Үзэгчид алга ташлаа. Нижигнүүлэн ташсан. Нүдэндээ доголон нулимстай хүн захаас аван. Хайрын төлөө, хүссэн хүлээсэн таашаалаа эдэлснийхээ төлөө, тэнд огт байгаагүй уран бүтээлчдэд баяр хүргэн алга ташив.  

    И.Нямгаваагийн найруулгаар “Монгол кино” үйлдвэрт 1985 онд бүтээсэн “Би чамд хайртай” киноны үргэлжлэл үзэгчдийн анхаарлыг ид татаж байна. Тухайн үедээ ч энэ кино шуугиулсан. Эдүгээ Монголд кино бүүм болж байгаа ч “Би чамд хайртай-2” шиг хүмүүст хүрсэн бүтээл хараахан төрөөгүй гэхэд болно. Гэхдээ нөгөө талаар манай кино урлаг ямар төвшинд байгааг харуулах хэмжүүр ч болох биз. Бидний цээжээрээ мэдэх үйл явдлыг зохиолч Б.Батрэгзэдмаа уран сэтгэмжээрээ үргэлжлүүлж, Х.Болор-Эрдэнэ кино зохиол болгожээ. Зүс хараагүй ч нэрийг нь мэдэх Баяраад гологдсон хүүхдийн хүйс охин болж таарсан. Үрлээ бүтэлгүй хайрынхаа гэрч болсон охиноо Золбоо хэмээн нэрлэжээ. Хөвсгөлд амьдарч асан Дэлгэр нас барж, хүү нь Улаанбаатарт сурахаар ирснээр үйл явдал эхэлнэ. Хэзээний хээнцэр дуучин Болд тэр чигээрээ тун ганган хувцастай хөдөөнөөс фургоноор хотод хөл тавиад л бүтэлгүйтаж байна. Гэхдээ киноны өрнөлд энэ явдал огт падлийгүй.  

Би чамд хайртай-2 киног “Монгол кино нэгтгэл”, “Hero Entertainment” студи, “B Production” гурав хамтран бүтээжээ. Кинонд 25 жилийн тэртээ танил болсон дүрүүд бараг тэр чигээрээ орсон аж. МУГЖ З.Жарантав, жүжигчин С.Пүрэвмаа, Н.Бадрал, Ж.Гантулга, Ч.Ундрал, Г.Эрдэнэбилэг, дуучин Д.Болд нар тоглосон бол туслах дүрүүдэд МУГЖ А.Очирбат, "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчин Ж.Өнөржаргал, "Комеди арт" хамтлагийн жүжигчин СТА Батхуяг, МУГЖ Ц.Төмөрбаатар тоглосон. Бас Монгол улсын гавьяат тамирчин З.Үйтүмэн зүгээр л үзэгдэнэ. Тэр хэсэг нь архи дарс рекламдаж байгаа мэт зурсхийгээд өнгөрөх ч Үүеэ байсан гэдгийг нь үзэгчид хэзээ ч мартахгүй.

Үрлээтэй сууж чадаагүй Дэлгэр Хөвсгөлд эхнэр хүүхэдтэй болсон ч Үрлээд нууцаар захидал бичдэг байжээ. Гэвч хүүд нь үлдсэн ганц захидлаас бусад нь Хөвсгөл далайд замхарсан аж. Мөнөөх захидал киноны үйл явдлыг хөтөлнө. Хаягласан хүнд нь захиаг аваачиж өгөөд хоол буудчих санаатай явсан Дэлгэрийн хүү Үрлээгийн охинд сэтгэл алдарчээ. Хүү нь аавынхаа араас орж байгаа нь тэр. Ингээд ерөнхийдөө бидний мэдэх үйл явдал давтагдана. Бүр зураг авалтын зарим хэсэг, сюжетийг ч тэр чигээр нь хуулбарлажээ. Ухаан нь суботникийн үеэр Дэлгэр хар зам дээр БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж бичээд зэмлүүлдэг хэсэг сонгууль болж цагийн аясаар хувирсан байна. Үзэгчдэд нэгэнт хоногшсон дурсамжийг нь сэдрээх замаар амжилт олж болох ч уран бүтээл талаасаа тун ядуу сэтгэлгээ харагдсан. Дэлгэрийн хүү болсон хойно Болд ч бас өвлийн өвгөн болно. Цаана нь бидний сайн мэдэх соундтрэк явна. Энэ талаар илүү юм яриад яахав.

Дэлгэрийн хүүгийн найз (“ТВ Коктейл”-ийн Ж.Өнөржаргал) гэж бүтэл муутай бас дээр нь муухан нохой зальтай залуу бол шинэ дүрийн нэг. Зарим газар хэт марзагнуулжээ, тэр залууг. Гэхдээ үзэгчдэд таалагдсан. Харин жүжигчин Ё.Цог гуай цэвэр хасгаар хэлсэн түгшүүрийн дуудлагыг орчуулагчгүй ойлгоод ирдэг сүрхий буриад өвгөний дүр бүтээжээ. Ажил амьдралаа алдсан Баяраагийн аав насны эцэст хүүгээ хүнд даатгаад үхчих санаатай яваа нь хүний араншин боловч З.Жарантав гуайн тоглолт нэг л болсонгүй. Бусад дүрүүдэд тоглосон улс (алдар цолгүй, мэргэжлийн бус гэхэд) муугүй л жүжиглэсэн байна билээ. Харин зохиол нь ч, найруулга нь ч өнөөх л сүүлийн үеийн монгол кинонуудын нэг адил юм. Зураг авалтыг  “Hero Entertainment” студи хийсэн байх. Давгүй ээ. Баяраа эмнэлэг дотор уйлаад хоцордог кадр мэтийн ганц нэг хэсгийг тооцохгүй бол үүргээ сайн гүйцэтгэсэн байна.

“Чи хийсэн кино бүхэнд нижгээд мөнгө гэдэг үг орох ёстой гэж чанга хэлсэн” гэдэг шиг юм юмтай бүтээл болжээ гэмээр санагдсан. Гол нь манай үзэгчдэд их хүрлээ. Одоо ч тасалбар нь оочиртой хэвээр л байна. Дурсамж сэдрээсэн үйл явдалд автсан хүмүүс шүүж тунгаалгүй нэгэн дуугаар “Бид ч бас чамд хайртай” гэж байх шиг. Хайранд шүүлтүүр хэрэггүй биз ээ.    


Д.Батбаяр