Энэ 7 хоногт
“Дархлаа”-гаа дархалъя!

“Дархлаа”-гаа дархалъя!
(санал дэвшүүлсэн нийтлэл)
Наадмын өглөө.
Буурал өвгөн тэнгэр шинжиж, бараан зүсмийн морь түрүүлэх нь ээ хэмээн шивнэнэ. Уяач эр хурдан хээрийнхээ магнайг илнэ. Унаач охин нь догдолно. Хүлэг морь тогтож ядан дүүхэлзэнэ. Монголын тал нутагт адуу үүрсэнэ. Адууны соёлтой Монгол.
Улсын наадамд гурван удаа дөрөв давсан аймгийн хурц арслан гүн бодолд автана. Нас ахимаг бөх нутгийн залуугаа зоригжуулна. Саруул сайжрах заан элэг бүсээ чангална. Бөхчүүд эрэмбээ даган эгнэнэ. Хүчирхэг Монгол.
Өмнөх наадмын түрүү харваач гараа атгаж сунган дасгана. Итгэлтэй гэж жигтэйхэн. Ач хүүгээ дагуулсан дархан мэргэн намбатайхан алхана. Идэр харваачид нумаа татаж байн байн шалгана. Хараатай Монгол.
Залуухан аав үрээ тэвэрч, гэргийдээ сугадуулан наадмын талбайг зүглэнэ. Наадмаараа гоёсон Монголын ирээдүй нүүр дүүрэн алхацгаана. Монголын дархлаа.
Энэ бол Монгол наадмын энгийн төрх, ганган дүрслэл. Наадам бол Монгол үндэстний оюун санааны дархлаа, язгуур чанарын илэрхийлэл, эв нэгдэл, эгнэгт оршихуйн баталгаа нь билээ. Наадам биднийг нэгтгэж, Монгол хүн болж төрснөөрөө бахархах баяслыг авчирдаг. Наадам бол дан ганц тусгаар Монгол Улсын иргэн бидний баяр байгаад зогсохгүй хувь заяаны эрхээр, аргагүйн “шаардлагаар” дэлхийгээр тархан суусан бусад Монгол угсаатнуудад маань үндэс язгуураа гэсэн сэтгэлийг нь дэвтээж, итгэлийг нь сэргээжээ. Наадам тэдэнд Монголын тал нутгаа жилдээ нэг удаа зорих “хүндтэй шалтгаан” нь болжээ. Өвөрмонгол, Буриад, Тува, Халимаг, Шинжааны Монголчууд язгуурын гал голомтоо сахьсан Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатарт цуглацгаана… Хөдөө нутгаа ч зорино…
“Наадам”-аа эрх зүйгээр дархалъя!
Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж, 12 дугаар зүйлийн 2-т “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” гэж тус тус заасан. “Наадам” бол Монголын ард түмний түүх, соёл, уламжлалыг хадгалж, эв нэгдлийн илэрхийлэл нь болж байгаа тул Монгол Улсын Үндсэн хуульд “наадам”-аа албан ёсоор тусгаж өгөх нь зүйтэй байна.
Тодруулж хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “наадам” гэж нэмэх, 12 дугаар зүйлд “наадам”-аа тодорхойлж өгье. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимид гуайн онцолсон “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол”-д “наадам”-аа оруулъя. Эрх зүйн хүрээнд ингэж дархалъя.
Монгол Улсад үндэсний их баяр наадам, аймаг, сумын наадам, цэргийн наадам зохион байгуулах харилцааг Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулж байна. Гэхдээ энэ хуулийн зорилт нь зөвхөн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх, зохион байгуулах, улсын цол чимэг олгох харилцаагаар хязгаарлагдаж байгаа нь харамсалтай. Баяр наадмаа өргөн хүрээнд сэтгэж, жинхэнээс “дээш нь шидэж” өгмөөр байна.
