8-р ангийн төгсөлтийнхөө 40 жилийн ойд зориулав.

1971 оны 9-р сарын 1-ний өглөө, 9 настайдаа Дорнод аймгийн Дашбалбар сумын 8-н жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид орохоор Улзынголын дэнж Зүүн шивэртийн адаг гэдэг газраас аавтайгаа Тавистай даваагаар даваад Лүүжээ ахайнд буусан сан. Тэднийх олон хөвгүүдтэй, хүнсний ногоо тариалдаг манай сумын цорын ганц айл байв. Лүүжээ ахай надад сайн, хүүхдүүддээ хүний ганц хөвгүүнийг битгий шоглогтий гээд байнга анхааруулна. Намрын налгар цаг тул тусгайлан наранд, битүү саванд хийж хадгалсан час улаахан помидор сурагч болсны баяр болгож Лүүжээ ахай над өгөв. Тэр час улаахан помидор, хүүхэд насандаа тэднийд ирэхээрээ авдаг байсан бэлэг бэлгийн дээд нь байлаа. Би насаараа л мартдалгүй цээжны угтаа хадгалж явна даа. Лүүжээ ахайн Гэрэлсүрэн, тэднийхөрш Цэдэндамба ахайн ганц хөвүүн Цэрэндорж нар сургуульд орох ёстой байлаа.

Сургууль эхлэх цаг болж, томчуул бид гурвыг дагуулан сургуулийн зүг явлаа. Бид нэг ангид орохыг мөрөөдөн, гурвуулаа зэрэгцээд зогссон юм. Үл таних багш ирээд нэг хоёр, нэг хоёр гэж тоолуулахад Цэрэндорж бид хоёр 1-ийн “б”-д, Гэрэлсүрэн 1-ийн “а” ангид орчихдог юм. Ингэж Цэндэм багшийн шавь болох хувьтай байжээ. Миний анхны Багш болох тэр хүн их том, махлаг, хүрэн бор царайтай эмэгтэй байв. Удалгүй сум, нэгдлийн дарга алдарт Пэрэнлэй даргын эхнэр болохыг томчуулын ярианаас ойлгов.

Би 9 настайдаа сургуульд орсон болохоор биеэр бусдаас жаахан том, таргандуу байсан ч багш намайг хамгийн эхний, багшийн хажуудах ширээнд Дугарсүрэнгийн Алтанцэцэг гэх том гэгчийн тормолзсон алаг нүдтэй, биеэр жижигхэнохинтой суулгасан сан. Манай ангийн багш Цэндэм, биднийг бага ангиа төгстөл намар болгон өөр, өөр багштай орхиод хаашаа ч юм яваад өгнө.Шинэ жил өнгөрөөд, хавар болохоор л хүрээд ирнэ.

Цэндэм багш намайг их дэмжиж, онц л сургах дуртай. Хавар болж манайх хөдөө гарч, би дотуур байранд оров.Байрны ах нар багш нарт их дургүй, тэр тухайгаа оройжин ярина. Би ч гэсэн дээд ангийн ах нартаа, тал засахын тулд багшдаа дургүй гэдгээ ойлгуулахыг хичээнэ. Дүрэндээ итгэж Цэндэм багшдаа их дургүйхэн болов. Багшийнхаа хэлсэн үгэнд нь орохгүй байх тухай л бодох болов. Хичээлээ таслаад хөдөө гэр лүүгээ оргоно. Тэглээ ч гээд ангийн багш Цэндэм гомдохгүй нь хачин. Миний төлөө, миний хойноосхөөцөлдөөстэй.

Дотуур байрны сурагчид хавар болохоор гэрээ их санана, өлсөнө, гар нь сайртан хага ташиж, цус шүүрэн явах нь хэвийн. Байрны хүүхдүүд бид дотуур байрныхаа нөмөрт суугаад “согтуу” даваагаар ямар зүсмийн морьтой хүн гарч ирэх бол, хэнийх гэдэг айлын гадаа мориныхоо амыг татахыг тэсэн ядан хүлээнэ. Бидний хүсэн хүлээж байсан айлын гадаа буух юм бол бид гүйлдээд л хүрнэ. Тэгээд хоёр, гурван төгрөгтэй болж дэлгүүр рүү харайна. Бид хэн нэгний төлөө сурч байгаа юм шиг байдаг байж дээ. Согтуу даваа гэдэг нь согтуу голдуу хүмүүс тэр даваагаар ирж, очдог болохоор тэгж нэрлэсэн юм билээ, одоо ч тэр даваанд ирэгсэд очигсод халамцуу, хөлчүүхэн давцгааж л байдаг даа. Би харин нэг ч удаа согтуу даваан дээр сэржим өргөх хувь тавилантай таараагүй л явнам.

