Улаанбаатарт шөнийн 3 цаг болж байна, ид шүлэг нойрын цаг. Хот амгалан нойрсоно. Хуримын ордон. Хос залуус хуримаа хийнэ. Тэдний амьдралын хамгийн гайхамшигтай мөч. Хөөе, яадаг тархинууд вэ эд нар чинь, арай галзуураагүй биз дээ, хүн унтаж амрах цагаар хуримаа хийж зогсдог, арай худлаа байлгүй дээ. Үнэн байлгүй яахав, залуус хуримаа хийгээд зогсож байна.
Жил бүрийн намар ганцхан удаа тохиох “Намрын дунд сарын арван долоон” хэмээх энэ өдөр Улаанбаатар хотын Хуримын ордон хорин дөрвөн цагаар завсар чөлөөгүй ажиллаж зуу гаруй хосыг бүртгэн ёслол үйлдэнэ. Зарим үед бүр 130 хосыг хүртэл энэ өдөрт амжуулан гэрлүүлдэг гэнэ. Энэ өдөр нь манай лам болоод зурхайч нарын хэлдэгээр “Балжинням Дашням давхацсан өлзий буянт сайн өдөр”. Энэ өдөр л хуримаа хийгээд авбал маш сайн гэх. Гэхдээ хэрэлдэж бариад салахаа хүрвэл ямар ч сайн өдөр хуримаа хийгээд нэмэргүй гэнэлээ.
Ав адилхан энэ олон өдрүүдийг яахаараа заримыг нь сайн, заримыг нь муу өдөр гээд байгаа нь үнэндээ тун ойлгомжгүй асуудал билээ. Уг нь дэлхий ертөнцөд бороотой, шороотой, шуургатай, хүйтэн, дулаан өдрүүд л гэж бий. Алтан нар хэнийг маань ч ялгахгүй илч гэрлээ адилхан түгээдэг шиг бүх өдөр бас ялгаагүй билээ. Бараг цаг агаарын төлвийг харж байгаад л хамгийн дулаахан, шороогүй, цэлмэг өдөр нь хуримаа хийхээр товлочиход болох мэт. Манайхан л “Баасан ахын төрсөн өдөр” гээд байхаас хурим найр хийхэд хамгийн сайн өдөр бол баасан гариг юм. Яагаад гэвэл маргааш нь амралтын өдөр учир сайхан амарчихна, ажлаа тасална барина гэсэн зовлонгүй. Гэтэл тэгдэггүй гэнэ, хэрхэхийг маань лам зурхайч нар шийддэг гэнэ. Хорин нэгдүгээр зуунд ийм мухар сүсэг амь бөхтэй оршсоор байгааг гайхаад баршгүй.
    Миний нэг танил дажгүй боловсролтой, олон хүн удирддаг ухаалаг нэгэн бөлгөө. Гэвч тэрээр толгой дээрх үсээ хэзээ засуулахаа өөрөө удирдаж чаддаггүй нэгэн. Зурхайчдын хэлсэн сайн өдөр харж үсээ засуулна. Муу өдөр засуулваас нас нь ахар болно, өвчин орооно, хэрүүл ам ирнэ хэмээн сэтгэнэ. Бас тэр маань үсээ засуулах байтугай өөрийнхөө төрсөн хүүхдэд ч нэр өгөх эрхгүй хүн. Бөх зүрх гаргаад хүүхдэдээ өөрөө нэр өгчихвөл хүүхдэд нь муу хэмээн сэтгэнэ. Хүүхдээ өөрөө “хийсэн” мөртөө нэр өгөх ажлыг нь лам багш өмнөөс нь хийж өгдөг юм. Лам багш нь тэгээд хүүхдэд нь Лувсан, Дагва, Дулмаа гэх мэт утга нь ойлгомжгүй “гадаад нэр” хайрлана. Зүй нь монгол хүн гэдэг монгол л нэртэй байвал хичнээн сайхан билээ.

