Энэ 7 хоногт
Муу хүүгээ үнсье
Багш нь уламжлал болсон хэдэн хуурай үгээ хэлээд “зовлон”-гоо тоочиж гарав. Хичээлийн нэгдүгээр улирал дуусах дөхсөн ч хүүхдүүд одоогоор гуравхан сурах бичигтэй байгаа ажээ.
Багш нь уламжлал болсон хэдэн хуурай үгээ хэлээд “зовлон”-гоо тоочиж гарав. Хичээлийн нэгдүгээр улирал дуусах дөхсөн ч хүүхдүүд одоогоор гуравхан сурах бичигтэй байгаа ажээ. Бусад найман хичээлийн ном хэзээ ирэхийг Боловсролын яамны эрхэм албат өөрөө ч мэдэхгүй байна хэмээн гайхуулав. Гайхалтай. Нэг хичээлийн сурах бичгийг хэд хэдэн хувилбараар олон газар хэвлэсэн гэх ба алийг нь сонгохоо багш нар шийдэх ёстой ч ачир дээрээ “найраа” хийдэг гэдгийг цухас дурьдлаа. Цагаандаа гарчээ, зайлуул. Түрүүхэнд болж өнгөрсөн ахмадын өдрөөр хүүхэд бүрээс 500 төгрөг татаж настнуудаа баярлуулсан гэж бахархангуй өгүүлэв. Хүү бид хоёрт огтхон ч хамаагүй “ахмад”-д бид яагаад мөнгө өгснөө ойлгосонгүй. Сургууль 3000 орчим хүүхэдтэй гэж бодвол нэг сая 500 мянган төгрөг цугларсан байх нь. Тэр хэдэн хөгшин ч тансаглалын дээдийг амсчээ. Гялай гэж. Гэхдээ цайллага сургуулийн гуанзанд даруухан болдгийг туршлагаараа мэдэх юм. За, энэ ч яахав. Ядарсан хэдэн хөгшин ганц өдөр гэдэс гараа л биз. Мөнгө төгрөгийн асуудал нарийн шүү гэж ирээд ярих энэ багшийн ухаан хаана тэгтлээ “нарийн” ажилладаг нь мэдэгдсэнгүй. Далим гарсан дээр нь бас ангийн хуримтлалд 500 төгрөг нэмж нийт 1000-ыг хураасан болохоо шударгаар мэдэгдлээ. Харин үлдсэн мөнгийг нь юунд зарцуулснаа хэлсэнгүй. Мартаа биз дээ, хөөрхий. Монголын боловсрол чухам юу болоод, хаашаа яваад байгааг эрхэм багш огтхон ч ойлгохгүй байна гэдгээ ил цагаан хэллээ. Энэ үг эцэг, эхчүүдээс дэмжлэг хүлээв. Яамныхаа ажлыг бидэнд таниулж, ойлгуулах учиртай ажилтан нь яагаад ингэж “ганцаарчилсан тоглолт” хийж байгааг тааж чадсангүй. 12 жилийн тогтолцоо гэж утга учиргүй юм болж, хөл толгой нь мэдэгдэхээ байсныг яруу сайхан тайлбарлав. Урьд нь болоод л байсан гэж түүнийг санаа алдахад хуучин нийгмийн бүтээгдэхүүн болсон эцэг, эхчүүд санал нэгдэв. Санаа алдацгаав. Багшлаад хориод жил болоход нь өнөөгийнх нь шиг ийм “самуун” боловсролын системд нүүрлээгүй хэмээн цохон тэмдэглэлээ. Хүүхдүүд маань яана даа гэх бодол бидэнд төрөх учиртай аж. Хурлын сэдэв хумигдаж анги дээрээ төвлөрөх янзтай болов. Сахилгагүй байна гэнэ ээ, багачуул маань. Ангиас гарангуутаа пижигнэтэл гүйлдээд, хашгиралдаад, ноцолдоод унадаг гэнэ. Ардын багш толгой сэгсэрнэ. Намайг сурагч байхад ч ингэж толгой сэгсэрдэг