Дэлхийн хөгжлийн үйл явц, улс орнуудын уналт босолтын улбааг харахад “хаан” байна уу, “парламент” байна уу, аль нь ч ялгаагүй хүмүүнд үзүүлж буй халамж үйлчилгээгээ “сайхан сэдэлтэй, сайн дураараа үнэгүй өгч байгаа юм шүү” гэж ханарч эхэлмэгц төр дэнхийж томорч; эцэстээ нөлөөтэй толины улстөрчид нь бие биенээ зүхэж; татвар төлөгчдийг шулан дээрэмдэж, тонодог эдийн засгийн бүлэглэлүүд болон зөрчилдөж, дайснагналцаж; нэг нэгнийхээ унгааг ухаж, ялзарч өмхийрч эхэлдэг байна. Эндээс л чухам худал, хуурмаг, хуйвалдаан, заль мэх үүсдэг. Яг одоо цаг дээр байж чадахгүй; хий хоосон өнгөрсөн, улирсан, сөнөсөнтэй чаргууцалдаж, ирээдүйгээ эзэнгүй мөрөөдөж буй бүхэн цаг хугацааны алуурчин. Өнөө цагийн өнгөнд улстөрчид төрөл бүрийн өнгөөр хувирч, есөн шидийн авир гаргаж, нэр нүүрээ барж, хэд ч хувирч, уравдаг юм бэ дээ, бүү мэд хөөрхийс. Ноён урваач, нохой шарваач гэж энэ дээ. 

Мафи, “МАНАН мафи” л гэнэ. Мафи чинь нарийн зохион байгуулалттай, үйл хэрэгтээ үнэнч, түүнийхээ төлөө алуулахад ч бэлэн нэгдмэл, нягт ажиллагаа юм. Сицилийн мафи гэдэг дээ. Мафи хөгжих үндэс монгол хүний төрөлх чанарт өгөгдөөгүй нь сайн хэрэг. Өчүүхэн хонжоо хайсан бүтэлгүй бүлэглэл л бие биенээ илчилж, ул улаа шагайж, төнхөлцөж мафи болж тоглосон тамын тогооны үлгэр хөвөрсөөр л... Баталгаа нь улстөрчдийн сэтгэлгээний, оюун санааных нь цар хэмжээнээс ойлгомжтой харагдана. Монгол хүн гурвуулаа битгий хэл хоёулаа байсанчиг л толхилцож тэмцэлдэж, муу муухайгаа үзэж тартагтаа тулна. Чухам л байж боломгүй зан чанар. “Монгол хүн мангас гаралтай, махан идэштэй, оюун бодол батгүй, омог уур их” гэж Ноён хутагт Лувсанданзанравжаа хэлж үлдээснийг сана. Гэмээ мэдвээс гэгээрэл рүү дөхнө шүү дээ, болгоо. 

Аливаа хэрэг явдлын учир начрыг тунгаалгүй хүний мууд дурлах нь тэр хүндээ, өөрт нь цөвтэй. Манайхан эвлэж нэгдэхгүй, хэлэлцэж ярилцаж, мэтгэлцэж, ухаарч чадахгүй. Оюуны тэнхлэг нь тасарч, хэмлэлцэж, хэрэлдэж, хагарч бутрахдаа гарамгай болжээ. Тэгсэн хэрнээ тэр минь, энэ минь, анд минь, амин найз минь гэж зусардаж, цуслалцчихаад сална, сарнина, зуларна. Нууц хадгалж чаддаггүй ам султай, тэр хэрээрээ хов зөөж хор найруулахдаа гаргууд. Одоо болих цаг болсон бус уу?! Хойноос, урдаас хоёр талаас шидсэн чулуу бутраад унахаар нь Монгол руугаа, өөрсөд рүүгээ шидэж байдаг үйлдлээ зогсоож; хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрхийг хүндэлж, ирээдүйгээ бодитой харж, хөгжих замаа нээвэл таатайсан. 