Баяр наадмын төрийн ёслолын арга хэмжээ сайхан болдогийг онцлох хэрэгтэй. Төрийн есөн хөлт цагаан тугаа Төв цэнгэлдэхэд залах, Ерөнхийлөгч нээлтийн үг хэлэх, Төрийн дуулал эгшиглэх, наадмын хаалтын дараа Их цагаан тугаа Төрийн ордонд буцаан залах зэрэг протоколоор зохицуулсан ёслолын үйл ажиллагаа ямар ч алдаа мадаггүй өрнөнө. Гайхамшигтай. Сэтгэл огшоосон мөчүүд.
Харин наадмын нээлтийн урлагийн арга хэмжээнээс эхлээд анхаарах зүйлс бишгүй. Баяр наадмыг зохион байгуулах комисс маань Баяр наадмынхаа нээлт, ялангуяа нээлтийн урлагийн арга хэмжээний найруулга дээр голчлон анхаарсаар ирсэн ч учир дутагдалтай хэвээр. Баяр наадам нэгэнт Монголын ард түмний түүх, соёл, язгуур, уламжлалыг бэлгэдэж байгаа тул улсын наадмын нээлтийн үзүүлбэрт Монгол уртын дуу, морин хуур, ардын бүжиг, хөөмий, түүнчлэн нүүдлийн соёл иргэншлийн агуулга чанар адуу, тэмээгээ заавал оролцуулдаг байх талаар хуульчилъя. Баяр наадмыг зохион байгуулах комиссын дэргэд брэндингийн мэргэжлийн зөвлөх багтай байж болохоор оруулъя.
Баяр наадам бол зөвхөн Улаанбаатарт өрнөх нэг удаагийн эвент биш юм. Үндэсний их баяр наадмын тухай хуулиа шинэчлэн найруулж, улсын баяр, аймгийн баяр, сумын баяр наадам хэрхэн уялдах, нэгдмэл утга санаа, ёс зүйн болон бэлгэдлийн хэм хэмжээг харилцан яаж агуулах талаар тодорхой зааж өгмөөр байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 90 жилийн ойн баяр наадмын нээлт дээр төрийн 9 хөлт цагаан тугийг дууриалган хийж, төрийн ёслолын адил залахаар оролдож, морьд туйлж, Морьтон Монголчууд олноор мориноосоо унаж, туг сүлдээ унагаж, нийтийн шившиг болсон явдал хуучраагүй байна.
Түүнчлэн улсын өндөр цолтой ид бөхчүүд нутаг усаараа, найз нөхдөөрөө зохион байгуулж, аймаг, сумын наадмаар “зочилж”, цолны даваанд олноороо найрч, бөхийн нэр, эрийн жудгаа гээж, наадамчдаа доромжилж байгааг зогсоох цаг нэгэнт болсон. Бидний ёс суртахуун “Наадам”-аа бөхчүүдээсээ хамгаалах хүртэл доройтжээ.
Хурдан морины уралдаанд эрлийз шүдлэнгээ соёолон насанд сойж, түрүү хүртэн, наадам будлиантуулж, түүнийгээ нутаг алгасан давтаж яваа уяачдаа ч цэгцэлмээр байна. Наадам бол Монголчууд бидэнд ёс суртахууны хэм хэмжээгээ сахих жишиг, ёс зүйн байнгын сануулга нь байх учиртай.
Иймд Улсын баяр наадмын тухай хуулиа өргөн хүрээнд шинэчлэн найруулъя.
Наадмаа эдийн засагжуулж дархалъя!