байсан энэ “ардын багш”. Харин би үүнийг одоо болтол ойлгоогүй л явна. Уул нь хүүхдүүд хичээл тараад оршуулганд ирсэн улс шиг таг дуугүй цувж алхсаар харьчихвал ёстой гайхаш бармаар юм. Тийм байдал анзаарагдвал бидэнд анхааруулж хэлэх нь түмэн зөв. Багтаж ядсан эрч хүчиндээ дийлдэн бужигнах нь тэдний хувьд эрүүл үзэгдэл шүү дээ. Зарим нэг нөхдийг нэр цохож байна. Миний хүүгийн нэр дуулдлаа. Би саяхан л хөвгүүн явсан. Харин хүү маань над шиг “сахилгагүйтэж” чаддаггүй байх гэж бодож явсан минь ташаа байжээ. Овоо доо, миний хүү бусдын нь л адил хүүхэд юм байна. Санаа амрав. Охидын эцэг, эхэд хүргэх ”хов” ч багшид бэлэн ажээ. Аальгүйтэх нь урьд жилийнхээс нэмэгдсэн гэнэ. Энэ багш өөрөө жарвалзсан аальгүй охин яваагүй байж болох ч хүүхдийн жам ёсны хөгжлийг хүлээн зөвшөөрөх ухаан суусан баймаар. Тэгээд ч багш болохдоо хүүхдийн сэтгэлзүйн тухай жаахан юм дуулсан л байх учиртай. Хөвгүүд охидыгоо шоглох нэг шалтгаан өөрсдөөс нь үүдэлтэй хэмээн батлав. Чухал нээлт хийжээ, янз нь. Өдий насныхан нэг нэгийгээ сонирхоод эхэлдэг ч санаагаа буруу илэрхийлдэг гэмтэй улс. Хөвгүүд охидыг шоглоод байнаа гэдэг чинь цаагуураа “сэтгэлээ илчилж” буй хэрэг. Гэтэл багшид бол “зодоод” байгаа мэт харагддаг ажээ. Хориод жил багшилсан гэхэд даанч анзааргагүй явж дээ, зайлуул. Яриа нэлээн “задгайрч” халуухан сэдэв хөндөх янзтай болоод ирлээ. Нэг жаал ангийнхаа охины хормойг сөхсөн гэнэ. Бас цээжний чинь булчин яагаад томроод байна гэж асуусан сурагтай. Хүүгийн нэрийг олонд зарлалаа. Тэмүүлэнгийн аав нүүр хийх газаргүй болов. Ичсэндээ арга хэмжээ авахаа мэдэгдээд хийсэн хэргийг нь зүйл ангиар нь тэмдэглэлийн дэвтэртээ бичиж байгаа харагдана. Тэмүүлэн турсагаа хуулуулах нь тодорхой болов. Ичсэн хүн хүн алдаг. Хөөрхий хүүгийн өмнөөс хонгоны мах хорсов. Надаас бусад нь ямар явсныг бүү мэд. Би нэгэн цагт Тэмүүлэн шиг л охидын хормой сөхөж, энгэр заамыг нь сонирхож явсан билээ. Огт охин сонирхдоггүй хөвгүүд ирээдүйд ижил хүйстэн болох нь элбэг. Амьдрал ийм юм. Гэхдээ Тэмүүлэнгийн аав “хүмүүжил”-тэй хүү явсан бололтой. Хурал тулгамдаад байгаа чухал асуудлаар шувтрах шинжиндээ орлоо. Удахгүй Нийслэлийн боловсролын газраас шалгалт авах гэнэ. Математик, монгол хэл хоёрын аль нэг нь сугалаагаар таарах ажээ. Тэгэхээр аль алинд нь л бэлтгэх хэрэгтэй болов. Нэгэнт ихэнх хичээлийн сурах бичиг ирээгүй байгаа тул хүүхдүүд маань сар гаран хоёрхон л хичээл үзэж байгааг олж мэдлээ. Уул нь хүүхэд бүр математикч болох албагүй гэдэг