    Иргэн Лувсангийн ажил үйлс энэ жил жаахан тааруу бөлгөө. Телевизийн зараар Лувсангийн жилд төрсөн хүмүүс онцгойлон засал хийлгэхийг лам нар анхааруулсныг сонсоод очиж ном уншуулахаар боллоо. Хийдийн мөнгө хураадаг кассан дээр очоод Хийморийн сан 2000 төгрөг, Санжид моломын сэржим 5000 төгрөг, Амин золиг гаргах 15000 төгрөгөөр тус тус төлж нэрээ бичүүллээ. Мань хүн ингээд сүсэглэсэн боллоо, лам нар номыг нь уншсан боллоо. Гэхдээ зарим нэг бөөндсөн тохиолдолд тухайлан уншдаггүй гэсэн, уншлаа ч юуг өөрчилж чадахсан билээ. Лувсан л ном уншуулсан хэмээн өөрийгөө хууран сэтгэлээ өөрөө эмчлэх болохоос уншуулсан ном нь ердөө л шүлэг зохиол төдий зүйл юм. Үүнд нь ямар ч “ид шид” байхгүй билээ. Ухаандаа хүн хайрладаггүй хатуу сэтгэлтэй нэгэнд Очирбатын Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла” хэмээх шүлгийг нэгийг, харамч нь дэндсэн золигт бол Дөнгөтийн Цоодолын “Харамчийнхны дууль” хоёрыг, эцэг эхээ хайрладаггүйд нь бол Пунцагийн Бадарчийн “Эхийн сэтгэл”-ийг гурван удаа уншуулчихнаа л гэсэн санаа шүү дээ. Гэвч Лувсангийн ажил нь муу хэвээрээ л байлаа. Тэгэхээр нь гэртээ бүүр “аймаар” өндөр үнээр лам, бөө залсан болой. Уг нь тэрээр архиа уухаа болиод, ажил төрлөө сайн хийгээд, авгай хүүхдээ зодохоо больчихвол амьдрал ахуй нь өөдөлмөөр харагдаад байгаа юм.
    Улс төрч Дагва шашин номоо дээдэлдэг, бурхны үнэнч боол бөлгөө. Жижиг засал өөртөө хийлгэх байтугай битүүний өдөр хийдийн лам нарын хурлыг бүтнээр нь дааж, хооллож ундлан бөөнөөр нь ном хуруулах өндөр үнэтэй сүсэг үйлдэнэ. Бүүр хулгайлсан мөнгөнийхөө нэг хэсгээр илүү хөрөнгө мөнгө заран байж том бурхан ч хийж босгуулсан билээ. Бурхны сургаал уг нь бүү хулгайл гэнэ, бүү худал хэл гэнэ, хүнээс авахуулаад зургаан зүйл хамаг амьтныг хайрла гэнэ, амьтны амь бүү хороо гэнэ. Хөрөнгө мөнгө хий дэмий заралгүй худлаа хэлэхээ болиод, хулгайлахаа багасгаад, амьтны ам таслахаа зогсоон ан гөрөө хэмээх яргаллаа хийхээ л байчихвал хангалттай сүсэг болчих мэт. Магадгүй үйлдсэн нүглээ наминчилж бурхан шүтдэг байж болох талтайг харин үгүйсгэж боломгүй.
    Хатагтай Дулмаа сүүлийн үед Пүрэвбат ламтны лекцийг ихэд шимтэн сонссон бөлгөө. Лекцээс тэрээр суварга хэмээх дөрвөлжин хэлбэртэй шаврыг босгоод байвал муу зүйлээс аврагдана, нүгэл нь цайрдаг, хамгийн их буян хураана гэж ухаарч авчээ. Хэлбэр хийц, том жижиг, хот хөдөө хай сайгүй байх дөрвөлжин шавар босгох ажилд тэрээр ийнхүү татагдан орлоо. Эзгүй хөдөө хэвтэх хайран сайхан барилгын материалаар өнчин ядууст байр байшин барьж өгөөд орон гэртэй болгосон бол хамгийн их буян болж чадах байсныг тэрээр ухаарсангүй. Магадгүй Будда ч энэ үйлдэлд нь уурсаад түүнийг харж үзэхгүй байсаар байж мэдэх юм.