Татварын зөв, авсаархан, нягт, холыг харсан бодлого чиглэлтэй байж; яамдын тоог цөөлж, төрд шургалагсдыг цомхотгон; чадварлаг, цаг үеэ мэдэрсэн хүмүүсээр төр-багаа бүрдүүлж; хараат бус шүүх, прокурор, цагдаатай болж тэдэнд хүний эрхийг, эрх чөлөөг, өмчлөх эрх чөлөөг хамгаалах ариун үүргийг нь үүрүүлж; аливаа юмс үзэгдлийг олон өнцгөөс харж, үнэн үү үнэн, зөв үү зөв, сонин уу сонин бодож, сэдэж, сэтгэж; цөөхөн монгол хүн бүр зарчимтай, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн харилцаанд орох нь өнөөдрийн үндсэн зорилго байх учиртайсан. Тэр чинь капитализм юмаа. Өөр тогтолцоо байхгүй. Капитализмаар л “Монгол ялна”. Өөрөөр ялах үндэсгүй. 

Дарга нарын цүнх барьж амь дүйж явдаг хүмүүсийг өөрийн эрх үүргээ өөрөө хариуцах боломжийг нээж, чөлөөлж; мэддэг ажлаа хий гээд зоригтой алхам хийж явуулах хэрэгтэй. Ёс жудаг, зөв суртахуунтай байя л гэж бодож байгаа бол бусдыг шүүмжилж, өөрөө ч шүүмжлүүлэхэд бэлэн бай. Ухаангүй нийгэм нь нүнжиг жудгийн хувьд өөрийнхөөрөө байж чаддаггүй хулчгаруудын нийгэм бөгөөд чухам ийм л хүмүүс хүний мөн чанарын хэмжээ, зарчим зорилгоо гаргуунд нь хаяж уландаа гишгэснээр хүн төрөлхтний түүхийг муу муухайгаар зузаатгасаар иржээ. Бидний цөөхөн монголчууд дээрх эмгэнэлийг давтаад юухэвсэн. Харин эсрэгээр нь сургамж аваад сэрэх цаг нэгэнт ирлээ. 

Ардчиллын 30 жилд монголчууд асар их хурдтай хөгжиж, ололт амжилтад хүрсэн. Эдүгээ өөрсдийнхөө гараар, гадныхны зангаагаар тэр үнэ цэнээ устгаж үл болно. Зөв байх үнэ цэнийг дээр дооргүй, хүн бүхэн эрвийх дэрвийхээрээ үйл хэрэг болгох л үлдээд байна. Уг нь монгол хүн эрх чөлөөний асар их мэдрэмжтэй, совинтой, айл саахалтдаа, аль нэгэндээ садаа болдоггүй суурь үзэлтэй юм билээ. Өнөөдөр харин жудгаа алдаж, үүрэг хариуцлагаасаа зугтаж, зарчмаасаа урваж, оюун билгийн мэлмийгээ аньчихаад байна. Ухаар, сэхээр. Хар дарсан бодол зүүднээсээ сал. 

Өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт хийнэ гэнэ. Зарим нь бүр шинэ Үндсэн хуультай болъё ч гэж ярьж хөөрч байна. Ихэнх нь бүр Үндсэн хуулийг уландаа гишгэж, дэвсэлж, дураараа авирлах шинжтэй байна. Манай Үндсэн хуулийн эцэг, суут эрдэмтэн, хуульч Б.Чимэд гуай “төрийг намаар, хуулийг үзэл суртлаар, шинжлэх ухааныг дур зоргоор, хүн чанарыг албан тушаалаар сольж болохгүй” гэж захисан байна. Ядаж шавь нар нь энэ философийг сайтар эргэцүүлэн тунгааж, амьдралд үйл хэрэг болгохсон. Уураг тархинд нь усан тарга суучихсан, ухаан бодол нь тортогтчихсон, улстөрчид үйлс бүтээл, үйл хэргээс илүү сонгогчдод таалагдах хоосон цэцэрхлээр илбэдэх гэж ухаантай царайлж, хувьсгалч дүр эсгэж мунхаглацгаах юм даа. 

