Ерөнхий сайд С.Баяр 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийж ирээд Мардайн орд газартай танилцсан юм. Тэгээд тэндээсээ нисдэг тэргээр Чита мужийн Краснокаменскт очиж Приаргуны уул, химийн үйлдвэрийн нэгдлийн ажил байдлыг үзэж сонирхов. Энэ бол мөн оны зургадугаар сард болсон явдал. ОХУ-ын атомын энергийн “Росатом” улсын корпорацийн тэргүүн С.Кириенко Ерөнхий сайдыг Мардайгаас цааш авч явсан нь уг орд газар дахь өөрийн хувь оролцоог нэмэгдүүлэх болон ураны хүдрийг Краснокаменскт боловсруулах ерөнхий саналаа танилцуулж байсан байх.

Дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Москвад буумагцаа хамгийн түрүүнд С.Кириенкотой уулзсан байдаг. Энэ үеэр С.Кириенко, зөвхөн түүхий эд нийлүүлэгч биш, боловсруулах үйлдвэрлэл явуулдаг байх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг дэмжихээ илэрхийлж байжээ. Гэхдээ аль аль талдаа хамтарсан үйлдвэрлэл явуулах гэсэн хачин санал дэвшүүлсэн байгаа юм. Уран боловсруулах Монгол-Оросын хамтарсан үйлдвэр манай улсын ч, ОХУ-ын ч нутаг дэвсгэрт аль алинд нь байна гэсэн санал. Үүний учир тэд дахин Мардайд уулзаж, улмаар Приаргуныг үзсэн хэрэг. Приаргуны үйлдвэр 700 метрийн гүнд боловсруулалт явуулдаг, Зөвлөлтийн цөмийн цэнэгт хошуунуудыг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн газар. Манай улсын Дорнодын ураны бүлэг ордууд чухамдаа энэ л үйлдвэрийг түүхий эдээр хангахад чиглэгдсэн хайгуулын ажлын талбай байсан юм. 1970-1980 онд илрүүлсэн Мардайн ордыг Приаргунд хүдэр нийлүүлэх зорилгоор 1981 оноос олборлож эхэлсэн бөгөөд маш нууц концессийн гэрээ байгуулж байсан нь эдүгээ нууц биш болжээ.

С.Баяр Краснокаменскаас буцаж ирээд үндсэндээ УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажилд оржээ. Харин энэ үед Оросууд Монголын сонгуульд Ардчилсан нам ялна гэсэн урьдчилсан прогноз хийж байсан тухай тухайн үед мэдээлэгдэж байлаа. Сонгууль будлиантсанд тооцогдож, 7 дугаар сарын 1-нд манай улсад урьд өмнө үзэгдээгүй үймээн самуун дэгдсэн. В.Путин, Д.Медведев нарт зөвлөдөг Центр Политической Конъюктуры хэмээх байгууллага хамтарсан Засгийн газар байгуулахыг МАХН-д зөвлөсөн гэсэн албан бус мэдээ бас явдаг. Үймээн самуун, онц байдал, энэ тэр гэсээр бүр 9 дүгээр сард С.Баяр АН-тай хамтарч Засгийн газар байгуулахаар болсноо зарласан. Танхимынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулах, сайд нараа тохоон томилох ажилд тодорхой хугацаа зарцуулсны дараа 2009 оны гуравдугаар сард тэрээр ҮАБЗ-өөр зөвлөмж гаргуулах, атомын эрчим хүч ашиглах талаарх төрийн бодлого, хууль тогтоолын төсөл боловсруулах ажлыг эхлүүлжээ. Ингээд зургадугаар сарын 25-нд “Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого”, долдугаар сарын 16-нд “Цөмийн энергийн тухай” хууль тус тус батлагдсан байна.