Бага ангийнхны хичээл голдуу үдээс хойш ордог тул хичээл эхлэхээс өмнө амжуулж хэсч, тоглож наадна. Хаврын урт өдрүүдийн нэгэн хагас сайн өдөр Цэндэм багш намайг хайж олоод, сургуулийн лекцэнд дагуулаад очлоо. Индэрт суусан багш нар дуудаад намайг номын сайн нөхөр гэдэг үнэмлэхээр шагнав. Би ердөө ном уншдаггүй байсан ч номын сайн нөхөр гэдэг үнэмлэхийг авчихаж билээ. Урамшаад номын санд очиж уншигчийн карт нээлгээд “Алдар суут Кажмухан” гэдэг зузаан ном уншчихав. Энэ ном миний 8 дугаар ангиа төгстөлөө уншсан цорын ганц ном. Сонирхолтой нь энэ номыг уншсан хүнтэй дайралдаж үзээгүй л явнам. Тэр номыг олж дахин уншин уншвал амьдралын амтыг шинээр мэдрэх байх даа.

Хагас сайн өдөрт би дуртай. Яагаад гэвэл багшаасаа чөлөө авахгүйгээр хичээл таслаад гучин километрт байдаг гэр рүүгээ адуучин хүргэн ахынхаа авчирсан морийг унаад, багш дуудсан ч хамаагүй зугтана. Жолоо таталгүй давхисаар байгаад гэртээ очиход аав минь хичээлээ “алгадаад” ирэв үү л гэнэ. Би тийм ээ гэнэ. Хичээл таслахад аав минь дуртай юм шиг санагддаг сан.

Зүлэг ногоо соёолж, Улзын гол урсаж эхлэх нь их сайхан шүү. Гэхдээ бид томчуулын үгэнд орж 6-р сарын нэгнээс хойш, усны хор гарсан хойно л усанд ордог хэвшилтэй байв. Нэгэн хаврын өдөр дээд ангийн найз нартайгаа голын эргээр тоглон гүйлдэж явтал Цэндэм багш хүүхдээр намайг дуудуулав. Дурамжхан очтол бас л лекц рүү дагуулаад явлаа. Энэ удаад“Таван онцын эзэн” гэдэг тэмдгээр шагнагдаж, сайн хүүхэд гээд ангийнхнаасаа түрүүлж пионерт элсчихлээ.

Бага ангид байхад багш намайг магтах дуртай, би ангийнхнаасаа ичиж, дотроо бол багшдаа дурамжхан байдаг байлаа. Цаг хугацаа өнгөрч бид бага ангиа төгсөж, багшаасаа салж, дунд ангийн том хүүхэд болсондоо баярлаж билээ. Дунд ангийн сурагч болохоор олон багш ээлжилж хичээл заадаг болохоор хичээл таслахад “гоё” гэдгийг мэддэг байв. Дунд ангид ороод миний сурлагын дүн тааруухан болж, тавдугаар ангийг дөнгөн, данган сайн дүнтэй төгсөхдөө, хувийн хэрэг дээрээ багшийн үгийг тоодоггүй гэсэн үнэлгээ бичүүлэв. Энэ бол миний насан туршийн салшгүй дагуул болж билээ.

Дунд ангид орж хичээл эхлэхэд Цэндэм багш дахин л манай ангийн багш болчихов. Дотроо бол би их дургүй байлаа. Яагаад гэвэл намайг бол чихдэж чаддаг хүн байсан болохоор тэр л дээ. Унаган багш минь бага ангийн багшаас дэвшиж, дунд ангийн гэр ахуйн багш болсныг удалгүй мэдэв. Багш өөрийн гэсэн кабинеттай. Тэндээ бид нарыг оройжин суулгаж хичээл давтуулна. Бас их гоё нэг юм байдаг нь охидоор төрөл бүрийн амттай хоол хийлгэж, хөвгүүд биднийг дайлна. Бид ч дуртай байдаг сан. 

Намар Урлагийн үзлэгт бэлтгэнэ гэдэг хөвгүүд биднийг тоглоход садаатай юмны нэг. Цэндэм багш “Монгол морь” гэдэг цовоо, сэргэлэн үгтэй, цог, зольтой дуу зааж, ангиараа урлагийн үзлэгээр хоор дуулахаар бэлдэж гарлаа. Дахилт нь их гоё санагдаж, би их дуртай дуулж байж билээ гэхдээ, би солгой хоолойтой гэсэн хэдий ч их урам зоригтой хашгирч байснаа санадаг юм.

