Монгол Улс өнгөц харахад авилгатай тэмцэж байна. Авилгын эсрэг хууль батлаад зогссонгүй бүр Авилгатай тэмцэх байгууллага байгуулжээ. Гэвч авилгатай тэмцэнэ гэдэг нь байгууллага байгуулна гэсэн үг биш гэдэг нь тодорхой.
Байгууллага байгуулах тухай Да Ганболд гуайн ярьж байсан нэг онигоо байдаг юм. Хүүе та нар ямар асуудал шийдмээргүй байгаа юм бэ, шийдмээргүй байгаа асуудал байгаа бол түүнийг хариуцсан яам байгуулаад л гүйцээ. Тэр асуудлыг чинь тойроод л шүүмжлээд л, ярилцаад л, төлөвлөгөө боловсруулаад л байдаг юм. Хэзээ ч асуудал шийдэгдэхгүй...
За нэгэнт байгуулагдсан Авилгатай тэмцэх газар яахав. Харин Авилгатай тэмцэх газар авилга хаанаас бий болдгийг ойлгохгүй өнөөг хүрсэн нь эмгэнэл болоод байна. Тус газраас хэд хэдэн байгууллага, албан тушаалтыг авилгачаар зарлаад байгаа юм. Жишээ нь мэргэжлийн хяналтын байгууллага, гааль, шүүх, УИХ, эмнэлэгүүд, тэр ч бүү хэл ерөнхий боловсролын сургуулиуд хүртэл орж байгаа бололтой юм билээ. Эдгээр байгууллагуудын удирдлагууд хамгийн их авилгад өртдөг хүмүүс байдаг бололтой юм. Олон нийт ч тэгж ойлгож байна. Сонин хэвлэлээр дүүрэн дээрх байгууллагуудын удирдлагуудыг авилгач гэж хараасан ярилцлага, сэтгэгдэлүүд хөвөрнө. УИХ-ын дарга Дэмбэрэл, Чингэлтэй дүүргийн нэгэн сургуулийн захирал хоёр авилга авдаг л байх л даа. Тэгээд авилга авсныг нь тогтоогоод даргыг нь шоронд хийчихээр дараагийн ирсэн хүн нь бас л авилгач болох уу.
Үнэн хэрэгтээ авилгач юм уу, эсвэл огт авилга авдаггүй, ерөөс сайн албан тушаалтан, муу албан тушаалтан гэж байдаггүйг өдгөө манай авилгатай тэмцэх байгууллагийнханаас бусад нь ойлгодог болжээ. Авилгач хүн гэж байгалаасаа муухай амьтан байдаггүйгээр барахгүй авилга авдаг жамтай байгууллага, хүн гэж байхгүй.
Харин авилга авах магадлалтай, тийм нөхцөл бүрдүүлдэг тодорхой үйл ажиллагаанууд байдаг юм. Жишээ нь Мэргэжлийн хяналтын газарт танайх болно, болохгүй гээд болдогт нь ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл өгдөг үйл ажиллагаа бий. Энд л авилга авах нөхцөл бүрдэж байгаа юм. Авилгын эсрэг обьектив хандлага нийгэмд төлөвшиж байж авилга алга болдог нь нэгэнт батлагдсан зүйл. Түүнээс биш байцаагч нь Дулмаа байна уу, Цэцгээ байна уу ялгаагүй. Авилгад эрсдэлтэй үйл ажиллагааг эрсдэлгүй болгох механизмыг л хайж олох нь туйлын чухал. Өөрөөр хэлбэл тэр ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл өгдөг ажлыг нь байхгүй болгодог юм уу, бүр заавал зөвшөөрөл өгөх ёстой юм бол шаардлагуудыг нь маш тодорхой болгох, болж өгвөл хүн биш машин шалгачихдаг болгоод тэрнийгээ олон нийтээс нуух биш бүр сурталчилдаг л болчих хэрэгтэй. Ийм л механизм хийчихвэл Иргэн Доржоос авилга нэхээд ч өгөхгүй болчих юм.
УИХ-ын хууль батлах үйл ажиллагаа бас л авилгад эрсдэлтэй. Хэрэв авилга байгаа бол олон нийтийн эрх ашигт ноцтой хохирол учруулж болзошгүй аюултай, мөнгөн дүнгийн хувьд ч нэлээд их хэмжээтэй байх нь ойлгомжтой.Гэвч авилга авах эрсдэл УИХ-ын даргад биш гэдэг нь тодорхой, харин ямар үйл ажиллагаа авилга авах эрсдэлийг бий болгоод байна вэ гэдгийг тогтоох нь л юу юунаас чухал байгаа юм.
Авилгын эсрэг ажилладаг байгууллагад ч мөрдөн шалгах, хяналт тавих, байгууллагын мөнгөөр юм худалдан авах,  өндөр цалинтай ажилд хүн авах гээд авилгад эрсдэл өндөртэй үйл ажиллагаанууд зөндөө бийшүүдээ Сангаа даргаа.

М.Чимэддорж, судлаач