Энэ 7 хоногт
Буурин бичээч: БИД буюу “Хүн төрөлхтөн”

БИД буюу “Хүн төрөлхтөн”
Одод Оршихуйд мэндлэх галан шуургат он жилүүд. Он жилүүд байхдаа ч яахав дээ. Хэдэн тэрбум жилүүдийн тухай яриа шүү, уучлаарай. Бидний мэдэх цөмийн дэлбэрэлтээс хязгааргүй дахин хүчээр тэсэрсэн ИХ ТЭСРЭЛТ буюу BIG BANG-ийн тухай л дүрсэлмэр аядах гээд. Тэнгэрт 13,7 орчим тэрбум жилийн өмнө болсон тэрхүү үйл явцыг одоогийн дэлхийн хүмүүс бид яаж ч хичээгээд бүтэн зургаар нь харж чадахгүй. Зүгээр л бодож ч үл чадам, зөвхөн хязгааргүй гэдэг үг л ашиглах боломжтой хийсвэр орон зай, хязгааргүй масс, хэмжээлэшгүй хүчний тухай яриа учраас шүү.
Одоо харин тэр үеийг дотроос нь төсөөлөх гээд оролдох уу?...хэдүүлээ. Яахав, тархин дотроо л доо. Манай Оршихуйд анхны одод үүсэх нөхцөл бий болох хүртэл үргэлжилсэн халуун цөмийн урвал, галан улаан шуурга лав л хэдэн тэрбум жил шуурсан. Галактикууд үүсээд ойролцоогоор 9 орчим тэрбум жил болсон гэж үзвэл шүү. Тэгээд манай дэлхийн эх жижигхээн хөөрхөн нар маань үүсэж бий болтлоо бас дахиад 3 орчим тэрбум жил зарцуулсан байх юм. Таталцалын хүчээр бөөгнөрсөн халуун хайлмалууд царцаж хатуу биетүүд үүстлээ ахиад л тэрбум гаруй жил. Дэлхий гаригийн эх үүстлээ гэсэн үг. За энэ үе хүртэл ямартай ч уургаас голлон бүтсэн бодгаль биетэй амьтай зүйл энэ орчлон хорвоод, Оршихуйн эх даяар лав л байх боломжгүй байсан, гээд үзчих үү дээ хэдүүлээ. Галан шуурга дундуур нисэж явах харийнхан байгаагүй байх өө, гэсэн таамгаар л бичиж байгаа юм шүү.
Нар маань шинэхэнээрээ дүрэлзэн сацарч, гаригууд маань түүнийг тойрон жагсаалаа олж, огторгуй тайвшран орон зай тэлж, Оршихуй өөрөө ороонги хөдөлгөөндөө нэгдэн эхлэх үес гаригсын дунд үнэт алмааз мэт гялалзах ховрын ховор усан мандалт гаригууд энд тэнд бий болсны нэг нь бидний дэлхий гэнэм. Хоосон дэлхий, гэхдээ устай. Энд амьтан байгаагүй, ургамал ч байгаагүй. Энд сүнс ч байгаагүй,Амь ч байгаагүй. Ердөө л хоосон дэлхий. Юу ч үгүй хоосон... Тайвшраад удаагүй байгаа Оршихуй даяар ноёлсон яг адил дүр зураг хаа сайгүй. Ердөө л хөндий хоосон хязгааргүй ертөнц. Гэтэл хэзээ ч юм гэнэт хаа нэгтэйгээс үл таних дуун гарч Оршихуйн ороонги хөдөлгөөний эсрэг чиглэх бяцхан биетүүд галактикаас галактик хооронд, гаригаас гаригийн зүг рүү нисэлдэх болсон нь ажиглагдсан гэнэ. Бурхад гэж нэрлэсэн л дээ, хожмын хүмүүс тэднийг. Өнөөгийн бидний ойлголтоор бол харийнхан гэх байх. Гэхдээ тэд хаанаас гараад ирэв?... Шуурган улаан эрчис Оршихуйг эргүүлж байхад галан улаан тэнгис тэнгэрээр цалгиж байхад хаана нуугдаж үлддэг билээ?... тэдгээр харийн биетүүд, үнэхээр хачин шүү. За тэгээд түүнээс хойшхи түүхийн хүмүүс багцаагаар мэднэ.