Тэгэхээр ер нь улстөрчдийг ухааруулах гэж цээжний махаа барж байхын оронд сонгогчдыг сэхээрүүлэх нь хавьгүй хурдан ахиц гарах магадгүй гэж горьдож сууна. Гэвч социалист, коммунист, фашист, нацист суртал ухуулгад мэхлүүлж; харыг хараар нь, цагааныг цагаанаар нь бодиттой харж, ялгаж салгаж чадахаа больж, олон янзын өнгөнд хувирч байгаа нь харамсалтай. Хадан дээр сийлсэн тамга лугаа адил чанга цэгцтэй, туйлбартай хүн өдрийн од шиг болж. Усан дээр зурсан зураг лугаа адил хүмүүс альтурист үзлийн боол болсоор байгаа нь ямар гээчийн гачлан бэ?

Төр хүнийг дээрэмчид болон гэмтнүүдээс, Үндсэн хууль хүнийг төрөөс хамгаалах л учиртай. Хүний эрх ямар ч төр, нийгмийн эрхээс давуу. Дарга мяндагтан, хэргэм зэрэгтэнгүүд бие биенийхээ “но”-г дэлгэж, өөр хоорондоо барьцаалагдсан ичгүүр сонжуургүй тонуулчид болсон нь тодорсоор, илэрсээр... 

01+02+76 эрхмүүд хууль санаачлахдаа өөрсдийнхөө эрх ашиг, ямбанд нийцүүлэн ханддаг. Энэ хандлага хуулийг үнэ цэнэгүй болгож байна. Жишээ нь, саяхны ҮАБЗ-ийн зөвлөмжийг хар. Үндсэн хуулийг үгүй хийчихлээ, авсалчихлаа. Амин найз нарын аль нь ч ялгаагүй шүүхийг завхруулж, хуулийг тэнхээгүй болгожээ. Ярьснаасаа ондоог хийдэг, хийснээсээ өөрийг ярьдаг хүн бол аюултай дайсан гэж би үзнэ. Манай улстөрчид сэтгэл мэдрэлийн хувьд орон гаран, бүр гаран гаран болоод удаж байгаа харагдана, чааваас. Өчигдөр ярьснаа маргааш нь мартдаг ужиг өвчин эдгэрэхээргүй тусчээ. Энэ бол тархины тураал. Бас амин найзуудын хувийн өшөө хорслоос үүдэн бүтэн үндэстэн хохирох ёсгүй. 

Амин найзууд аа, МоАХ та нарын нохой барьдаг мод биш, боол чинь биш, тэжээвэр хурга чинь биш, золионы ямаа чинь ч биш, зажлахгүй залгидаг зоог чинь биш. Бас нарыг эрхлүүлж, давраасан МоАХ ч энд буруутай. 

Цензургүй яриа, сурвалжлага гэх боловч цензуртэй, нэг хүнийг, эзнээ тахин шүтсэн нэвтрүүлэг боссоороо “Өлсгөлөн зарлах юм уу” гэж хэлүүлээд маргааш нь “76 хүн өлсөнө” гэж нийгмийг сүрдүүлж айдаст автуулж амжиналээ.

Цензургүй ч тэр, МоАХ ч тэр нэг хүний хараат, далд ор гэхэд нь далд ордог, ил гар гэхэд нь гараад ирдэг үнэнч зарц нь болсныг орон даяар харуулж, нотолж байна. МоАХ бол дарга нарыг өндөр сэнтийд хүргэх гүүр биш, тэднийг алдаа гаргахаар нь хамгаалдаг цайз биш. МоАХ-ны эгэл жирийн хэрнээ элгэлгүй, энгийн атлаа энгүй гишүүдтэйгээ уулзахыг шаардаж байна. 

Жудаггүйчүүд сайн сайхнаас буянт үйлсийг нь, сул доройчууд хүчтэйгийнхээ хүч чадлыг, тэнэгүүд мэргэдийнхээ цэцэн билгийг хулгайлахдаа “бид” буюу “ард түмэн” гэдэг үгээр халхавч хийдгийн үлгэр оршвой. 

Д.СОСОРБАРАМ