Ер нь С.Баяр Ерөнхий сайд болсноосоо хойш ураны асуудлаар нэлээд эрчимтэй ажилласан байдаг. Энэ талаар хангалттай туршлага бүхий Франц, Канад, Японы холбогдох хүмүүс, тэргүүлэгч компаний төлөөлөгчидтэй ч уулзаж байв. Гэвч ОХУ-тай түлхүү хамтарч ажиллана гэдгээ бүр 2008 оны 2 дугаар сарын 18-нд тус улсын Аюулгүйн зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан В.А.Соболевтай уулзахдаа илэрхийлж байсан юм. Түүнийг Оросын талыг баримтлагч гэдгийг хэн хүнгүй мэднэ. Оросууд ч өөрсдөө тийн тооцож, мань хүнээс их зүйл хүлээж байсан байх. Гэхдээ Приаргунд хийсэн уулзалтаасаа хойш тэрээр хэт оросжсон байр сууриа хазаарласан шинж ажиглагддаг. Үүнийг “уранаа бид өөрсдөө, эндээ боловсруулж, хүдрээр нь биш, шар нунтаг болгож экспортлоно” гэсэн бодлогыг хатуу баримтлах болсноос нь мэдэж болно. Цаашлаад Цөмийн энергийн тухай хуульд төсвийн зардлаар хайгуул хийсэн орд газарт “...хамтран байгуулах компаний хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гэсэн бодлогыг суулгасан гол автор нь тэр өөрөө байлаа.

Эрхзүйн энэхүү өөрчлөлтөөр нөхцөл байдал ч мөн өөрчлөгдөв. Мардайн ураны ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Төв Азийн уран” ХХК дахь Канадын “Хан ресурсэс инк” болон “Росатом”-ын “Атомредметзолото” компаниудын хувь оролцооны хэмжээ өөрчлөгдөхөд хүрлээ. Учир нь “Төв Азийн уран”-ы 58 хувийг “Хан ресурсэс инк”, 21 хувийг “Атомредметзолото” эзэмшиж буй. Одоо ердөө 21 хувийг нь эзэмшиж байгаа Монголын засгийн газрын хувийг хуулийн дагуу 51-д хүргэхийн тулд аль аль нь өөрсдийнхөөсөө өгөх болно. Оросуудын хувь бүр 6 болж буурч мэдэх байдал бий болсон. Тэгмэгц тэд эхэндээ “их гүрний” дээрэнгүй бодлого барьж байлаа. Энэ нь Монголын хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Үүнийгээ ч удаа дараа дипломат хэллэгээр илэрхийлж байв.

Цөмийн энергийн тухай хууль батлагдсанаас хойш сарын дараа Монгол Улсын Цөмийн энергийн газар, “Росатом”-ын хооронд уран олборлох болон атомын энергийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрт, манай улсын нутаг дэвсгэр дэх ураны ордыг ашиглах “Дорнод уран” хэмээх хамтарсан компани байгуулах асуудлыг тов тодорхой тусгасан юм. Хамтарсан компанийг адил тэгш эрхтэй байх үндсэн дээр байгуулах, үндсэн хөрөнгийнх нь эхний бүрдүүлэлтийг ураны салбарт одоо ажиллаж байгаа Монгол-Оросын хамтарсан компаниудын хувийг шилжүүлж авах замаар хэрэгжүүлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, “Төв Азийн уран” компанийг “Дорнод уран” болгон шинэчлэн байгуулах замаар орд газар дахь Канадынхны оролцоог манай Засгийн газраар хүчингүй болгуулж, шахан гаргах мэхийг Оросын тал хэрэгжүүлж байна. Оросуудын баримталж байгаа үндсэн хувилбар нь энэ. Улмаар тэд “Хан ресурсэс инк”-ийн хувьцааг Торонтогийн биржээр дамжуулан худалдан авах санал тавилаа. Ингэхдээ нэгж хувьцаа тутамд 0,65 канад доллар санал болгов. Ийм замаар тэд Мардайн ураны орд газарт гуравдагч оролцогчгүй, зөвхөн манай улстай хамтарсан компани байгуулахыг эрмэлзэж байгаа юм.

“Хан ресурсэс инк” Мардай дахь төрийн оролцоог хэрэгжүүлдэг “Монатом” ХХК-тай хэлэлцээ байгуулж, “Цөмийн энергийн тухай” хуулийн дагуу Монголын тал 51 хувиа бүрдүүлэхэд шаардагдах хувийг өөрийн 58-аасаа шилжүүлэн өгөх асуудлыг ярилцахад “Атомредметзолото” байж ядан сандарч, сөрөг сурталчилгааг олон улсын түвшинд хийж эхлэв. Үүндээ тэд, “Канадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хуулийг зөрчсөн” гэсэн аргумент дэвшүүлсэн. Гэтэл үнэндээ “Хан ресурсэс инк” харин ч хуулийг хэрэгжүүлэх алхам хийж байсан юм. “Монголын хуулийг зөрчсөн” гэсэн үг дэлхийн зах зээл дээр хэргээ гаргаж, “Хан ресурсэс инк”-ийн хувьцаа унав. Яг энэ үед Хятадын CNNC компани тэдний хувьцаа тутамд 0.96 доллар санал болголоо.

