалт, эсхүл түүвэр бичлэгүүд, түгээмэл гадаад хэлээр орчуулга явуулах гэх мэтээр хийх зүйл олон. Монгол наадам өөрөө гайхалтай. Орон зай, цаг хугацаа, биеийн өндөр, жин хэмжээний хязгаараас ангид бөхийн барилдаан, хэдэн арван км газарт морь унаж тууш уралдах 7-15 насны хүүхдүүд, хэдэн арван алд газарт алдалгүй харвах сурчид гээд гадаадууд гайхах, бишрэх, айх эмээх, баярлах хөөрөх, дурсамж бүтээх зүйл ихтэй. Үүнийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, цахим орчныг ашиглах вэ гэдэгт ухаанаа уралдуулах ёстой. Хувийн хэвшлээ татан оролцуулъя. Эрхийг нь өгье.
Манай улс шинэ цэнгэлдэх хүрээлэн барих цаг нэгэнт болжээ. 7 сарын 10-ны өдөр буюу Наадам албан ёсоор нээгдээгүй байхад л цэнгэлдэх орчим олны хөлд дарагддаг аа. Социализмын үед, улсын хүн ам, Улаанбаатарын оршин суугчид цөөн байх үеийн төв цэнгэлдэх байгууламж маань наадмаа олон жил нэр төртэй авч явжээ. Одоо аргагүй жижигдэж байна. Гадна орчинд нь орон сууцны хорооллууд тулгаж барьснаас байгууламжийн багтаамж нь хүрэлцэхгүй ч болжээ. Шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж, наадмаа Монголчууд төдийгүй олон улсад хүртээмжтэй болгоё. Наадмын нээлт, бөхийн барилдааны үеэр усархаг бороо орох нь шийдвэр гаргагчдад битүү дээвэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болох ёстой дохиог сайтар өгч ойлгуулдаг ч жил бүр хуучинтайгаа наадмаа угтах юм. Концессын “зураг төсөл боловсруулах – барих – ашиглах” нөхцлөөр Шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ байгуулж, 2031 онд их ойн баяр наадмаар нээлтийг нь давхар хиймээр байна.
Наадам брэндингээ амжилттай хийж, Наадмаа бүрэн эдийн засагжуулж чадвал Монголчууд бид жилд 1 сая жуулчин авах зорилт, ДНБ-ний 10 хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлэх гэх мэт тодорхой зорилтууддаа төвөггүй хүрнэ.
“Наадам” гэсэн глобал брэндээ дагалдуулаад “Наадам дипломаси”, “Төрийн далбааны өдөр”, “Дээлтэй Монгол”, “Дэлхийн адууны өдөр”, “Цахим Монгол наадам”, “Монгол хуушуур” зэрэг брэндүүдээ цогцоор хөгжүүлье.
Монгол наадам – Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, Монголчуудын оюун санааны дархлаа – Үндэсний эв нэгдлийн илэрхийлэл – Үндэстний нэгдмэл чанар – Язгуурын соёл, өв уламжлал ... сайхаан сайхан.
Б.Батбаатар