Энэ 7 хоногт
Америк мөрөөдөл буюу жинхэнэ “Underdog”
"Underdog" гэж ойлголт бий. Шууд орчуулга хийж чадахгүй байгаа. Санаа нь аливаа тулаан, уралдаанд ялагдах магадлал өндөртэй, бүгд түүнийг ялагдана гэж бодож буй тэр хүнийг хэлнэ. Арай бусдаасаа сул дорой ч байдаг юм уу. Тийм нөхөр юм. Харин тухайн хүн маань санаанд оромгүй байдлаар ялаад ирэх үед түүнийг "Dark horse" гэж нэрлэнэ. Хэн ч таамаглаагүй байхад түрүүлээд ирсэн болохоор тэр. Иймэрхүү түүх олон бий. Хүмүүс ч ийм түүхэнд дуртай. Яг л ийм, гэхдээ бодит түүхийг та бүхэнд хуваалцахыг хүссэн юм.
1907 оны 11-р сарын 16-ны өдөр. Тус өдөр нь энгийн л нэг жижиг гэр бүлийн санхүүгийн бизнес болох Голдман Саксын хувьд дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк болох эхлэл тавигдсан өдөр юм.
Энэ нь ямар нэгэн том гэрээ, хэлцэл байсангүй. Ямар нэгэн том өөрчлөлт байсангүй. Энэ нь 16 настай Сиднэй Вэйнбэрг хүү Голдман Сакс-д ажил хайж орж ирсэн тэр өдөр юм. Сиднэй нь 1907 оны эхээр найзаасаа нэгэн мөнгө хийх боломжийн тухай сонссоноор анх удаа Санхүүгийн зах зээлтэй танилцсан. Энэхүү боломж нь банкны үүдэнд оочирлох иргэдийн өмнөөс оочирлож, оочир зарах тухай байсан юм. Зогсож, зогсож оочир нь дөхөөд ирэхээр хүнд зарчихна, тэгээд дахиад л оочирлоно. Тун энгийн. Гэхдээ түүнд жинхэнэ бодитой ажил хэрэгтэй байлаа.
Учир нь Сиднэй хүндхэн амьдралтай нэгэн байв. Сиднейгийн аав нь дахин эхнэр авч, өмнөх хүүхдүүдийг нь гэртээ амьдруулах сонирхолгүй болсон тул Сиднэй бие даан амьдрах шаардлагатай болсон.
Санхүүгийн зах зээлтэй нэгэнт танилцсан тул тэрхүү өндөр барилгуудад ажилд орохоор сэтгэл шулуудаж, идэвхитэй ажил хайж эхлэв. Эксченж 43 плэйс хэмээх 23-н давхар барилгад өглөө 8-н цагаас эхлэн давхар бүрээр нь орж, туслах хүүхэд хэрэгтэй юу хэмээн асууж явсан юм. Орой 6 гэхэд 20 давхар явчихсан ажил олж чадаагүй л байлаа. Ажлын цаг ч дуусч, хаалгаа бариад байсан юм. Тэгэхэд нэг фирм Сиднэйд манайд ажил байхгүй, гэхдээ юутай ч өглөөхүрээд ирээрэй гэсэн нь Голдман Сакс байсан. Маргааш нь ч Сиднэй буцан ирэхэд кассанд дээр сууж байсан Мориссэй гэх эрхэм эргэж хараад Жарвис чамд туслах хүүхэд хэрэгтэй юу гэхэд тийм гэсэн хариултаар Сиднэй ажилтай болсон юм. Ийнхүү Сиднэй нь цэвэрлэгчийн туслахын ажилд долоо хоногт 5 ам.долларын цалинтайгаар орсон. Гэсэн ч тэрхүү туслахын ажилд Сиднэй тийм ч удсангүй.
Хөдөлмөрч хүнд боломж үргэлж гарч ирдэг аж. Нэг өдөр туг хүргэж өгөх даалгавар авч, Пол Саксын гэрт иртэл Пол өөрөө хаалга онгойлгож, Сиднэйгийн хувьд амьдралыг нь өөрчилсөн үйл явдал болсон. Сиднэйгийн эрч хүчтэй, ухаалаг байдлыг хараад алмайрсан Пол, түүнийг оройн хоолонд урих нь тэр. Ийнхүү төд удалгүй Сиднэй цэвэрлэгчийн туслахаас тушаал ахин шуудан хүргэдэг болоод улмаар шуудангийн үйл ажиллагааг хариуцдаг болсон юм.