Мардай дахь Канадын оролцоог “булааж” чадахгүй болмогц “Атомредметзолото” үндсэн хувилбар тактиктаа буцан шилжиж, “Дорнод уран”-ыг шинээр байгуулах асуудлыг хүчлэн түлхэж эхэллээ. Чингээд энэ оны хоёрдугаар сарын 27-нд Засгийн газарт өөрсдийн нөхцлийг бичгээр ирүүлжээ. Тэрхүү нөхцөлд, “Дорнод уран”-д хоёр тал 50:50 хувийн акц эзэмшихээр тусгасан байна. Манай хуульд 51 хувийг төр шууд авахаар заасан явдал тэдний хувьд огтхон ч асуудал биш бололтой.

Он гарснаас хойш ОХУ-аас Монголын зудад нэрвэгдсэн малчдад хэд хэдэн удаагийн тусламж үзүүлэв. Олон арван тонноор нь олгосон малын тэжээлийн цаана Мардайн ордыг авах санаархал яваа нь тов тодорхой үзэгдэх аж. Ерөнхий сайд С.Батболдыг Европт айлчлах замд нь В.Путин дуудаж, Москвад буухад нь “Росатом” компаний захирал С.В.Кириенко уулзжээ. Мэдээж, ярианы сэдэв нь “Дорнод уран” хамтарсан компани. Гуравдугаар сарын эхээр болсон энэ ярианы үеэр л оросууд “за яахав, танай хуулийг мөрдье” гэсэн үгийг анх удаа цухуйлгасан байх юм. Тэгэхээр яах аргагүй үүнээс өмнө хойд хөршийнхөн маань манай улсын хууль тогтоомжийг үл тоомсорлосон байдалтай л байж.

Орос “ах нар” Мардайг авах гэж улайран зүтгэж буй энэ үйлдэлдээ нэг гол аргумент дэвшүүлж байгаа нь уг ордыг Зөвлөлтийн үед оросууд хайн судласан, түүнд ихээхэн хөрөнгө оруулсан гэсэн баримт юм. Уг баримтаараа тэд одоогийн ханшаар 600 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэх тоо хэлж байгаа. Гэтэл ЗХУ-ын ураны асуудал эрхэлсэн байгууллагын протоколд 1981-1988 онд оросууд Дорнод аймгийн Дорнод, Гурванбулаг, Мардайн ордуудад нийтдээ 127,3 сая рубль зарцуулсан гэсэн зардлын тайлан тусгагдсан байна. Дорнодын ордын 2В биетээс тэд 1988-1996 оны хооронд 400 мянга орчим тонн уран олборлосон байдаг бөгөөд тонн тутамд 5 рублийн төлбөр төлж байжээ. Олборлосон хүдрээсээ 580 орчим тонн уран буюу 1500 орчим мянган фунт ураны исэл гаргаж авсан гэж тооцвол одоогийн ханшаар 60 орчим сая ам.доллар болно. Хайгуулын зардалд зарцуулсан рублийг нь шууд уг дүнгээр нь буюу үнэ цэнийг нь хэд өсгөж тооцоод, манай улсад төлсөн 2,0 сая рувлийг нь нэмлээ гэхэд 130 сая доллараас давж гарахгүй тоо гарч байна. Бас үүнээс олборлож ашигласан ураны үнэ цэнийг тооцох ёстой. Яаж ч бодсон 600 сая ам.доллар гэдэг тоо ор үндэсгүй байгаа юм.