Наадам бол Монгол Улсын брэнд. Жил бүр наадаж наргиад, цэнгэж баярлаад өнгөрөх нэг удаагийн үйл явдал биш. Наадмаараа наадсан шиг наадаж, баяр бахдалаа төрүүлж, үндэстний эв нэгдлээ бэхжүүлж, дагаад эдийн засгаа өсгөж, тууштай хөгжүүлмээр байна.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны судалгаагаар, Монгол Улсад 2025 оны байдлаар 850 мянган орчим жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 5 гаруй хувиар өссөн үзүүлэлт ажээ. Гадаадын жуулчдын оргил үе нь 7 дугаар сард буюу дунджаар 120-130 мянган жуулчин ирдэг байна. Засгийн газраас Welcome to Mongolia бодлогыг GoMongolia брэндингийн дор хэрэгжүүлж, жилдээ 1 сая жуулчин хүлээн авахаар зорьж байгаа үед жуулчны оргил үеэ ашигласан шиг ашигламаар байна.
Гэтэл төв цэнгэлдэх хүрээлэнгийн маань хүчин чадал, багтаамж зах зээлийн эрэлт, хөгжлийн чиг хандлагаа нэгэнт дийлэхгүй болжээ. Үндэсний цэнгэлдэх хүрээлэн 1958 онд БНХАУ-ын тусламжаар баригдаж, улмаар 1971 онд Цэнгэлдэхийн төв асрыг манай тал өөрийн хөрөнгөөр барьж гүйцээжээ. Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнг 1990 онд Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгосон ч, зах зээлийн шуурганд хөлөө олж чадаагүй, нийслэлд орлого оруулахгүй байсан тул 1993 онд 51 хувийг нь хувьчилсан байна. Гэвч хувьчлалын зорилго, анхны нөхцөл хэрэгжээгүй, улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчигдсөн байсан тул 2024 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авчээ.
Төв цэнгэлдэх хүрээлэн маань 12 мянган хүний суудалтай, 1 мянган автомашины зогсоолтой. Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын судалгаагаар, зөвхөн наадмын нээлтийг биечлэн үзэх хүсэлтэй гадаадын жуулчдын тоо 15 мянга гэж гарчээ. Гэвч гадаадын жуулчдад 2 мянга гаруй билет л “олддог” аж. Эдийн засгийн алдагдсан боломж, эргэж ирэхгүй орлого, бизнесийн хүлээх алдагдал ямар хэмжээнд байгааг төсөөлөхөд л харамсал төрнө. Алсаас зорьж ирээд наадмын нээлт үзэж чадахгүй буцна гэхээр…
Уг нь Засгийн газраас олон улсын жишигт нийцсэн, үндэсний онцлог хэв шинж бүхий 30-40 мянган хүний багтаамжтай "Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн"-г Үндэсний их баяр наадмаас гадна улсын болон олон улсын хэмжээний спортын төрөл бүрийн тэмцээн, наадам зохион байгуулах, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах боломжтой байдлаар төлөвлөж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр барьж байгуулахаар 2019 онд 315 дугаар тогтоол баталсан боловч хэрэгжсэнгүй, улмаар уг шийдвэрээ 2023 оны 162 дугаар тогтоолоор хүчингүй болгожээ. Монгол төрийн шийдвэр залгамж чанаргүй, урт насгүй байгаа нь даанч харамсалтай.
Өнгөрсөн 2025 онд наадмын билетээ цахимаар 7 сарын 02-ны өглөө 07.00 цагаас борлуулж эхэлсэн ч 8 цаг гэхэд бүрэн дуусчээ. Хэдийгээр цахимаар зохион байгуулж, нэг хүн хоёроос илүү билет авах боломжгүй гэж байсан ч, “наадмын билетийн шаг” арилсангүй, 100-150 мянган төгрөгийн үнэтэй билет 400-500 мянгад хүрч дамлагджээ. Эндээс наадмын нээлт үзэх эрэлт хэрэгцээ ямар их байгааг харж болно.