Дэлхий гаригийн усанд амьдралын эх булаг нахиалж, амь болоод сүнстэй амьтан ургамлууд үүслээ. Хөгжил дэвшилд хөтлүүлсээр хүн биетэй болсныг нь сэтгэх чадвартай болгож ухаант хүмүүсбойжууллаа. Зарсан хугацаа нь харин жаран зуунаар биш сая тэрбумаар тоологдсон нүсэр ажил болж. Ээ бурхаан... Үүнийг танаас өөр хэн чадна гэж?... Хэн энэ хязгааргүй Оршихуйг бүтээж, мань мэтийн ухаантай гэхэд тэнэг, тэнэг юм уу гэхээр ухаантай ч юм шиг хоорондоо дайсагналцсан хүн дүртнүүдийг бий болгочихов оо?... Өөрийнхөө гэрийг устган зарж, өрөөлөөс өрсөн баяжих сэтгэхүйтэй жинхэнэ тэнэгүүд БИД нээс өөр энэ дэлхий дээр алга. Магад өөр бусад гаригууд дээр ч байхгүй л болов уу. Ингэхэд нээрээ, аль ч хэлтэй, хэн гуай ч мэдэх Бурхан гэх энэ үг, хүмүүс бидний сэтгэхүйд хэзээнээс нэвтэрсэн юм бол оо?... Мэдэх хүн байна уу?... Хэн нэгэн хариу өгөөч...
БУРХАН... Энэ яг юу вэ?... эсвэл хэн бэ?... Үнэхээр биднийг бүтээсэн үү?... Эсвэл... За за... тэгээд бүтээсэн ч байг, үгүй ч байг хэнд хамаатай юм, яршиг цаашаа. Намайг зовж явахад аварч туслаагүй бурханд итгэсэн ч яалаа, байсан ч яалаа. Дийлэнхи хүмүүсийн бодол л доо, энэ. Нээрэн ч юм шиг. Гэхдээ би хувьдаа Бурхан гэж хэн бэ?.. гэхээсээ илүү БИ гэж хэн бэ?... гэж л асуудаг, хайдаг болсон. Өөрийнхөө учрыг олж чадахгүй байж бурхан хайгаад яахав дээ. Тийм биз дээ?... Тэгээд БИ-гээ хайсаар байгаад БИД хэн юм бэ?... гэж боддог болоод байна, сүүлийн үед. БИД буюу ХҮН ТӨРӨЛХТӨН...
Миний л мэдэхээр бараг 10000 жил хоорондоо зодолдлоо. Булаалдлаа. Тэмцэлдлээ. Бие биенээ үхүүллээ. Дарлалаа. Мөлжлөө. Дайсагналцлаа. Дуусах янз алга. Хэзээ болтол үргэлжлэх юм бол оо?... Мэдэх хүн байна уу?... Хариулах хэн нэгэн байна у?... Хань олдвол хамтдаа заргалдах гэсийн, тэр бурхантай. Яах гэж ийм хачин амьд биетүүд бүтээсийн?... гэж... Хайр нь хайччихсан юм?... Энэрэлээ хаашаа нуучихав?... энэ хүмүүс чинь... Лав л ачит бурхан таны бүтээхийг хүссэн ухаант хүмүүс биш болсон шүү, гэж сануулдаг ч юм уу... гэж бодох болсон, сүүлийн үед. хэхэ. За за тэгээд буянаараа болог. Би л лав бодлоо зогсоохгүй. Хань олдвол хамтарна. Хэм нийлвэл эелнэ. Надтай адил тэнэгүүд байвал ганц сэтгэгдэл үлдээчихээрэй. Энэ хүртэл уншсан хэн гуай танд гялайлаа.
2026-01-30

