Энэ 7 хоногт
Л.Хангай: Ерөнхийлөгч бие төлөөлөгч томилж байсан тохиолдол байгаагүй юм билээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайг тус оронтой эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах өөрийн бие төлөөлөгчөөр саяхан томилсон билээ. Хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар Л.ХАНГАЙТАЙ ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайг тус оронтой эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах өөрийн бие төлөөлөгчөөр саяхан томилсон билээ. Хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар Л.ХАНГАЙТАЙ ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бие төлөөлөгчийг томилж байсныг би санахгүй юм. Урьд нь ийм практик байсан уу. Ер нь хуульд бие төлөөлөгч томилон ажиллуулах тухай заалт байдаг уу?
-Ерөнхийлөгч өөрийн бие төлөөлөгч томилж байсан тохиолдол байгаагүй юм билээ. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн “Гадаад харилцааны талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх” гэсэн 14 дүгээр зүйлд “тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулна” гэсэн заалт байдаг. Үүний дагуу л томилсон хэрэг.
-Яагаад чухам ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах бие төлөөлөгч томилох болов?
-Хоёр хөрштэйгээ, ялангуяа ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, өргөжүүлэн гүнзгийрүүлэх асуудалд манай Ерөнхийлөгч байнга анхаарал тавьж ирсэн. Үүний тод илрэл гэвэл энэ он гарсаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 5-6 удаа уулзлаа. Мэдээж уулзалт бүрээр хоёр орны харилцааны янз бүрийн асуудлаар ярьж таарна. Мөн өнгөрсөн 9 дүгээр сард Ерөнхийлөгч В.В.Путин манай оронд хийсэн айлчлалын үеэр худалдаа-эдийн засаг, банк-санхүү, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, хөрөнгө оруулалтын зэрэг тодорхой асуудлуудаар хамтран ажиллах талаар санал солилцсон. Иймээс эдгээр асуудлыг ажил хэрэг болгох явдал туйлын чухал байгаа учраас явцыг нь өөрийн хяналтандаа байлгах, асуудлуудыг шийдвэрлэхэд тухай бүр шаардлагатай дэмжлэг үзүүлж байх, түүнчлэн хоёр орны харилцаанд онцгой анхаарал хандуулж байгаагаа нөгөө талдаа харуулах зорилгоор Ерөнхийлөгч өөрийн бие төлөөлөгчийг хуулийн дагуу томилон ажиллуулж байна гэж ойлголж болно. Ер нь төрийн тэргүүнүүд тодорхой асуудлаар бие төлөөлөгч томилдог практик байдаг л даа. Тухайлбал, хэдэн жилийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч манай улстай худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах тусгай төлөөлөгчөөр Хөдөө аж ахуйн сайд А.В.Гордеевийг томилж байсан. Орос оронд хэдэн жил ажилласан, одоо ч гайгүй холбоотой байдаг болохоор намайг энэ ажилд томилсон гэж ойлгож байгаа. Миний хувьд Оросын талтай яригдаад байгаа төслүүдийн талаар тэдний албаны хүмүүсээс гадна сонирхогч компаниудтай уулзах, манай талын төсөл хэрэгжүүлэгчдийг тэдэнтэй холбож өгөх зэрэгт илүү анхаарч ажиллана гэж бодож байна.
-Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үеэр яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох асуудал үнэхээр чухал байна л даа. Энэ талаар холбогдох яам, байгууллагууд хэр зэрэг ажиллаж байна вэ?
-Айлчлалаас хойш бараг 3 сар өнгөрлөө. Хоёр орны иргэд харилцан визгүй зорчиж эхэлснийг эс тооцвол дорвитой ажил бараг хийгдээгүй гэж хэлж болохоор байна. Манайд Засгийн газар огцорч, яамдын бүтэц өөрчлөгдөх гэж байгаагаас болж яригдсан асуудлуудыг хөөцөлдөх ажил цалгардах аюултай байгаа нь үнэхээр санаа зовоож байна. Нөгөө талаар манай Ерөнхийлөгч ирэх жилийн тавдугаар сард Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн үеэр ОХУ-д айлчилна. Айлчлалын үеэр мэдээж өмнө яригдсан асуудлын явцыг ярина. Гэтэл айлчлал хүртэл ердөө 5 сар үлдээд байгаа тул маш эрчимтэй ажиллах шаардлагатай байгаа юм.