    Бидний уугуул шашин бөөгийн шашин. Гэвч бурхны шашин монголд хангалттай өөриймсчээ. Бурхны шашныг шинжлэх ухаанд хамгийн ойр шашин гэж хэлдэг. Энэ шашны мөн чанарыг ойлгохыг оролдох тусам муйхраар шүтэхээ болиод улам хүндлэн шүтмээр, дээдэлмээр санагдана. Гэтэл бид улам л мөн чанарыг нь үл ойлгосон, үгүйсгэсэн, гутаасан, харлуулсан талаас нь шүтсээр. Улам л шинжлэх ухаанаас нь холдуулсаар. Түүхээс харахад ч нийгмээрээ хэт их шашинд автах нь сайн зүйл биш бололтой байдаг. Гучин долоон онд лам нарыг алж л лам биш болгосон нь буруу байсан болохоос лам нарын армийг алга болгосон асуудал нь бол зөв л байсан харагддаг. Шашинд буруугаар хэт их автаад ирэхээр дэвшил биш мөхөл нь түрүүлж ирдэг. Гэхдээ шашин ямар нэг хэмжээгээр байх ёстой зүйл, харин энэ мухар сүсгийг дэвэргэдэг шашин уу, ай мэдэхгүй.
    Шашин шүтэлгүйгээр хүн сайн сайхан амьдарч болно. Хүн хүнээ хүндлээд, ан амьтан алалгүй, цэцэг навч таслалгүй, хулгай хийж худлаа хэлэлгүй амьдрах нь зөвийг ойлгохын тулд заавал шашинд төлбөр мөнгө төлөх ёстой гэж үү? Мөн яагаад ч нэмэргүй “буруу гарынхан” хичнээн мянга түмэн ном уншуулаад ч нүгэл нь нимгэрэх үү тэгээд? Хүн үхэхээс айна, ганцаардахаас айна, ажил төрөл нь бүтэлгүйтэхээс айна. Энэхүү айдас бол манай шашныхны гол “өгөөш” юм. Айдсаасаа өөрийн ухаан бодлоор салж чадахгүй байгаа бол шашин шүтэхээс яахав.
Гэхдээ айдсыг заавал шашнаар биш шинжлэх ухаанаар даван туулж болно. Шинжлэх ухаан гэхээр нэг их холын ч юм биш. Сэтгэл судлалын ухаан нь нийгмийн шинжлэх ухааны нэгэн салбар ухаан юм. Энэ мэргэжлийг эзэмшсэн сэтгэл судлаач хэмээх мэргэжил бий. Хүний сэтгэл гэдэг эмзэг, эмзэг учраас сэтгэл бохирдоно, энэ бохирдсон сэтгэлийг цэвэрлэх ёстой. Одоохондоо бид энэ талын асуудлыг лам нараар шийдүүлж байна. Гэхдээ хүмүүсийн боловсролын төвшин дээшлээд соёлжоод ирэхийн хэрээр лам руу мөнгө барьж гүйхээсээ сэтгэл зүйчид рүү хандан зөвлөлгөө авах нь олшрох биз ээ. Барууны орнуудыг харахад ч сэтгэл зүйч маш чухал мэргэжил байдаг. Тэгэхээр ирээдүйд лам нарын ажил багасахын хэрээр сэтгэл зүйчдийн ажил ихсэх нь байна шүү. Зурхай ч астраноми энэ тэрдээ ойр нь үнэн юм бол ламаасаа холдоод шинжлэх ухаандаа бас дөхөж ирэх ёстой байх.
Гэхдээ яахав, бас л хүний эрх хойно, нэг хэсэг маань лам руугаа мөнгөө бариад гүйсээр л байна биз, яахав ээ гүйцгээж л байг, эцсийн эцэст лам ч гэсэндээ орон гэр, авгай хүүхдээ тэжээх, амьдрах ёстой шүү дээ.

Д.Боролзой