Наадмын нээлтийн урлагийн тоглолтыг орой нь давтан зохион байгуулдаг болсон ч, энэ нь наадам үзэх мэдрэмж илэрхийллийг өгч чадах уу гэдэг асуулт хариулт нэхнэ. Наадмын нээлт үзэх хүслээ гүйцээж, шагийн билетээр ч болов орохоор зүтгэх үзэгчдийг хүндэтгэх сэтгэл төрнө. Жилд ганцхан болдог наадам маань өргөн дэлгэр, наадамчиддаа хүрэлцээтэй байвал болох гээд байна. Засгийн газраас Төв цэнгэлдэх хүрээлэн барих шийдвэрээсээ буцсан шийдвэрээ эргэн харна гэдэгт итгэнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгээ шинээр барьж байгуулахаас нааш наадмын эдийн засгийн үр шимийг бүрэн хүртэж чадахгүй ээ. Зах зээлийн эрэлтэд нийцүүлж, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа харгалзан 30-40 мянган хүний шинэ цэнгэлдэх яаралтай бүтээн байгуулах нь эдийн засгийн бодит секторт хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын хөгжилд дорвитой хувь нэмэр болно. Хийх л хэрэгтэй.
Үндэсний их баяр наадамд зориулж улсаас төсөв баталдаг. Наадмын төсөв 2010 онд 640 сая, 2011 онд 1.3 тэрбум, 2012 онд 870 сая, 2013 онд 1.5 тэрбум, 2014 онд 2.2 тэрбум байсан бол 2015, 2016 онд тус бүр 2.9 тэрбум, цааш жил бүр нэмэгдсээр 2025 онд 4 тэрбум төгрөг зарцуулжээ. Үүнд аймаг орон нутгийн төсвийг оруулвал багагүй дүн гарч таарна. Улаанбаатар хотоос 2025 онд гэхэд 5 тэрбум төгрөгийг наадмын үйл ажиллагаанаас олно, эргүүлээд зарцуулна гэж тооцжээ. Зардал гаргаж орлого олно, хөрөнгө зарцуулж байж үнэ цэнэ бий болгох нь тодорхой. Наадмын төсвийн үр ашиг, зарцуулалт, зардлын харьцаанд дүн шинжилгээ хийсэн нарийн судалгаа одоогоор алга. Үр дүнтэй байвал наадмын төсвөө нэмэгдүүлсэн ч болно шүү дээ. Сэтгэлгээ, хандлагаа өөрчилцгөөе. Наадмынхаа нээлт, зохион байгуулалтаа олимптой ойртуулах гээд хичээгээд үзье. Олон улсад олимпын наадамд .. сая долларын зардал гаргаж, … сая долларын орлого оллоо, … сая хүн үзэж сонирхлоо, энэ удаагийн олимпын онцлог, ололт амжилт гээд ил тод тайлагнаж байдаг шиг наадмынхаа орлого, зарлагыг тооцдог болцгооё. Тоо худал хэлэхгүй.
Том брэнд жижиг брэндээ төрүүлж дагуулдаг гэдэг. “Наадам” брэндээ дагаж “Монгол хуушуур” брэнд хөгжиж байна. Наадмын нээлтээ үзчихлээ, хуушуураа идчихлээ, айргаа уучихлаа, одоо бөхөө тухтай харна аа гэх, эсхүл Хүй 7 руугаа давхина аа гэсэн наадамчид олон. Наадам бол дотооддоо жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх боломж, хөгжих орчин нөхцөл нь юм шүү. Төрийн далбааны өдөр, Дээлтэй Монгол өдөрлөг, Дэлхийн адууны өдөр гэх зэргээр наадамтайгаа уялдуулж хөгжүүлэх, гадаадын жуулчдыг татах, эдийн засгийн эргүүлэг үүсгэх тусгай зах зээлүүд тод харагдаж байна.
Швейцарийн Давос хот жилдээ “Дэлхийн эдийн засгийн форум” хийж эдийн засгаа тэтгэж байдаг шиг, Улаанбаатар хот төрийн наадмаа амжилттай зохион байгуулж, эдийн засгаа тэлэх боломж дүүрэн байна. Улаанбаатар гэлтгүй аймаг, сумдын удирдлагууд ухаалаг, уян хатан стратегиэр ажиллаж чадвал “наадам”-аа эдийн засгийн эргэлтэд оруулж, орлогоо нэмэгдүүлж, үнэ цэнээ өсгөж болох юм. Олон улсын нислэг хүлээн авдаг болсон Хөвсгөл, Өмнөговь аймгууд эхлэх хэрэгтэй. Ах дүү муж, тойрог, хот, тосгодууд байдаг даа.