“Монгол морины чадал хэмжээлч үгүй ихийн адилаар

Монгол хүний зориг хязгааргүй их” гэсэн дахилттай хуучны дууг ёстой л нэг авч өгдөг байлаа. Урлагийн үзлэгийн урьдчилсэн үзлэг болж бид хориотой дуу дуулсан болоод явчихлаа. Одоо бодох нь Оросууд биднийг цог золбоогүй, үхээнц байлгах дуртай байсан юм шиг байгаа юм. Гэхдээ багш маань буруутаагүй л юм дагямар ч гэлээ. Цэндэм багшийн хичээнгүй зүтгэл, ангийн охидын авъяасын хүчинд бид сургуулийн урлагийн үзлэгийн аварга болж, Батхуяг, дуучин Адарсүрэнгийн дуулдаг “Миний нутгийн бараа” гэдэг дуугаар сургуулийн аварга дуучин болсон юм.

Тэрцагт багш нар ээлжлээд дотуур байранд жижүүр хийх ёстой байв. Жижүүр багш хүүхдүүдийг өглөө босгох үүрэгтэй. Ангийн багшийн жижүүртэй өглөө би гэдэг амьтан Цэндэмийн хичээлийг таслаад байна даа хөө гээд онгирч өгч байтал хүүхдүүд чимээгүй болчихов. Эргээд хартал багш минь мишид мишид гээд инээвхийлэн зогсож байсан сан. Тэр үед айх, ичих багадсан, бараг үхчихмээр үнэнтэй тулгарч билээ. Тэгэхэд ч гэсэн багш минь загнаагүй л юм даа. Зүгээр л намайг дагуулаад л анги руу оруулж билээ. Энэ мөчөөс л би багшийгаа их хүндэтгэж, бас багшаасаа эмээдэг тийм сонин мэдрэхүйтэй болов.

Багшийн гэр, сургуулийн баруун урд, холгүй дарга нарын хотонд байдаг байлаа. Дотуур байрныхаа цонхоор харахад л хүрэн дээлтэй, эсвэл хүрэндүү өнгийн пальтотай багш минь нэлээд яаруу алхсаар сургууль руугаа ирэхийг хараад л би найзынхаа хамт гүйлдээд л ангидаа ордог сон. Анги ахих тутам би багшаас зугтахаа болж, хичээлдээ мэриймтгий болов. Багш намайг ангийнхны өмнө хамгийн сайн хүүхэд хичээл ярьж байхдаа чимээгүй байцгаа гээд л намайг магтан урамшуулдаг сан. 

Сонирхолтой нь, манай ангийн охид нь олон, хөвгүүд цөөн тул хичээлийн завсарлагаанаар охид ангидаа үлдэж, бид хөөгдөөд гадаа гарна. Ангийн басгадууд хүүхэд байхдаа үснээсээ зулгаалгаж хөвгүүддээ зодуулаагүй азтай охидууд шүү.

Багшийг Цэдэнэй Цэндэм гэдэг, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, буриад хүн. Биднийг бага ангид байхад орхидгийн учрыг одоо бодоход жил дараалан маамуулсан, энэ их ажлын завсраар эчнээгээр мэргэжил эзэмшсэн юм байна лээ. Ангийн багш минь няхуур, хөдөлмөрч, зүтгэлтэй бөгөөд тууштай хүний нэг л гэдгийг ухамсарлах боллоо. Тэр эмэгтэй зургаан хүүхэд төрүүлж, энх тунх өсгөсөн, буянт эжий байжээ. Тухайн цаг үедээ Монголдоо нэртэй төртэй, сум нэгдлийн даргын бүхий л ар талыг хариуцахын зэрэгцээ, олон хүүхдээ өсгөж, шавь биднийхээ төлөө уйгагүй явдаг хүчтэй эмэгтэй байж. Багшийн хүүхдүүд нь хичээлдээ болон хөдөлмөр, спортод их сайн хүүхдүүд. Пэрэнлэй даргын хүүхдүүд ер нь надад их дотно санагддаг. Тиймдээ ч бид ах дүү шиг дотно харилцаатай. Амьдралын эрхээр ойрдоо бага л уулзалдах юм.

Багш их энгийн хүн байж. Зуу гаруй мянган малтай нэгдлийн дарга гэдэг нь одоо цагийн томоохон группын гүйцэтгэх захирлын дайтай, үүрэг хариуцлагатай ихтэй томоохон албан тушаал л даа. Нэгдлийн дарга УАЗ 469 машин унана. Сумаас холгүйхэн нөгөө алдарт Мардай байдаг.Даргын хүүхдүүд гээд оросын гоё гоё хувцсаар гангарч, чамирхаж байсныг би л санадаггүй.Даргын машинаас Цэндэм багшийгаа бууж байсныг ч үзээгүй.