-ОХУ-тай хийдэг гадаад худалдаа хэт тэнцвэргүй байгаа нь манайхаас тэднийд нийлүүлдэг бараанд оногдуулдаг татвар өндөр байгаатай холбоотой гэж үздэг. Айлчлалын үеэр энэ тухай яригдсан байх даа?
-Мэдээж яригдсан, гэхдээ татварыг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх талаар ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зураагүй. ОХУ нь Беларусь, Казахстан улстай хамт Гаалийн холбоонд багтдаг тул татварын хөнгөлөлт, эсхүл чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах болбол дээрх хоёр улстай мөн тохирох хэрэгтэй. Иймд эдгээр орны холбогдох байгууллагуудтай бас ажиллах шаардлагатай болж байгаа юм.
Энд нэг зүйлийг нэмж хэлье. Өнгөрсөн 11 дүгээр сарын 14-нөөс хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болсон нь хил орчмын худалдаа, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Сүүлийн үед Улсын их дэлгүүр болоод бусад худалдааны төвүүдэд орос хэлтэй үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байна гэж хүмүүс ярьж байхыг сонслоо. Хэрэв Монголын тухай болон манай руу визгүй зорчдог болсон тухай сурталчилгаа, мэдээллийг Орост сайн хийх юм бол ялангуяа ирэх зунаас Монголд ирэх тэдний иргэдийн тоо огцом нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
-Хоёр орны худалдааг идэвхжүүлэхийн тулд рублиэр тооцоо хийдэг тогтолцоонд шилжих шаардлагатай тухай ярьдаг. Сая Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа УИХ-ын чуулган дээр энэ тухай бас хэлсэн. Энэ ажил ямар байдалтай байна?
-Сар гаруйн өмнө Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Оросын Төв банкны тэргүүнтэй Вашингтон хотноо Олон Улсын Валютын сангийн хурлын үеэр уулзаж энэ тухай болон ОХУ-аас рублийн зээл авах асуудлаар ярилцаж дараагаар нь Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан тэргүүтэй ажлын хэсэг ОХУ-д айлчилж хэлэлцээ хийгээд ирсэн. Иймд энэ асуудал ойрын үед шийдэгдэх байх гэж найдаж байна.
-ОХУ-аас манайд хийж байгаа хөрөнгө оруулалт туйлын хангалтгүй байгаа. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
-Юуны өмнө бид Монгол орны боломж, хөрөнгө оруулалтын орчин, хууль тогтоомжийн талаар Оросын компани, банк, санхүүгийн байгууллагуудад тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэдний томоохон компани, банкныхантай уулзаж байхад энэ талын мэдээлэл маш дутмаг нь ажиглагддаг. Иймд эхний ээлжинд Москва болоод манай Ерөнхий консулын газрууд байдаг хотуудад энэ талаар уулзалт, семинар зохион байгуулах хэрэгтэй гэж бодож байна. Дараагаар нь төрөл бүрийн бизнес уулзалт, форум зэргийг зохион байгуулж болох юм.
Хэрэв үндэсний валютаар тооцоо хийдэг болох юм бол худалдааны эргэлтийг ч, хөрөнгө оруулалтыг ч нэмэгдүүлэх илүү боломж бүрдэнэ. Энэ тохиолдолд Оросын арилжааны банкууд рублийн зээл олгох сонирхолтой болно.
Мэдээж өмнө нь яригдаж байсан томоохон төслүүдээ үргэлжлүүлэн хэлэлцэх ёстой. Хоёр орны төрийн тэргүүнүүд эдгээр төслийг дэмжинэ гэдгээ саяын айлчлалын үеэр дахин илэрхийлсэн тул оросын сонирхогч компаниуд ажил болгохыг эрмэлзэж таарна. Харин манай тал зохих шийдвэрүүдийг хурдан гаргаж байх хэрэгтэй байгаа юм.
-Сүүлийн үед “Талын зам” гэсэн төслийн тухай нэлээд ярих боллоо. Энэ талаар товч ярина уу?
-Хоёр хөршийг холбосон төмөр зам, авто зам, эрчим хүчний шугам, хийн болоод нефтийн хоолой барих төслүүдийг нэгтгээд ингэж нэрлээд байгаа юм билээ. Төмөр зам, эрчим хүчний шугам, хийн хоолой барих асуудал олон жил яригдаж байгаа учраас шинэ зүйл биш. Харин хурдны автозам барих төслийн хувьд гэвэл Засгийн газар манай нэгэн компанид концессын нөхцөлөөр барих эрх олгоод байна. Хөрөнгө оруулалтын хувьд бараг Оюу Толгойн төслөөс дутахааргүй, ирэх жилээс ажил нь эхлэж 3 жилд багтаан барьж дуусгах юм гэсэн.
-Төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүний дотор хоёр орны хамтарсан “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэх тухай олон жил ярьж байна. Байдал одоо ямар байгаа вэ?
-Өөрөө санаж байгаа байх. В.В.Путины айлчлалын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх, “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин нар “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсгээ зурсан. Одоо энэ хэлэлцээрийн дагуу хийх ажлын төлөвлөгөөгөө хоёр тал тохиролцох ажил явагдаж байна. Манай төмөр замыг шинэчлэх ажлын гол зорилго нь дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх явдал учраас Хятадын талтай ойлголцох, хамтран ажиллах асуудал маш чухал. Иймд ирэх нэгдүгээр сард Улаанбаатарт болох гурван орны тээвэр хариуцсан дэд сайд нарын уулзалт онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
-Энэ аравдугаар сард Бээжинд болсон АПЕК-ийн чуулганы үеэр Орос, Хятад хоёр баруун чиглэлээр барих хийн хоолойтой холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан тухай мэдээ цацагдсан. Манай нутгаар тавих тухай яриа ингээд өнгөрлөө гэж ойлгож болох уу?
-Бээжинд хоёр тал баруун чиглэлээр хийн хоолой тавих сонирхолтой байгаа тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Маршрутаа эцсийн байдлаар тохироогүй байгаа юм билээ. Хийн хоолой барих гэрээнд ирэх оны тавдугаар сард Си даргыг ОХУ-д айлчлах үеэр гарын үсэг зурна. Иймд хэрэв манай тал өөрийн нутгаараа хийн хоолой тавиулах нь ашигтай гэдгээ ойлгуулж чадвал бас боломж байгаа гэж би хувьдаа бодож байна. ОХУ-аас шууд Хятад руу хоолой тавихад үнэхээр саад бэрхшээл ихтэй. Дэлхийн өв хэмээн ЮНЕСКО-д бүртгэлтэй, бартаа даваа ихтэй, газар хөдлөлийн идэвхтэй бүс нутаг, бас тэгээд улс төрийн хувьд тогтворгүй байгаа Шинжаан-Уйгуураар дайрч өнгөрөхийн дээр хоёр дахин урт болох тул хоолой барихад тэр хэмжээгээр илүү цаг алдаж зардал гарахаар байгаа учраас Монголоор тавих нь хамаагүй илүү давуу талтай гэдгийг үндэслэл, тооцоотой тайлбарлах, ойлгуулах хэрэгтэй байгаа юм.Ер нь сүүлийн үед хэрэглэгч болон нийлүүлэгч хоёр тал гуравдагч орноор дайруулан хоолой тавихаас аль болохоор татгалзах болсон. Гэтэл манай орны хувьд бол хийн том хэрэглэгч биш учраас нийлүүлэлтийг саатуулах шаардлага байхгүй гэдгийг онцлох хэрэгтэй.
-За одоо хоёулаа махны экспортын талаар ярих уу?
-Оросууд хүнсэндээ гол төлөв үхрийн мах хэрэглэдэг. Манайх хэдийгээр жар гаруй сая малтай ч үхэр нь ердөө гуравхан сая бөгөөд Европ, Америкийн орнуудын үхрийг бодвол жин нь бараг 2-3 дахин бага тул үхрийн махыг их хэмжээгээр гаргах боломжгүй юм билээ. Нөгөө талаар дотооддоо үнэ нь өндөр байгаа тул эдийн засгийн хувьд бас тийм ч ашигтай биш. Хонины мах гаргана гэхээр бид тэдний шаардлагын дагуу боловсруулж чадахгүй, үйлдвэрүүдийн хүчин чадал нь ч хүрэхгүй. Энэ жил л гэхэд ердөө хоёрхон үйлдвэр экспортын мах бэлтгэх шаардлага хангасан.
Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч биш хувь хүний хувьд нэг санаа хэлчих үү? Хүмүүс эсэргүү юм ярилаа л гэх байх. Нүүрс, зэсний үнэ уначихсан, гадаадын хөрөнгө оруулалт багасаад байдаг. Нөгөө талаар манай төр болоод томоохон компаниуд урьд авсан зээлүүдийнхээ төлбөрийг 2017 оноос хийж эхлэх тул валютын хэрэгцээ огцом ихсэх нь дамжиггүй. Манай малын дийлэнх хувь нь бог, бас тэгээд түүнийгээ экспортонд гаргах хэмжээнд боловсруулах хүчин чадал хүрэлцээгүй. Уул нь дотооддоо боловсруулбал махнаас гадна арьс, өлөнг тусад нь боловсруулах, борлуулах юм бол илүү ашигтай нь ойлгомжтой л доо. Шинээр үйлдвэрүүд барихад хугацаа, хөрөнгө хэрэгтэй тул ийм үйлдвэрүүд баригдтал хэсэг хугацаанд бог малыг амьдаар нь гаргаж болох юм. Жишээлэхэд, нэг толгойг нь 50 ам доллараар (илүү үнэ хүргэж чадвал бүр ч сайн) өгнө гэж бодоход 10 сая толгой бог гаргавал хагас тэрбум доллар болно биз дээ. ОХУ-ын Буриад, Алтайн хязгаар, Тува, Якут, Хятадын Өвөр Монгол, Шиньжаан-Уйгуур, Дундад Азийн орнууд дуртайяа авна гэж бодож байна. Цаг агаар өнтэй сайхан байх юм бол хонь, ямаа дорхноо л өснө шүү дээ. Яваандаа гадаадынхны шаардлагын хэмжээнд мах боовсруулах үйлдвэрүүд байгуулагдаад ирэхээр амьдаар нь гаргахаа зогсооно биз.
-Ирэх жилд ямар ямар ажлыг төлөвлөж байгаа вэ?
-Манай орнууд ах дүүгийн найрамдалтай байсан тэр үед ч Брежнев, Бал дарга хоёр нэг жилд ийм олон уулзаж байгаагүй. Дашрамд дурдахад манай Ерөнхийлөгч өмнөд хөршийн удирдагчтай ч энэ жил бас хэд хэд уулзлаа. Саяхан Тажик улсын нийслэл Душанбед болсон ШХАБ-ын хурлын үеэр Ерөнхийлөгч Элбэгдоржийн санаачилгаар анх удаа гурван улсын төрийн тэргүүн нар уулзсан нь эдийн засгийн төдийгүй улс төр-дипломатын хувьд ч онцгой ач холбогдолтой үйл явдал болсон гэж ойлгож болно. Учир нь, Монгол Улс дэлхийн бодлогыг тодорхойлогч хоёр том гүрэнтэй тэгш эрхтэй субъектын хэмжээнд харьцдаг гэдгээ дэлхий нийтэд харууллаа. Төрийн тэргүүнүүд сайн харилцаатай байна гэдэг бол улс хоорондын итгэлцэл тэр хэмжээнд өндөр байна гэсэн үг. Товчхондоо хэлэхэд хоёр хөрштэйгээ харилцах манай харилцаа дээд цэгтээ хүрээд байна. Иймд бид энэ боломж, таатай нөхцөлийг аль болох бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.
Энэ бүхний зэрэгцээ бас нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Оросын ард түмэнд ялангуяа шинэ үеийнхэнд нь Монгол орны тухай сурталчилгааг идэвхтэй хиймээр байна. Жишээ нь, Ерөнхийлөгч Элбэгдорж Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээн дээр Аугаа эх орны дайны үед Монголын ард түмний үзүүлсэн тусламжийн талаар сайхан үг хэлсэн. Энэ тухай бүрэн хэмжээний баримтат кино хийлгэж ирэх жил болох Ялалтын баярын үеэр Оросын телевизүүдээр гаргах ажлыг зохион байгуулж болно шүү дээ. Бас нөгөө талаар Оросын тухай, хоёр орны харилцааны тухай мэдээллийг манай иргэдэд байнга хүргэж байх хэрэгтэй гэж бодогддог юм. Манай нэгэн төрийн бус байгууллага саяхныг хүртэл сар бүр “Умард хөрш” нэртэй сэтгүүл гаргаж Орос орны нийгэм-соёлын амьдралын талаар сонирхолтой мэдээ, материал нийтэлдэг байснаа харамсалтай нь санхүүгийн бэрхшээлээс болоод гаргахаа больсныг дэмжиж сэргээх хэрэгтэй байна. Мөн телевизээр сонирхолтой программ ч тогтмол ажиллуулж болох юм.
Бямба