үндэслэлээр дээрх хоёр хичээлийн цагийг илт багасгасан байна. Гэвч ардын багш өдөржин хүүхдэд маань хоёрхон хичээл зааж байгаа аж. Миний хувьд энэ багшийг “садист” гэмээр санагдав. Бүтэн зургаан цаг тоо бодохын зовлонг мэдэхгүй хүн байхгүй байлгүй дээ. Шалгалтын тухай яриа нарийн ширийн зүйл рүүгээ орлоо. Урьд ангийнх нь багш өөрөө шалгалт аваад, өөрөө засаад, өөрөө дүгнэдэг байхад амар байж хэмээн нууцаа дэлгэлээ. Аргалж болдог байжээ. Энэ удаагийн шалгалтыг хөндлөнгийн хүн авна, засна, дүгнэнэ. Арга саам байхгүй гэнээ. Асуудлын зангилаа үүнд л байв. “Танай хүүхдүүд муу авчихвий...” гэж ирээд багш санаа зовно. Нийслэлийн боловсролын газар миний хүүг шалгах гээгүй. Ямар тэдний өмнө үүрэг хүлээсэн биш. Харин үргэлж л цалин нэмүүлэх тухай ярьж, дутуугаа биднээр нөхүүлдэг эрхэм багшийн ажлыг дүгнэх юм. Гэвч багш асуудлыг өөр талаас нь тавьж манийг хүч хавсраач гэж хүслээ. Хүний ажлыг “сайн” дүгнүүлэх гэж би хүүхдээ “тамлах” хэрэгтэй болов. Ардын багш бидний хүүхдийг муу авчихвий гэхдээ амралтын цагаасаа хугаслан давтлага өгөх болжээ. Тэр нь нэг их биш төлбөртэй. Хичээлээ хүүхдэд ойлгуулж чадаагүй ардын багшаас мөнгө нэхэх “ухаан” өлхөн гарах юм. Энэ бүгдийг би эцэг, эхийн хурал дээр хэлсэн бол миний хүүгийн амьдрал бүрхэг болно. Үүнийг ойлгох ухаан надад бий. Туршлага ч хангалттай. Би ч гэсэн ардын багшийн “гарын шүүс” болж муугаа үзсэн. Ангийн маань хүүхдийг тоо бодож чадаагүй гэдэг шалтгаанаар ангиас гаргалгүй байсаар өмдөнд нь “хүндрүүлж” амьдралыг нь нэгмөсөн алсныг сайн санаж байна. Хүүхдүүд түүнийг гоочилсоор сургуулиасаа гарч эгнэгт нийгмийн шаар шавхруу болсон билээ. Түрүүхэн амиа хорлосон дуулдсан. Ум мани бадмэ хум. Эцэг эхийн хурал дууслаа. Элэг эмтэрлээ. Миний хүү энэ багшийн төлөө тоглох цагаа хасуулна. Аав нь бас мөнгөө өгнө. Дээрээс нь миний хүүг эргүү тэнэгээр нь дуудна. Намайг дам доромжилно. Мэднээ, мэднэ “ардын багш” ийм л байдаг юм. Харин аав нь хүүгээ хүний өмнөөс зодохгүй ээ. Хангалттай зодож байгаа чамайг, энэ эмэгтэй. Хүүд минь урмын үг бурамнаас илүү хэрэгтэй. Хариад муу хүүгээ нэг сайн үнсье, байз. Хүүгээ хайрлах шалтгаан нэгээр нэмсэн ардын багшид баярлалаа.
Д.Батбаяр
оюутан(багш)
10jiliin bagsh nar
Хулан
neznayka
bama
Зочин
kkk
Зочин
gg
Зочин
bagsh
Зочин
Urnaa
Зочин
Зочин
Зочин
zochin
зочин
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
шоогоо
Зочин
d
Зочин
Зочин
Зочин
Зочин
shavi
Зочин
brayan
Tamir
Bat
Зочин
bayarlalaa
Зочин
t.o
Зочин
Заяа
Bi
кккк
Tselmeg