Ангийн багшийг би хүн чанар сайтай хүн байсныг нас ахих тусмаа ойлгож мэдрэх юм. Учир нь миний эжий Пэрэнлэй даргын анхны эхнэр нь болж байсан түүхтэй. Магадгүй Пэрэнлэй дарга, багш хоёр ярилцаад Үржиний ганц өргөмөл хүүг зөв хүн болгох, үгүйдээ гэхэд багш минь дотор ухаандаа ханийнхаа ханилж явсан хүний үрийг хүний зэрэгтэй л болгоё гэсэн сэтгэлийн өндөр тэнхээтэй, ухаалаг, зовлон үзсэн эгэлгүй буриад эмэгтэйн дүр байж гэдгийг ухаарч л явна даа.

Наймдугаар ангиа төгсөөд бид багшаасаа салж, том боллоо гэж онгироод, би ч багштайгаа уулздаг ч үгүй, ухаан муутай ч байж, биеэ тоосны гай л байхдаа. Намайг 10-р ангиа төгсөх хавар аав намайг эргэж ирэхдээ багшийн чинь бие базаахгүй байна. Элэгний хорт хавдар хүрсэн гэж хэлэхэд нь би юман чинээ тоогоогүй юм. Зөвхөн толгойд минь гадаадын дээд сургуульд явж мундгаа гайхуулах л тэнэгхэн хүсэлтэй байсан үе байв. Тэр үед дээд сургуульд явж мэргэжил эзэмших бол конкурсын шалгалтад авсан оноогоор шийдэгддэг цаг үе байсан юм. Конкурсэд орж Эрхүүгийн полийн дээдийн механик инженерийн ангийн хуваарь аваад аймгийн төвөөс онгоцоор Дашбалбар сум руу нисэж явахдаа аавын хэлж байсан нь гэнэтхэн санаанд орчихов.

Сумандаа буугаад л, би ганцаараа шууд л Пэрэнлэй даргынд очиж билээ. Тэр цагт хүүхдүүд даргаас их айдаг сан. Гэвч энэ удаа би айгаагүй юм даг. Намайг тэднийд ороход агшийг баруун өрөөндөө байгааг хэлж өгөв. Уулзаагүй хоёр жил болсон болохоор багш минь урьдынхаасаа их өөр болсон байв. Очихдоо би чихэр ч үгүй хоосон орсондоо хожим мэдээд тэнэгээ л гайхаж билээ. Хэн тэднийд байсныг би санадаггүй. Би өөрөө гараа хантарсан, бугуйнхаа дээд талд хатигтай, тэр маань их өвчтэй, тийм л нэг янзын төрхтэй нөхөр багшийгаа эцсийн удаа эргэж очсон ухаантай. Тэр бидний сүүлчийн уулзалт болжээ. Надаас манай ангийнхны тухай нэлээд асуусан боловч миний тухай асуугаагүй юм даг. 

Багшминь чи, бид хоёр зорилгодоо хүрлээ гэж л хэлж билээ. Тэгж хэлэхэд нь би ч тухайн үед юу гэж хэлснийг, ямар утгатайг нь ч ойлгоогүй, Цэндэм багшийнхаа оролцоо, үүргийг, миний амьдралд ямар роль үүрэг гүйцэтгэснийг ойлгох, ухамсарлах нас минь болоогүй л байж дээ, одоо бодоход.

Гэртээ очоод удаагүй байтал ангийн багш нас барсан тухай мэдээ ирж, аав, ээж хоёр минь багшийг хөдөөлүүлэхээр сум явж билээ. Тэр цагт үхэл хагацал бага байсан ч юмуу, эсвэл хүүхдүүдэд тийм юм үзүүлдэггүй байсан ч юм уу, намайг авч яваагүй юм. Одоогийнх шиг үхлийг баяр цэнгэл болгодоггүй байв.

Ангийн багш минь бурхны орноос биднийгээ харж, дэмжиж ивээсээр л байдгийг цагийн эрхээр ухаарч л явна даа, шавь нь. Бид энэ жил таньтай хамт өнгөрүүлсэн найман бүтэн жил, таны дунд ангийн багш болсны анхны төгсөгчид тань төгсөлтийнхөө 40 жилийн ойгоо тэмдэглэхээр ярилцаж, өдөр хоногоо товлоод байна.

Баярлалаа багш тандаа. 

Цагаангууд Баяр.
2019 оны хавар
Улаанбаатар хот. Баруун Алтан-Өлгий дахь эдлэндээ