Дээр нь нэмж хэлэхэд оросууд манай Дорнодын ураны нөөцийг 20.730.00 тонн гэж тогтоосон. Гэтэл “Хан ресурсэс инк”-ийн хайгуулчид 28.061.75 тонны нөөц тогтоосноо илтгээд байгаа. Тэд манай улсад нийт 350 сая ам.долларын хөрөнгө оруулж, олборлохоос эхлээд боловсруулж, баяжуулсан уран буюу шар нунтаг үйлдвэрлэх цогцолбор байгуулах санал өгсөн бол “ах нар” ердөө 50 сая ам.долларын хөрөнгө оруулж, зөвхөн уурхай байгуулан, олборлосон хүдрээ түүхийгээр нь Чита муж дахь Приаргуны уул, химийн үйлдвэрт тээвэрлэж аваачиж боловсруулах хувилбарыг санал болгосон. Ураны уурхай, олборлох баяжуулах ажил аюултай л даа. Гэхдээ л атомын эрчим хүч ашиглах технологи шинэ шатанд гарчихсан энэ цаг үед бид өөрийн орондоо үйлдвэртэй болж үлдэх нь амин чухал зорилтуудын нэг юм. “Атомредметзолото”-ы захирал Вадим Живов хэвлэлд, “Хан ресурсэс инк” үйлдвэрээсээ эхлээд бүх юмаа шинээр эхлэх төсөл гаргасан бол бид Дорнодоос 200-хан км-ийн зайд орших хүн хүчээ ашиглах давуу талтай хэмээн ярьжээ. Мөн л дөө, тэдний хувьд энэ нь яах аргагүй давуу тал. Харин бидний хувьд энэ нь харин ч алдагдалтай хувилбар гэдгийг тэр ер тооцож үзэхгүй байгаа нь үүнээс харагдаж байгаа биз? Монголчууд алдаагүй сонголт хийгээсэй гэж хаа хамаагүй нэг орос санаа тавиасай гэж би хэлэхгүй. Харин бид өөрсдөдөө, улс орныхоо эрх ашигт ноён Вадимаас илүүтэйгээр санаа тавих учиртай болов уу.

Ноён В.Живов цааш ярихдаа, “Монголын Засгийн газар Оростой хамтран уран ашиглах гэрээндээ үнэнч байгаагаа харуулсан. Орос, Монголын хамтын ажиллагаа харилцан ашигтай ажиллах үндэс дээр суурилсан. Монголын байгалийн баялгийн төлөө өрсөлдөөн гаарч байгаа энэ үед ч Орос орон монголчуудад тусалсаар ирсэн, цаашдаа ч тусална. Бидний найрамдал мөнгө төгрөгнөөс үнэтэй. Монголд сүүлийн 60 жил болж байгаагүй зуд болж, хоёр сая мал үхээд байна. Хавар болохоос өмнө дээрх малын хорогдол хэдэн саяд ч хүрч мэдэх. Бид Монголд хамгийн түрүүнд тусалсан. Кемеров муж, Оросын төмөр зам тусламж илгээгээд байна. “Росатом”, “Атомредметзолото” ч удахгүй туслах болно” гэсэн юм. Тэгээд удалгүй В.Путин өөрөө санаачилгаараа Ерөнхий сайд С.Батболд руу утас цохиж, манай мал сүрэгт зориулсан тусламжийнхаа хэмжээг хэлсэн. Европ явах замд нь дуудаж буулгасан уулзалтын үеэр “Росатом” бас баахан хивэгний хэмжээ ярьсан. “Тэвдэж явахад тэвнээр туслах”-ыг монголчууд сайшаадаг. Харин хариу шаардсан тусыг тус гэж үздэггүйг олон жил “мөнгө төгрөгнөөс үнэтэй найрамдалт” харилцаатай байсан хэрнээ яагаад мэдэлгүй өнгөрсөн юм бол доо, орос ах нар маань.

Үйл явдал ид өрнөж байна. С.Баярын Ерөнхий сайд байхдаа үлдээсэн “мөр” цааш хаа хүртэл үргэлжлэх нь үндэсний эрх ашигтай холбоотой болж хувирлаа. “Атомредметзолото”-гийнхон асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээс урьтан шийдвэрлэхээр улайрч байна. Хэрэв чуулган эхлэчихвэл улс орноо боддог улстөрчид гацаачихаж мэднэ гэж айж байгаа бололтой. Монголыг “Зөвлөлтийн дагуул” шиг үзэж, дээрэнгүй ханддаг тэдэнд үүнийх нь хариуд бие даасан, тусгаар улс болохоо харуулж, зөв сонголт хийчих юмсан даа.