Монголчуудын төр, шашны уламжлалыг Хархорум шиг өнгөрсөн үеийнхээ амьд түүхээр бүрэн төгс илтгэн харуулсан газар Монголд бараг байхгүй буй заа. Ийн бодохуйд Хубилай хаан, Пагва лам Лодойжалцан нарын үндэслэсэн төр, шашныг хослон хөгжүүлэх зарчим өөрийн эрхгүй санаанд орно. Энэ газар нэгэн үе Монголын Их эзэнт гүрний нийслэл, тэгэхдээ бүр янз бүрийн шашны төлөөлөгчид хоорондоо чөлөөтэй ном хаялцан мэтгэлцдэг хот байжээ.