Олон улсад цахим эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө цагт бид наадмаа эдийн засагжуулж, наадмын төрөлжсөн контентүүдээр “бөмбөгдмөөр” байна. Зургаан насны морьд 15-25 км тууш зайд уралддаг тухай, 5-12 насны хүүхдүүд унаж өрсөлддөг тухай, 512-1024 бөх жин харгалзахгүй, орон зайд баригдахгүй барилддаг тухай гээд гадаад хүмүүс гайхах, сонирхох факт баримт ихтэй дээ манай наадам.
Энэ бүхэн эргэлдүүлж чадвал эдийн засаг юм шүү дээ.
Наадмаа дэлхийд тунхаглаж дархалъя!
“Монгол наадам бол Азийн олимп юм” гэж Унгар улсаас манайд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Анна Борбала онцолсон байдаг. Монголын түүх судлаач Унгар эрдэмтэн тэрээр манай “наадам”-ыг “олимп”-той тун онож зүйрлэжээ. Олимп эртний Грект анх 5 төрөл дээр үүссэн байдаг бол манай эрийн 3 наадам, одоо цагт шагайн харваа нэмэгдээд 4 төрлөөр хөгжиж байна. Бахархалтай.
Монголчууд бид наадмаа ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад бүртгүүлж чадсан ард түмэн. “Наадам” гэдэг үг гадаад хэлэнд орчуулах шаардлагагүйгээр шууд ойлгогдож, хэрэглэгддэг болжээ. Манай улсад суугаа Элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд, олон улсын байгууллагын албан тушаалтнууд, Монголын найз гадаад нөхөд бүгдээр “Happy Naadam” гэж мэндчилж, ерөөж хэвшжээ. Яг Happy New Year гэдэг шиг л... Энэ торгон мэдрэмжийг авч “Happy Naadam” тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлмээр байна.
Дэлхийд хагийн том эзэнт гүрнийг үндэслэн байгуулсан Чингис хаан бол “Хаадын хаан” байсан. Чингис хааны үр хойчис Монголчууд бид Их хаанаа хүндэтгэн Төрийн баяр наадмаараа “Наадмын зочин хаан” урьдаг уламжлалыг тогтоож байгаа нь талархалтай. Энэ санаачилгыг түүчээлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, Гадаад харилцааны яамны мэргэжлийн хамт олонд талархаж байна.
Монгол Улсын төрийн наадмаар 2024 онд Бутаны хаан, 2025 онд Японы эзэн хаан айлчилж, Монгол Улсыг, Монголчуудыг, Монголын түүх соёлыг дэлхийд сурталчилж, ард түмнүүдийн найрамдлын бэлэг тэмдэг боллоо. Наадмаа бид гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаанд ухаалгаар ашиглах энэ бодлогыг “Наадам дипломаси” гэж нэрлэмээр. Энэ талаар урьд нэлээд бичсэн тул түр орхиё.
Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой 2026 онд тохиож байна. Их ойгоороо аль улсын хааныг урьж айлчлуулах вэ гэдэг дээр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам нухацтай хандаж байгаа байх аа. Монгол Улсад наадмаар айлчлах гадаад улсын төрийн тэргүүн хаадын цуваа тасрахгүй ээ. Их Британи, Норвеги, Швед, Дани, Люксембург, Нидерланд, Испани, Монако зэрэг Европын орнууд, Саудын Араб, Катар, Кувейт зэрэг Арабын орнууд, Тайланд, Бруней, Малайз гээд Азийн улсуудын хаад Талын Монголд наадмаар зочилно. Улс үндэстнийхээ дархлаа болсон хаад Монгол Улсад, Чингис хааны гал голомтод үндэсний баяраар зочлох хүсэлтэй байх нь мэдээжийн хэрэг. Сайхаан сайхан. Монгол Улсад наадмаар зочлох “хаан”-ыг тухайн жилийн эхэнд “тогтсон хугацаа”-нд олон улсад сүр жавхлантайгаар зарлах, энэ талаар хүлээлт үүсгэх, тухайн улсаас манай улсад “хаанаа дагаж” аялах, сонирхох тусгай зориулалтын жуулчдын урсгал бий болгох, наадмын дараа айлчлалын мөрөөр богино хугацаанд хурдтай ажиллах, хоёр талын хамтын ажиллагааны шууд стратеги хэрэгжүүлж чадвал Монголын хөгжилд жинтэй хувь нэмэр болно. “Наадам дипломаси” үр шимээ өгнө.
Наадам бол гадаадад байгаа 200 гаруй мянган монголчуудаа эх орондоо татах “сэтгэлийн соронз”, нөгөө талаар тэднээрээ дамжуулан Монгол соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлэх зөөлөн хүчний ухаалаг бодлогын тулгуур байж болно. Эх нутгаа, элгэн саднаа санасан Монголчууд наадмаараа ирж элгээ дэвтээн сэтгэлээ тайтгаруулж, бүтэн жилийн энергээ авдаг нь лавтай. Гадаадад байгаа Монголчууд маань Сөүлийн наадам, Бельгийн наадам гэх зэргээр өөр өөрийн өнгө аясаар наадмаа зохион байгуулж бас заншжээ. Сайхан зүйл. Энэ тогтсон уламжлалыг
дэмжих хэрэгтэй. Харин УИХ-ын зарим гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, гадаадад зохион байгуулсан наадмын бөхийн барилдаанд цол олгохоор зүтгэж байгаа нь харамсалтай. Монгол наадмынхаа язгуур мөн чанарт урт хугацаандаа харш энэ ташаарлыг зогсоох хэрэгтэй.
Чингис хаан бол Монгол Улсын, Монголчууд бидний “хамгийн том брэнд”. Наадам брэндээ Чингис хаантайгаа уялдуулж олон улсад сурталчилъя. Чингис хааны төрсөн дүү Бэлгүтэй бөх барилддаг байсан тухай, Чингис хааны ач дүү Есүнгэ мэргэн 335 алд газар харваж оносон талаар гээд бидний өвөг дээдэс наадам хийж ирсэн түүхэн баримт олон. Чингис хаан, түүнийг залгамжлагч хаад 25-30 км тутамд морин өртөө байгуулж, өртөөнд тэнцэх морьдоо уралдаанаар шалгаж авдаг байжээ. Их насны морьд 25 км зайд уралддаг нь өртөө хоорондын 25 км зайтай давхцаж байгааг анзаарч байна уу. Өртөө байгуулсан нь шуудан холбоо харилцааг хөгжүүлж, өнөөгийн дэлхий ертөнцийн хөгжлийг түргэтгэсэн юм гэж үздэг судлаачид бий. Тэгэхээр Монгол наадам бол гүн утга углуургатай, олон улсад сурталчлан таниулахад ч урамтай брэндинг байх болно.
Төгсгөлийн хэсэгт
Наадам бол Монгол үндэстний оюун санааны дархлаа, язгуур чанарын илэрхийлэл, эв нэгдэл, эгнэгт оршихуйн баталгаа нь билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар “Эзэн Чингисийн нутагт байх Монгол наадам мину зээ” хэмээн шүлэглэсэн байдаг.
Монголчууд аа! “Наадам”-аа “Үндсэн хууль”-даа тусгаж, “Наадам”-аа эдийн засагжуулж, “Наадам дипломаси” бодлого, “Happy Naadam” хөтөлбөрөө хэрэгжүүлж наадмаа тунхаглан дархалъя.
Баярмагнай овогтой Батбаатар