Нэгэнт Сиднэй өөрийн хандлага, ухаалаг байдлаа харуулж чадсан тул Пол түүнийг Бизнесийн сургуульд төлбөрийг нь төлөөд сургасан юм. Ингэхдээ Пол Сиднэйг хэл яриагаа цэгцэл, бас Голдман Сакст цаашид ажиллахад шаардлагатай ур чадваруудыг эзэмш гэх даалгавар өгсөн байна. Түүний дараагаар Нью-Йоркын их сургуульд хөрөнгө оруулалтын банкны талаар сургалтанд, Колумбын их сургуульд валют арилжааны талаар сургалтанд тус тус суулгасан байна.
Ийнхүү Сиднэй Вэйнбэрг гэх залуугийн хөрөнгө оруулалтын банкерийн амьдрал нь эхэлсэн юм. Саксын гэр бүлийнхэн нь донжтой, соёлтой, нарийн мэдрэмжтэй хүмүүс байсан бол Сиднэй тэднээс хамаагүй өөр нэгэн байсан юм. Тэрээр сонин зөөдөг байхдаа нуруун дээрээ олж авсан маш том хутганы сорвитой, ухаалаг, хэрсүү мөн цуцашгүй нэгэн байв.
1927 он гэхэд Сиднэй Голдман Саксын хувьцаа эзэмшигч өөрөөр хамтрагчдын нэг болсон байлаа. 1930 он гэхэд тухайн фирмийн гүйцэтгэх захирал болсон юм. Шаргуу хөдөлмөрч Сиднэй маш хурдтай дээшилсэн.
1927 онд Голдман Саксын 9.5 хувийг эзэмшдэг байсан боловч 10 жилийн дотор 30 хувь болж өссөн юм.
Тэр зах зээлийг мэдэхээс гадна тоо болон хүний учрыг олохдоо гаргууд нэгэн байсан. Байнга хэлдэг үг нь “Шударга байдал” байлаа. Тэрээр алдаа, дутагдал байж болох зүйл ч худал, хуурмаг бол уучилж болшгүй зүйл хэмээн үздэг байсан. Үндсэндээ Сиднэй бүх эрх мэдлийг өөртөө авснаар Голдман Саксыгямар ч улс, төр хийх шаардлагагүй цэвэр хичээл зүтгэлээр дээшилдэг тийм фирм болгосон. Түүний шийдвэр нь ашгийг хамтрагчдад хуваах биш, компанид үлдээж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх байсан. Ингэснээр хамтрагчид хувийн ашиг сонирхол багасч бүгд фирмийнхээ төлөө илүү их сэтгэл гарган тэмцэж байлаа.
Мөн Голдман Сакс нь хэдий гэр бүлийн бизнес байсан ч Саксын гэр бүлийнхнийг тус фирмийг удирдаагүй гэдгийг бусдад ойлгуулдаг байв. Энэ нь компанийн хамтрагчид зоог барихад Саксын гэр бүлийнхнийг хэзээ ч толгойд нь суулгадаггүй байснаас тод харагдана.
Дан ганц Голдман Саксыг дараагийн түвшинд хүргээд зогсохгүй, АНУ-ын санхүүгийн зах зээлийг өөрчилж чадсан юм. 1930-аад оны Нью-Йоркын хөрөнгийн биржийн шинэчлэлд ТУЗ-ын гишүүний хувиар идэвхитэйгээр оролцсон байдаг. Зөвхөн санхүүгийн зах зээлээр зогсоогүй ба Рүзвелт ерөнхийлөгчийн зөвлөхөөр хүртэл ажиллаж байв. Тухайн үедээ засгийн газар болон хувийн бизнесийг холбогч гол гүүр нь болж байсан юм. Тэрээр 1969 он хүртэл Голдман Саксын гүйцэтгэх удирдлагаар ажиллаж, хэдэн сая ам.долларын хөрөнгийг хуримтлуулсан нэгэн. Оргил үедээ Голдман Саксыг Вэйнбергийн компани ч гэж нэрлэж байсан гэдэг.
Хэдий Голдман Саксыг дэлхийн хамгийн шилдэг хөрөнгө оруулалтын банк болгож чадсан ч тэр бүхнийг ганцаараа хийгээгүй нь тодорхой шүү дээ. Гэхдээ л тэр бол жинхэнэ “Underdog”, Америк мөрөөдөл байсан юм. Эцэст нь түүний амжилтын нууц нь уйгагүй их хөдөлмөр, ямар ч асуудлаас айлгүй, шийдвэрлэх зориг хоёр байсан гэдгийг дурдах нь зүйтэй.
Тэр ч бүү хэл “Бид юуг ч алдалгүй, бүгдийг зөв хий гэх зарчмаар амьдарч сурсан. Бид юунаас ч эсвэл хэнээс ч айж ухардаггүй.” гэж Сиднэй хэлж байв.
Г.ГАНЗОРИГ