Нийгэмд үүссэн олон нийтийн асуудалд бид бүгдээрээ хариуцлагатай, бодолтой хандах шаардлагатай. Яагаад ийм нөхцөл байдал үүсэв, түүний учир шалтгааныг эхэлж эргэцүүлэх хэрэгтэй. Иргэд жагссан, жагсаагүй, нам, улс төрийн харьяалалтай эсэхээс үл хамааран нийтээрээ зөвхөн нэг зүйл дээр санал нэгдэж байна. Тэр нь нийтээрээ сайхан амьдрах.

Иргэдийн төлөөлөл болсон хууль тогтоох байгууллагын гишүүд ч гэсэн үүнийг үл ойшоож болохгүй. Гэтэл өнөөдөр энэ нийтлэг хүсэл зорилго биелэгдэхгүй байгаа нь нийгмийн дунд зөрчилдөөн, үл ойлголцол бий болгож байна.

Ардчилсан нийгэмд хүн бүр төлөөллөө сонгох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь нийгмийн институцийн хувьд жам ёсны эрх нь. Гэсэн хэдий ч улс төрчдийн байр суурийг харахад зарим нь асуудалд хэт улс төрийн өнцгөөс хандаж байгаа нь харагддаг.

Жишээлбэл, өнөөгийн олон нийтийн жагсаал бол иргэдийн зүгээс "бид орлогогүй байна, олсон орлого маань амьдралд хүрэлцэхгүй байна, төгрөгийн үнэ унаж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа, төр засаг анхаараач ээ" гэсэн маш тодорхой дохио, шаардлага хүсэж байна.

Гэтэл зарим улстөрчид энэ жагсаалыг “зохиомол”, “захиалгатай” гэх байдлаар тайлбарлаж, асуудлыг үндсэн агуулгаас нь гажуудуулж, хөндийрүүлж байгаа нь хэт улс төрийн шинжтэй хандлага.

Тэгвэл одоо яах вэ?

Энгийн иргэн, бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн наад захын хүлээлт бол “удахгүй сайжирна” гэж тэвчихээс илүүтэй тодорхой, бодит шийдэл, ахиц дэвшлийг хүсэж шаардаж байна.

Улс төрийн ухаанд “Бид ямар нийгэмд амьдарч байна вэ?” гэдэг ганцхан асуулт байдаг. 

Тэрхүү нийгэм нь шууд утгаараа эдийн засгийн өсөлтөөс шууд хамааралтай. Тэгвэл тэрхүү өсөлтийг хэдий хугацаанд хийж чадах вэ? Ямар аргаар улс орноо мөнгөтэй орлоготой болгох вэ? гэх мэт нэмэлт асуултууд олон.

Өнөөгийн төрийн бодлого орлогыг нэмэгдүүлэх биш, харин орлогын тэгш бус байдлыг хэтэрхий засахыг хичээж, үүнийгээ нэн тэргүүний зорилт болгоод байна. Тэгш хуваарилалт чухал хэдий ч, орлого өөрөө хангалттай нэмэгдэхгүй бол ямар ч хуваарилалт хийсэн ач холбогдол багатай. Үүний улмаас бид боломжоо алдаж байна.

Хувийн хөрөнгийг хураах, татварын дарамтаар айлган хөрөнгө оруулагчдыг холдуулах зэрэг алхмууд нь эцсийн дүндээ бүгдийг ядуу байлгаж, эрх мэдэлтэй цөөн хэсэгт илүү давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлж байна.

Сургамж авч болохуйц түүхийн нэгэн жишээ бол Венец улс санагддаг. Энэ улсыг хүмүүс аялал жуулчлалын хот гэдгээр нь мэддэг байх. Тэр байтугай аяллын бүс нутагтай орнуудад очиход эртний Венец хот гэсэн соёл, үзмэрийн байгууламж байгуулсан байх жишээтэй.Хөгжиж дэвшсэн түүх нь маш энгийн. Далайн худалдаа, газарзүйн байршлын хувьд тохиромжтой бүс нутаг учраас түүнийгээ түшиглэн худалдаагаа тэлж түүнийг дагасан хөрөнгө оруулалт, эдийн засгийн тэлэлт эрчимтэй нэмэгдэж хөгжил нь хурдацтай дэвшсэн. Энэ боломж нь тухайн улсын улс төрийн зөв систем бий болж чадсанаас улбаатай. Тухайн улсыг тогтолцооны хувьд нэг хүний хамаарлаас салгаж Гүнгийн зөвлөл, Ерөнхий зөвлөл гэх хяналт, төлөөллийн системийг бий болгож тэдгээрт нь язгууртан, баялаг бүтээгч бизнесийнхний төлөөлөл багтаж улс орны үйл хэрэг шийддэг байжээ. Олон зуун жил дэлхийн жишиг хот болон хөгжиж ирсэн хот улс төрийн систем дахин өөрчлөгдсөнөөр дэлхийн музей хот болсон түүхтэй. Учир нь хувийн хэвшил, бизнес язгууртны төлөөлөл хэт олонход нөлөөлж байна эрх мэдлийн хуваарилалт алдагдаж байна гэж үзэн шахалт үзүүлж тэдгээрийн хөрөнгө хурааж, татвараар дарамтлан эдийн засгийн хумигдвал байдал бий болгосноор худалдаа наймаа, хөрөнгө оруулагч нь цөөрч эргээд хуучин систем рүүгээ буцсан байдаг.


Бидний мэдэх мөнхийн хөрш Хятад улс коммунист засаглалтай ч, Дэн Сяопины зоримог шинэчлэлүүд улсынхаа эдийн засгийг хүчтэй тэлж чадсан. Түүний гол үзэл санаа нь:

“Хэн баяжих нь чухал биш. Юуны түрүүнд улс орон мөнгөтэй болох хэрэгтэй гэж үзсэн.

Тэрээр аж үйлдвэрийг хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийг дэмжсэн. Үүний үр дүнд хувь хүмүүс баяжсан ч улс орон бүхэлдээ өссөн. Ядуурлыг бууруулж, эдийн засгаа өсгөж, хөгжилтэй орон болж чадсан хамгийн ойрын жишээ бол энэ.

Энэ агуулгаар хандаж, нэгдэж хэт улс төрөө хойш тавьж чадвал боломж бидэнд бүрэн боломж байна.


2025.05.21                                                                                                                             Г.БУЯНБААТАР